С вирүсийн эсрэг эмийг хаанаас авах вэ?
АНУ-ын Gilead Sciences компани нь элэгний С вирүсийг эмчлэх ХАРВОНИ (Ледипасвир 90мг/Софосбувир 400мг) шахмал эмийг Канад улсын Patheon үйлдвэрт гэрээгээр үйлдвэрлүүлэн Монгол Улсад “Аccess” буюу “Хүртээмж” хөтөлбөрийн хүрээнд импортлох, улсын эмийн бүртгэлд бүртгүүлэх асуудлыг ЭМСЯ-ны дэргэдэх Хүний эмийн зөвлөлийн 2015 оны 05 дугаар сарын хурлаар хэлэлцүүлж, Монгол Улсын эмийн жагсаалтад бүртгэсэн билээ. Энэхүү эмийг хэзээ Монгол Улсад орж ирэх талаар болон хаанаас хэрхэн худалдаж авах талаарх мэдээллийг хүргэж байна.
-Хепатитийн С вирүст халдвартай бол аль эмнэлэгт хандаж эмчлүүлэх вэ?
-Юуны түрүүнд өөрийн харьяа аймаг, дүүргийн сум, өрхийн эрүүл мэндийн төвөөс хепатитийн С вирүст халдварын талаар мэдээлэл, зөвлөгөөг авч болно.
Хэрвээ та өмнө хийлгэсэн лабораторийн шинжилгээгээр С вирүсийн халдвартай гэж тогтоогдож байсан, эсвэл та өөрийгөө тус халдварт өртсөн байж болзошгүй гэж үзэж байгаа бол өөрийн харьяа аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, улсын нэг, хоёр, гуравдугаар төв эмнэлэгт хандаарай. Одоогийн байдлаар эдгээр эмнэлгийн дотор, халдвартын тус тус 1 эмчийг “Хепатитийн С вирүст халдварын эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээний заавар”-ыг танилцуулах сургалтад хамруулаад байна. Төрийн өмчит эмнэлэгт эмчийн үзлэг, зөвлөгөө төлбөргүй, харин лабораторийн зарим өндөр өртөгтэй шинжилгээ төлбөртэй байдгийг анхаараарай.
Хэрвээ та өөрөө хүсвэл хувийн эмнэлэгт хандаж болно. Ингэхдээ хувийн эмнэлгийн үзлэг, оношилгоо төлбөртэй бөгөөд төлбөрийн хэмжээгээ өөрсдөө тогтоодог тул харилцан адилгүй байдгийг анхаарна уу. Одоогийн байдлаар “Хепатитийн С вирүст халдварын эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээний заавар”-ыг танилцуулах сургалтад нийслэл Улаанбаатар хот дахь дараах хувийн эмнэлгийн эмч нар хамрагдаад байна.

Эмнэлэгт зөвхөн эмчийн үзлэг, лабораторийн болон бусад шинжилгээ хийгдэж, эмчилгээний талаар зөвлөөгөө өгч, хяналтыг тавих ба аливаа эмч, эмнэлэг хепатитийн С вирүст халдварыг эмчлэх эмийг олгож, худалдахгүйг анхаарна уу.
-Хепатитийн С вирүст халдварыг илрүүлэх шинжилгээг хаана хийлгэх вэ?
-Дээр дурдсан эмнэлгүүдийн лабораториудад шинжилгээг хийлгэж болно. Гэвч зарим төрийн болон хувийн хэвшлийн эмнэлгийн лабораторид шинжилгээг хийх тоног төхөөрөмж байхгүй байгаа болно. Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс хепатитийн С вирүст халдварыг илрүүлэх, эмчилгээний явцад хийх шаардлагатай шинжилгээг хийх чадавхи бүхий лабораторийн талаарх бүрэн мэдээллийг олон нийтэд хүргэх болно.
-Хепатитийн С вирүст халдварыг эмчлэх ямар эмийг Монгол Улсад хэрэглэж байна вэ?
-Хүчин төгөлдөр холбогдох хууль, журмын дагуу Монгол Улсад бүртгэгдсэн эмийг л хэрэглэх боломжтой. Хепатитийн С вирүст халдварыг эмчлэх рибавирин, интерферон эмүүд бүртгэгдэсэн байдаг. Сүүлийн үед дэлхийн зах зээлд шинээр нийлүүлэгдэж буй, эмчилгээний 90 гаруй хувийн өндөр үр дүнтэй эмүүдээс АНУ-ын Гилеад Сайнс компанийн хепатит С вирүсийн халдварыг эмчлэх Совалди® (Софосбувир 400мг), Харвони® (Софосбувир 400мг/Ледипасвир 90мг) эмийг 2015 онд Монгол Улсад бүртгээд байна.
-Хепатит С вирүсийн халдварыг эмчлэх ямар эмийг сонгох вэ?
-Дээр дурдсан эмнэлэгт зөвхөн мэргэшсэн эмч хийсэн үзлэг, лабораторийн болон бусад шинжилгээг үндэслэн таныг хепатитийн С вирүсийн халдвартай эсэхийг, мөн эмчилгээ хийлгэх шаардлагатай эсэхийг тогтоохыг анхааруулж байна. Эмчийн дүгнэлтийг үндэслэн эмчилгээ хийлгэх эсэхийг зөвхөн өвчтөн та өөрөө шийдвэрлэх эрхтэй. Гэхдээ хепатитийн С вирүсийн халдварыг эмчлээгүй тохиолдолд элэгний хатуурал, хорт хавдар зэрэг амь насанд аюултай өвчин үүсэх магадлалтайг санах хэрэгтэй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ