Өршөөлийн хуулийг өршөөх үү?

Өршөөлийн хууль батлагдлаа. Эрхэм улстөрчид хаалттай дэгээр нууцхан шивнэлдсэний эцэст ийн хоёр жил гаруй дуншсан хуулийг сонгуулийн өмнөх жилд батлаж байна.

Төр төмөр нүүртэй гэдэг. Амьдралдаа алдаа хийж, төрийн төмөр нүүр, нударгыг амталсан олон мянган хүнийг төр нь эргээд иргэнээ болгож, эрх чөлөө бэлэглэх нь ардчилсан нийгэмтэй ямар ч улсад байх үзэгдэл л дээ. Тэгээд ч "шоронжсон" хэмээх нэр хоч арилах, наад зах нь улсын төсвөөс гарч байдаг олон зуун сая төгрөгийн зардал хэмнэгдэх сайн талтай.

Улсын төсвөөс гарах зардал багасна

Өнөөдрийн байдлаар Монголд 7000 гаруй хоригдол байгаа. Тэдний 3000 орчим нь хүндэвтэр, үлдсэн нь бусад төрлийн буюу заавал нийгмээс тусгаарлах шаардлагагүй хүмүүс байна. Монгол Улсын төсвөөс жилд 12 тэрбум төгрөгийг хоригдлуудын зардалд өгдөг. Өөрөөр хэлбэл, нэг ялтанд өдрийн 10650 төгрөгийн зардлыг төрөөс гаргадаг. Жилд нэг ялтанд 200 мянган төгрөгийн хувцас тараадаг байна. Тэгэхээр Өршөөлийн хуулийн хүрээнд 1600-2000 хүн суллагдана хэмээн тооцвол улсын ачаа, төсөвт тусах хүндрэл бас багасах төлөв ажиглагдаж байна.

Манай хуулийн системийн гажуудлаас болж хилсэдсэн, аль эсхүл санаатай болон санамсаргүйгээр цөөн хэмжээний хохирол учруулсан ч түүнийгээ нөхөн төлөөд өнгөрөх биш харин "нарсанд" сууж эрх чөлөөгөө боомилуулж төрсөн биедээ ч, төрийн сүлдэндээ ч гомдож явдаг хэсэг хүмүүст энэ хууль жинхэнэ авралын нар болно.

Тэгвэл үүний хажуугаар нийгэм, масст хамаатай ч гэлээ өршөөлийн хуулиар далимдуулж хэсэг бүлэг эрх мэдэлтнүүдийн ялаас мултрах гэсэн оролдлого биеллээ олж болох талаар хэлэх хүн олон л байгаа.

Тиймээс энэ хуулийг хоёр талаас нь авч үзэхээс аргагүй тул Өршөөлийн хуулийг өршөөх эсэх уншигч авхай шийдэх бизээ.

Хуульд хэн хамрагдах вэ?

Хуулийн төсөлд хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмт хэрэг үйлдэж анх удаа хорих ял шийтгүүлсэн, 18 насанд хүрээгүй хүүхэдтэй эмэгтэйчүүд, жирэмсэн эмэгтэйчүүд, хөдөлмөрийн чадвараа 70 ба түүнээс дээш хувиар алдаж тахир дутуу болсон хүмүүс, насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хүмүүсийг эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлэхээр тусгажээ.

Өршөөлийн тухай хуулиар хууль хэрэгжиж эхэлснээс өмнө хэрэг үйлдсэн бүх хүмүүст энэхүү хууль хэрэгжиж эхэлнэ гэж тусгасан боловч зарим тохиолдолд өршөөлийнхуулиар өршөөн хэлтрүүлэхгүй заалтууд бий. Үүний нэг нь тухайн ялтан хохирогчдод учруулсан хохирлоо заавал барагдуулсан байх ёстой гэж заажээ. Хэрэв хохирлоо барагдуулаагүй бол ялаа гүйцэд эдлэх юм байна. Их, бага хэмжээгээр бусдын эд хөрөнгийг залилсан иргэд мөрдөн байцаалт, хэрэг бүртгэл, шүүх дээр ял шийтгэл хүлээсэн нөхцөлд хохирлоо заавал төлсөн байх ёстой аж.

Гэхдээ энэхүү зүйл заалтууд нь хууль хаалттай дэгээр хэлэлцэгдэх үед өөрчлөлт орсон ч байх магадлалтай. Ямартай ч өнөөдрөөс энэ хуулийг хэрэгжүүлэх комисс байгуулагдаж байгаа тул тун удахгүй олон нийтэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх бизээ.

Авлигатай хийж байгаа тэмцлээс ухрав

Зургаан жилийн дараа дахин гарсан өршөөлийн хуульд ногдож байгаа хамгийн хурц шүүмжлэл бол авлигатай тэмцэхээс ухарсан гэх. Энэ нь ч үнэн. Авлигын хэрэг үйлдсэн хэрэгтнүүд төрийн өршөөлөөр суллагдана гэдэг нь энэ хэрэг цаашид улам цэцэглэж, аавынд суусан ч ингээд гардаг юм байна гэсэн буруу ойлголтыг хар гартнуудад өгч байгаа юм. Ингээд ирэхээр авлига улам цэцэглэж тэр чинээгээрээ урагшилж байсан индексдээ Монгол Улс ухрах нь тодорхой. АТГ-ын сүүлийн зургаан жилийн хөдөлмөр ямар ч үнэ цэнэгүй болж, энэ байгууллага хоосон мануухай болж хувирлаа гэсэн нийгмийн идэвхтнүүдийн үг ч батлагдана. Дээрээс нь УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн өргөн барьсан Мөрдөн шалгах албыг эргээд УЕПГ-ын дэргэд аваачих хуулийн төсөл батлагдчихвал АТГ байхгүйгээс ялгаагүй болох бизээ. Нэг ёсондоо Монгол улс авигатай хийж байгаа тэмцлээсээ алхам ухарлаа.

Н.Энхбаярт зориулсан хууль уу

Тухайн хуультай холбоотой нийгэмд хүчтэй яригдаж байгаа асуудал бол мэдээж хэрэг авлига, улсын мөнгө хөрөнгө завшсан этгээдүүд ялаас мултрах боломжийг энэ хууль олгох тухай. Түүнчлэн энэхүү хуулийг эхнээсээ бараг л ганц хүнд зориулсан нь МАХН-ын дарга Н.Энхбаяр хэмээн олон нийт, хэвлэлүүд ил далдаар бичиж, жиргэж байна. Магадгүй улсын хөрөнгө мөнгө завшсан, идэж уусан хэргээр төрийн гэсгээл хүртэж яваад одоо энэ хуулиар өршөөгдөх хүмүүсийн толгойд Н.Энхбаяр бичигдэж таарах. Хэдийгээр Н.Энхбаяр нь ерөнхийлөгчийн уучлалаар БНСУ-д суугаа боловч хэрэг нь бүрэн цагаатгагдаагүй. Харин одоогийн хуулиар Н.Энхбаяр эрх чөлөөт иргэн хүний хувиар улс төрд дахин орох ч боломжтой болох гэнэ.

С.Дулам

СЭТГЭГДЭЛ БИЧИХ