Азид ч бас еврейчүүдийн авралын бурхан байжээ

Азид, тодруулбал Хятадад ч бас өөрийн гэсэн "Шиндлер" байсан тухай түүхийг CNN агентлаг уншигчдадаа сонирхуулсан байна. Тэрхүү Хятад Шиндлерийг еврейчүүд туйлаас хүндэлж явдаг тухай, дэлхийн хоёрдугаар дайны үеийн бараан жилүүдийн бас нэг аврагчаа хэмээн зүй ёсоор тооцдог тухай өгүүлсэн байна.

Фэншань Хэ хэмээх хятад эр 1932 онд Мюнхений их сургуулийг төгсөөд Туркт дипломат нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж байгаад 1937 онд Австрийн нийслэл Вена хот руу шилжжээ. Дараажил нь Гитлер Австрийг эзэлсний дараа Фэншань Хэ Вена дахь Хятадын Элчин сайдын яамны Ерөнхий консул болж, албан тушаал ахисан байна. Тэр үед Австри улсад 200 гаруй мянган еврей оршин сууж байсан бөгөөд дэлхийн II дайны жилүүдэд фашизмын түрэмгийллээс зугатахыг хичээж байв.

Харин Феншань тэр үед үүргээ гүйцэтгэх хугацаандаа Шанхайн виз гарган өгөх замаар олон мянган евречүүдийн амь насыг Гитлерийн байгуулсан Нацист Германы еврей үндэстний эсрэг үйлдэж байсан аймшигт яргалал, алан хядлагаас аварсан байна.

Гэвч, түүний энэхүү баатарлаг үйл хэрэг нас барсных нь дараа л олон нийтэд ил болжээ.

Хо Феншань 96 насандаа хорвоог орхихдоо энэ “нууцаа” өөртөө аван одсон юм. Түүнийг нас барахад нь нутаг нэгтнүүд нь бус хилийн чанад дахь еврейчүүд ихээр эмгэнэл илэрхийлэхэд нь л тэд ямар гавьяатай хүнтэй нэг дор амьдарч байснаа мэджээ. Тэрбээр өөрийн урт удаан, ухамсарт амьдралынхаа туршид Дэлхийн II дайны үед үйлдсэн батаарлаг үйл хэргийнхээ тухай өөрийн эхнэртээ ч, үр хүүхдүүддээ, найзууддаа ч ганц үг дурсаж байгаагүй гэнэ.

Түүнийг одоо 1200 еврейчүүдийг амь насыг аварсан Оскар Шиндлертэй зүйрлэн “Хятадын Шиндлер” гэж нэрлэх нь ч бий. Хятадын Нанжины Их Сургуулийн Еврей судлалын профессор Цу Шинь “Өнөөгийн байдлаар, ноён Хо 5000 гаруй еврей хүмүүсийн амийг аварсан гэсэн тоо байна. Магадгүй ноён Хог еврейчүүдийг аврахын тулд бодит арга хэмжээ авсан анхны дипломатч хэмээн нэрлэж болох юм” гэжээ.

Дэлхийн II дайны үед бусад улс орнууд Нацист Германы Засгийн газартай харилцаагаа хурцатгахаас эмээн виза гаргах асуудалд маш болгоомжтой хандаж байж. Харин түүхийн энэ хүнд хэцүү үед Хо учрах үр дагаврыг үл харгалзан еврей иргэдэд тусламжийн гараа аймшиггүйгээр сунгасан байна. Тухайн үед түүний Элчин сайдын яам еврей иргэний эзэмшилд байсан байранд байжээ. Нацистууд Вена хотыг эзэлсэний дараа Элчин сайдын яамны байрыг нь хураан авч. Харин Хо шантралгүйгээр еврей иргэдийг аврахын тулд жижигхэн оффисийн өрөөг өөрийн мөнгөөр хөлслөн үйл хэргээ зогсоолгүй үргэлжлүүлсэн байна.

Хогийн еврейчүүдэд гаргаж өгч байсан виза нь зөвхөн Шанхайд хэрэглэх зориулалттай өвөрмөц виза байсан юм. Тухайн үед Шанхай цагаачлалд тавих хяналт байхгүй, нээлттэй боомт байсан бөгөөд Япончуудад эзлэгдсэн байсан учир боомт руу визгүй нэвтрэх боломжтой байжээ. Тэгвэл яагаад тэрбээр виз шаардахгүй газарлуу виз дарж байсан юм бэ? Үүнд л ноён Хо-гийн нарийн ухаан оршиж байж. Хогийн визийг эзэмшиж буй еврейчүүд бүгд Шанхай руу явдаггүй байж. Тэд энэ бичгийг ашиглан дамжин өнгөрөх виз аван АНУ, Палестин, Филиппин зэрэг улсууд зугтдаг байжээ. Тиймээс тухайн үед Шанхай гэдэг нэр еврейчүүдийн дунд хуурай өвсөнд ассан гал шиг л газар авч, авралт бурхан мэт тийш зүтгэдэг байсан байна.

Н.Төгс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ