Ховдын уулчид Сутай хайрханы оргилд шинэ замаар гарчээ

Ховд аймгийн уулчдын баг энэ сарын 12-нд Монгол Алтайн мөс, цаст хайрхануудын нэг Сутай хайрханы 4190 метр өндөр ноён оргилд амжилттай авирч, төрийн далбаагаа мандуулжээ. Уулчид оргилд өөрсдийн санаачилгаар авирсан бөгөөд өмнө нь ямар ч уулчин гарч байгаагүй шинэ зам нээж чадсан байна. Авиралтын багийн ахлагчаар гавьяат тамирчин, ОУХМТ.Гүррагчаа явсан бөгөөд Ховд аймгийн уулын спортын шигшээ багийн тамирчин, "Ховдын толь" сонины эрхлэгч, яруу найрагч, сэтгүүлч Г.Төрмөнх, мөн багийн уулчин Алтай сумын уугуул Д.Бөхжаргал, аймгийн цагдаагийн газрын ахлах дэслэгч, уулчин Д.Бямбасүрэн, мөн газрын ахлагч, уулчин З.Жамьяндорж, Ховд их сургуулийн Биеийн тамирын ангийн оюутан, ханан хадны авиралтын улсын гурван удаагийн аварга, тивийн аваргын мөнгө, хүрэл медальт, уулчин Д.Мөнх-Эрдэнэ, Хөшөөтийн уурхайн механик инженер, залуу уулчин Л.Ганцоож нар авирсан байна. Уулчид энэ сарын 23-нд үндэсний алпиниадад оролцохоор Увс аймгийг зорино. Түүний дараа ирэх сарын 10-нд тус аймгийн Цамбагарав хайрханы оргилд гарах олон улсын авиралтад оролцохоор төлөвлөжээ.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ