Ө.Энхболор: Тэд, бид бүгд хүний эрүүл мэндийн төлөө явж байгаа

Сүүлийн үед Монголд йогийн олон урсгал чиглэлүүд гарч ирсээр байгаа. Түүний нэг бол Повер йог /Power yoga/-ийн төрөл юм. Энэ төрлийг эх орондоо анх нэвтрүүлэн хөгжүүлж, илүүдэл жингийн асуудалтай хүмүүст тусалж, тэдэнд өөртөө итгэлтэй алхах тэр боломжийг өгч яваа хүн бол Асури повер йог төвийн үүсгэн байгуулагч Ө.Энхболор юм. Ингээд түүний ажлын онцлог болон хувь хүнийх нь талаар сонирхолтой ярилцлага өрнүүлснээ та бүхэнд хүргэж байна.

-Таныг Монголд йогийн шинэ төрлийг нэвтрүүлсэн хүн гэдэг. Тэгэхээр юуны түрүүнд өөрийгөө танилцуулаад, йогийнхоо талаар товч ойлголт өгөхгүй юу?

-Уншигчиддаа энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Өнөрбаярын Энхболор гэдэг.Йогийн багш. Би одоо бол ажлаа хийгээд л, юм юмаа амжуулаад гүйгээд байна даа. Йогийн шинэ төрлийн хувьд гэвэл 1990-ээд оны үед АНУ-д үүссэн хамгийн сүүлд гарсан шинэ урсгал юм. Хүчний дасгал болон йогийг уялдуулан системчлэн заадгаараа гол онлог нь оршдог юм. Тодруулбал, фитнессийн дасгалуудыг йогтой хавсаргана гэсэн үг юм даа.

-Таны талаар ярилцъя. Та багадаа спортоор хичээллэдэг байв уу? Бага байхад чинь магадгүй йог бараг манайд байгаагүй биз. Тэгэхээр та ямар мэргэжилтэй болохыг хүсдэг байсан бэ?

-Бид нарын үеийнхэн бүх төрлийн спортоор хичээллэдэг байлаа шүү дээ. Жишээ нь, гараад сагс тоглочихно. Резин, дээс, чирта гээд л тоглодог байлаа. Ер нь хөдөлгөөнгүй байна гэсэн ойлголт байгаагүй. Би бас бүжиглэдэг байсан. Тэмцээн уралдаанд ч идэвхитэй оролцдог байлаа. Мэргэжлийн тухайд гэвэл эмээ, өвөө хоёр маань хүний их эмч хүмүүс байсан юм. Багадаа эмч болъё л гэж хүсдэг байсан. Гэхдээ эмч болоогүй ч тэднийхээ авьяасыг өвөлж үлдсэн гэж боддог. Учир нь муухан эмчээс дээр зөвлөгөө өгч чаддаг гэж өөрийгөө үнэлдэг юм. Тэгээд ч йог хүнийг анагаах бас нэг төрлийн эмчилгээ гэж болно. Йог манай оронд сүүлийн 5 орчим жилийн дотор л эрчимтэй хөгжиж байна даа.

-Та ямар мэргэжилтэй вэ?

-Би Зар сурталчилгааны менежмент, Франц хэлний орчуулагч мэргэжилтэй боловч мэргэжлээрээ ажиллаагүй. Сонирхлынхоо дагуу йогийн багш болсон. Йог бол миний гурав дахь мэргэжил. Учир нь би БНХАУ-д энэ дагуу суралцаж төгссөн.

-Яагаад мэргэжлээрээ ажиллаагүй юм бэ? Мэргэжлээрээ ажилладаггүй хүмүүс их байдаг. Үүнийг юу гэж ойлгодог вэ?

-Эзэмшсэн мэргэжилдээ би их дуртай ч яг энэ чиглэлийн мэргэжлийн ажил хараахан манайд хөгжөөгүй. Зар сурталчилгаа гэдэг бол биеэ даасан том салбар. Гэтэл манайд энэ салбарыг маркетингийн алба хариуцаж байгаа харагддаг юм. Энэ талын боловсон хүчин ч дутмаг. Бусад мэргэжлээрээ ажилладаггүй хүмүүсийн хувьд гэвэл хүн дуртай, сонирхолтой зүйлдээ л илүү ач холбогдол өгнө шүү дээ. Аав, ээжийн хүслээр дургүй чиглэлд хөл тавьсан хүн тэр бүр амжилт олохгүй гэж бодож байна. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдийнхээ сонирхлыг хүндэтгэн түүнийг нь хөгжүүлэх тал дээр илүү анхаарах нь зөв байх.

-Та ямар зан араншинтай вэ? Йог хийдэг хүн гэхээр хүмүүс их тайван, стресс багатай ч гэдэг юм уу, тиймэрхүү ойлголттой байх нь элбэг.

-Тайван, стресс багатай ч би бусдын л адил хүн учраас бухимдах юм байлгүй л яах вэ. Гэхдээ бухимдах гэхээсээ илүү эмзэглэдэг зүйл олон. Энэ утгаараа хэд хэдэн хүмүүнлэгийн ажил хийсэн байгаа. Жишээ нь, асрамжийн газрын хүүхдүүд үнэхээр өрөвдмөөр. Тэднийг зорьж, живх, сүү зэрэг нэн чухал хэрэглээний зүйлсээр бага ч гэсэн нэмэр болохыг хүссэн. Нэг өдөр тэдэнтэй хөгжилдөн хэсэг ч гэсэн хугацааг инээд хөөрөөр дүүрэн өнгөрүүлсэндээ баяртай байгаа.

Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн тавдугаар сарын 29-нд Хүүхдийн баярыг тохиолдуулан Тусгай 29 дүгээр сургуулийн хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл гэх мэт бага сага тусламжийн зүйл өгсөн. Чихэр, жимс гэхээсээ илүү тэдэнд хэрэгцээтэй юм өгөхийг хүссэн юм. Би баян хүн биш. Гэхдээ чадлаараа хүмүүст туслахыг хүсдэг. Энэ нь миний үр хүүхэддээ үзүүлэх үлгэр дуурайллын маань нэг хэсэг гэж бодож явдаг юм.

-Та чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?

-За даа, чөлөөт цаг их ховорхон доо. Бодсон бодол, зорилгынхоо төлөө цаг завгүй л ажиллаж байна.

-Таны ажлын талаар ярилцъя. Та хэдэн шавьтай вэ? Өөрөөр хэлбэл, танай сургалтыг хэчнээн хүн төгссөн бэ?

-Гарын таван хуруу шиг гарын таван шавьтай. Харин сурч төгссөн нийт хүмүүсийн тоог үнэхээр хэлж мэдэхгүй юм байна. Тоолж байгаагүй. /сурв: инээв/

-Манайд йог хэр хөгжиж байгаа гэж та үзэж байна? Аливаа юм бүхэн тэгш дардан замаар явдаггүй. Тэгвэл йогийг хөгжүүлэхэд ямар саад бэрхшээл байна вэ?

-Харьцангуй чөлөөт зах зээлийн жамаар яваа болохоор хүндрэл багатай. Ер нь манайд олон йогийн салбарууд үүдээ нээж байгаад их баяртай байдаг. Тэд, бид бүгд хүний эрүүл мэндийн төлөө явж байгаа.

-Танай төгсөгчид хэдэн удаа явж байж үр дүнгээ үзэх боломжтой вэ?

-Ердөө 10-хан өдөр яваад үр дүнгээ үзнэ. Энэ 10 өдөр нь нэг курс хичээл болох юм. Үр дүнгүй байх тохиолдол гарч байгаагүй болохоор маш олон хүн манайд ханддаг. Тиймээс бид энэ сарын 24-ний өдрөөс БЗД-т салбар нээх гэж байгаа.

-Сайхан мэдээ байна. Танд болон танай хамт олонд баяр хүргэе. Цаашдын ажил, амьдралд тань мөн амжилт хүсье. Та бүхний бусдыг гэсэн үйлс тань үргэлж дардан байх болтугай.

-Баярлалаа. Эрүүл биед саруул ухаан оршино гэдэг сайхан үг бий. Тиймээс хүн бүхэн эрүүл байж, итгэл дүүрэн, сэтгэл хангалуун, сайн сайхан амьдрахыг хүсэн ерөөе.

Я.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ