Чөлөөлөх дайны ялалтын баярыг 28-нд тэмдэглэнэ

Энэ жил чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ой тохиож байна. Түүхэн ялалтын үнэ цэнэ, цэрэг эрсийн байгуулсан гавьяаг сурталчлах, дайнд оролцогсод, ахмад дайчиддаа хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг энэ жил хоёр үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Нэгдүгээр хэсгийг Аугаа их Эх орны дайны ялалтын 70 жилийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлсэн билээ. Энэ хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин зарлигаа гаргаж, Монголын ахмад дайчдад ойн медаль хүртээсэн юм. Мөн Монголын цэргүүд Москва хотын Улаан талбайд цэргийн ёслолын жагсаалд алхсан явдал байв.

Тэгвэлхоёрдугаар үе шат энэ зун тохиож байгаа юм. Энэ хүрээнд Монгол, Зөвлөлтийн дайчдын хөшөө, дурсгалыг сэргээн засварлах, БНХАУ-ын нутагт байх Монгол дайчдын дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлэх, ялалтын 70 жилийн баримтат кино, түүхэн ном, альбом бүтээх зэрэг олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Хүндэтгэлийн арга хэмжээ орон нутагт ч мөн үргэлжилнэ. Тухайлбал, энэ сарын 19-нд Сүхбаатар, 21-нд Дорноговь, нийслэлд энэ сарын 28-наас баярын хурал, тусгайлсан арга хэмжээ эхлэх юм. Нийслэлд арга хэмжээний үеэр Зэвсэгт хүчний 084 дүгээр анги шүхрийн буулт хийж, ЗХЖШ-ын дэргэдэх Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн үзүүлэх тоглолт, “Бид ялав” үзэсгэлэн болох юм. Мөн Монголын 76 цэрэг эрс БНХАУ-ын Бээжин хотын төв талбайд цэргийн ёслолын жагсаалд оролцоно. Энэ бүрэлдэхүүн ирэх ням гаригт БНХАУ-ыг зорих юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ