Цагдаа нар 92 цагийн дотор алуурчныг барилаа

Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хороонд оршин суугч 70 настай эмэгтэйг угаалгын өрөөнд нь хөнөөсөн гэмт этгээдийг цагдаагийн алба хаагчид шуурхай ажилласны эцэст өчигдөр баривчлан байцаалтын ажиллагааг эхлүүлээд байна.
Гэмт хэрэгтэн эхний мэдүүлгээрээ 70 настай хөгшнийг хөнөөснөө хүлээжээ. Ингээд хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан Ё.Лхагвасүрэн сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.
-Сүхбаатар дүүрэгт гарсан хүн амины хэргийн талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Энэ сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст тус дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... байранд хүн амины хэрэг гарлаа гэх дуудлага мэдээлэл ирсэн. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид шалгаж, дуудлага өгсөн байранд нэвтрэн орж, хэргийн газар шалгалтын ажиллагааг хийсэн. Шалгалтын ажиллагаа хийгдэхэд гадны нөлөөтэй амь насаа алдсан 65-70 орчим настай эмэгтэйн цогцсыг олж тогтоон, хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж байна.
-Гэмт хэрэгтнийг хаанаас саатуулсан бэ. Гэмт хэрэгтний талаар мэдээлэл байна уу?
-Хэрэгт Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс, УМБГ-аас томилогдсон ажлын хэсэг 92 цагийн дотор сэжигтнийг саатуулсан. Сэжигтнээр 1991 онд БНХГУ-д төрсөн, МУ-ын иргэн 24 настай Б гэгч татагдаад байна.
-Эхний байцаалтаар хэргээ хүлээсэн гэх мэдээлэл байна?
-Талийгаачийн гэрээс алдагдсан эд зүйл, гэмт хэргийг үйлдэхдээ ашигласан хэрэгслийг эд мөрийн баримтаар хураан авч, мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдэж байна. Цогцост хийсэн шинжилгээгээр хохирогчийн амь нас нь бүтэлтийн улмаас амь насаа алдсан гэх дүгнэлт гарсан. Хэргийн газраас олдсон эд мөрийн баримтыг үндэслэн Б гэгчийг хэргийг үйлдсэн байж болзошгүй хэмээн энэ сарын 19-ний өдөр дайчлан баривчилсан.
-Хохирогчтой ямар нэгэн байдлаар холбоотой байсан уу?
-Үүнийг тогтоохоор цагдаагийн байгууллага ажиллаж байна. Урьдчилсан байдлаар шунахайн сэдлээр хүний амь насыг хохироосон гэсэн байдал тогтоогдоод байна.
-Гэрээс нь алдагдсан эд зүйлийн тухайд?
-Бриллиантан шигтгээтэй бөгж болон бусад эд зүйлс алдагдсаныг цагдаагийн байгууллага олж тогтоосон байгаа.
Эх сурвалжийн мэдээлснээр эмэгтэй гэртээ ганцаараа амьдарч байсан. Хүүхдүүд нь гадаадад амьдардаг байсан аж. Тухайн өдөр “Гэртээ ганцаараа амьдардаг 70 настай эмэгтэй ор сураггүй алга болчихлоо. Гэртээ нохой нь хуцаад байна” гэсэн дуудлага өгсөний дагуу алба хаагчид шалгаж, цогцсыг нь олсон байдаг.
Цогцост хийсэн задлан шинжилгээгээр хохирогч амьсгал бүтэлтийн улмаас нас барсан буюу хүзүүнд нь үүссэн зүсэлтийн шарх үхэлд хүргээгүй гэх урьдчилсан дүгнэлт гарчээ. Мөн хэргийн газарт шаардлагатай шалгалтын ажиллагаануудыг тасралтгүй явуулж ажиллахад хэргийн газраас олдсон хурууны хээ Б-гийнхтэй тохирсон учир шуурхай эрэн сурвалжилан сэжигтнийг өчигдөр орой баривчилсан гэдгийг ЦЕГ-аас мэдээлсэн юм.
Сэжигтэн Б нь 1991 онд Герман улсад төрсөн 24 настай эрэгтэй байжээ. Хэргийн газраас бриллиантан шилтгээтэй шар өнгийн метал бөгж, гар утас, дөрвөн ширхэг түлхүүр, хутга зэрэг алдагдсан бөгөөд алдагдсан гар утас, хутга зэргийг олжээ.
Гэвч бриллиантан шилтгээтэй шар өнгийн метал бөгжийг зарж борлуулсан болох нь мөрдөн байцаалтын үед тогтоогдсон байна. Тухайн хэргийг шалгахад 18 алба хаагч гурван машинтайгаар 92 цаг ажилласан бөгөөд одоо ч мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжлэн явагдаж буйг ЦЕГ-аас тодотголоо.
С.Дулам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ