Эль Ниньо манай гаригийг заналхийлж байна

Эль Ниньо хэмээх байгалийн үзэгдэл манай гаригийг заналхийлж байгаа тухай CNN агентлаг онцлон мэдээлж байна. 2015 оны эхний хагас жил дэлхийн түүхэн дэх хамгийн халуун зургаан сар болж өнгөрсөн болохыг АНУ-ын далай тэнгис, агаар мандал судлалын газраас мэдээлсэн. Тэгвэл энэ оны намар, өвөл ч мөн адил түүхэн дэх хамгийн халуун дулаан улирал болж мэдэх юм.
Энэ нь дэлхийн цаг уурын дулаарлын асуудлаас гадна нарийвчилж үзвэл Номхон далайн усны дулааны хэм нэмэгдэж байгаагаас голчлон шалтгаалж байгаа аж.
Тухайлбал, сүүлийн 135 жилийн дэлхийн агаарын хэмийн мэдээллийг харвал түүхэнд бүртгэгдсэн хамгийн халуун таван сарын дөрөв нь энэ онд тохиосон бөгөөд Эль Ниньо буюу Номхон далайн усны дулааны хэм нэмэгдэх үйл явцын нөлөөгөөр хэт халалт үргэлжлэх төлөвтэй байгааг цаг уур судлаачид анхааруулж байна.
1997-1998 онд хүчтэй ажиглагдсан Эль Ниньо үзэгдэл дэлхийн цаг агаарт хамгийн айхавтар нөлөөлсөн тохиолдлоор бүртгэгдэж байсан. Харин энэ жилийн хувьд Эль Ниньо 2015-2016 оныг дамнан үргэлжлэх магадлал 90 хувь байгаа гэсэн тооцоог АНУ-ын Үндэсний цаг уурын газраас гаргажээ.
Тэгээд ч зогсохгүй далайн усны дулаан огцом өссөөр байгаа Эль Ниньо хэмээх байгалийн үзэгдэл нь хэдэн арван далайн шуурга, хар салхийг нийлүүлэх хэмжээний гамшгийг дэлхийд учруулна хэмээн үзэж байгаа аж.
Өнгөрсөнжилийн хоёрдугаар хагасаас Номхон далайн гадаргууд газрын гүний халуун ус өргөгдөн экватороор дамжин Америкт, манай дэлхийн олон бүсэд нөлөөлж эхэлсэн ба энэ үеэс л эрдэмтэн судлаачид дахин Эль-Ниньод анхаарлаа хандуулжээ. Судалгааны дүн аймшигтай байлаа. Аажмаар Эль Ниньогийн нөлөө бүх дэлхийг хамарч аймшигтай үр дагавар дагуулна гэж бараг 80 хувийн баталгаатай судалгааны дүнд бичигджээ.
Бүр зуугаад жилийн өмнө 1892 онд хөлөг онгоцны ахмад Камило Каррило Перугийн нийслэл Лимад болсон Газар зүйн нийгэмлэгийн конгресст далайчдад умрын дулаан урсгалыг “Эль-Ниньо“ гэж танилцуулсан байна. Тэр цагаас хойш байгалийн энэ үзэгдлийг Эль Ниньо хэмээн нэрийдэж Номхон далайнгадаргууд халуун ус өргөгдөн гарч Экватораар дамжин Америк, тэгээд дэлхийн олон бүсэд нөлөөлөхийг хэлэх болжээ. Энэ халуун уур амьсгал, уссалхинд туугдан Индонезийн районд хүртэл хүрч усны түвшинг нэмдэг.
Өнгөрсөн оны эхээр буюу 2014 оны үе гэхэд Эль-Ниньо эхлээгүй байж. Жилийн дундаас эхэлсэн энэ үзэгдэл 2015 оны хоёрдугаар сар гэхэд таамаглаж байгаагүйгээр огцом нэмэгджээ. Ингэснээр бөмбөрцгийн хагас нь огт өөр болон өөрчлөгдсөн гэнэ.
Ерийн нөхцөлд Эль-Ниньо нь 6-8 сар үргэлжилдэг бол энэ удаа маш удаан, бүр хоёр жил үргэлжилж магадгүй байна.
Байгалийн энэ үзэгдлийг 1997-1998 онд тохиоходдэлхийн олон оронд маш дулаан өвөл болсон нь бүртгэгдсэн байдаг. Номхон далайн орнуудад бол хар салхи, үер нүүрлэж байжээ.
Үүнээс үзэхэд дахиад нэг дулаан өвөл болж магадгүй гэнэ. Байгалийн энэ үзэгдэл зөвхөн цаг уурыг өөрчлөөд зогсохгүй загас, далайн амьтад үхэх, барууны салхи их хэмжээний аадар оруулан үер болох энэ бүхнээс үүдэн шумуулаар дамжин тархдаг чичрэг, хумхаа болон бусад өвчин дэлгэрэх аюул дагуулдаг байна.
Тэр бүү хэл цэргийн болон нийгмийн зөрчил мөргөлдөөн дагуулах нь бий гэж эрдэмтэд үзэж байна. 1950-2004 онуудад гарсан иргэний дайн мөргөлдөөний тавны нэг нь Эль-Ниньо ирэх үеэр тохиосныг баримт болгож байна. Зарим эрдэмтэн бүр иргэний дайн дэгддэг гэж нотолжээ.
Эдийн засагчид ч бас өөрийн таамгийг хэлж байна. Тэд өнгөрсөн оноос эдийн засгийн уналтын тухай ярьж эхэлсэн. Үүнд мэдээж ургац багасч тодорхой бүсүүдэд хүнсний хомсдол үүссэнийг хэлж байгаа юм. 2006-2007 оны Эль-Ниньогийн үеэр асар их ган болж хүнс хомсдон үнэ нь тэнгэрт хадаж олон оронд гамшиг нүүрлэсэн юм.
Н.Төгс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ