Жолооч бүр зөрчлийн оноотой боллоо

Зөрчлийн оноог 100 байхаар шинэ хуулийн журамд оруулсан ч өчигдөр орой Хууль зүйн сайд Д.Дорлигжав батлахдаа 10 оноо болгон баталжээ.

Жолоочийн зөрчлийн оноо гэж юу вэ? Та энэ тухай дуулж, мэдсэн үү? Хэрвээ хараахан мэдэж амжаагүй, бас учрыг нь сайн ойлгож амжаагүй байвал бид танд тодорхой мэдээллийг хүргэе.

Есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Замын Хөдөлгөөний Аюулгүй Байдлын тухай хуульд шинэ заалтууд нэмэгдэж орсны нэг нь Жолоочийн зөрчлийн оноо юм. Жолоочийн зөрчлийн оноо нь 10 оноо байх бөгөөд таныг Замын Хөдөлгөөний Аюулгүй Байдлын тухай хууль зөрчих бүрт тодорхой заасан хэмжээгээр онооноос тань хасагдсаар хэрвээ дуусчихвал та жолоо барих эрхгүй болж бүх зүйлийг дахин эхлэх учиртай. Өөрөөр хэлбэл зөрчил гаргаад явж чаддаггүй, жолоо барьж чаддаггүй таныг дахин жолооны сургалтад суулгаж дахин шалгалт авч үнэмлэхийг шинээр олгоно гэсэн үг юм.

Энэхүү хариуцлагын систем нь дэлхийн олон оронд байдаг бөгөөд харин манай улсад иргэд өнөөг хүртэл дагаж мөрдөж үзээгүй байдаг. Ердөө замын хөдөлгөөний зөрчил гаргалаа гэхэд жолооч нар торгууль төлөөд л яваад байдаг. Хэд л бол хэд торгуулдаг. Эрхээ хасуулдаг, хугацаа нь болмогц дахин жолоогоо бариад зарим нэг нь зөрчлөө гаргаад явдаг.

Харин зөрчлийн оноог бий болгосноор торгуулахаас гадна давхар хариуцлагын систем үүсгэж зөрчлийн тоог багасгах зорилготой. Учир нь зөрчил гэдэг маань цаанаа зам тээврийн осол гарах үндэс болдог. Үүнийг л таслан зогсоох зорилготой.

Ирэх сарын 1-нээс хэрэгжих Замын Хөдөлгөөний Аюулгүй Байдлын тухай шинэ хуулинд энэ тухай тодорхой зааж өгчээ. Өөрөөр хэлбэл, жолооч бүр биет бус 10 оноотой болно гэсэн үг. Ингээд зам тээврийн ямарваа нэгэн зөрчил гаргах үед 10 онооноос нь гаргасан зөрчлөөс хамаарч 1-5 оноо хасагдаад явна.

Тухайлбал Зам тээврийн осол дээр шууд 5 оноо хасагдана.

- Тухайн тээврийн хэрэгсэлд тохирох ангиллын үнэмлэхээ биедээ авч яваагүй бол 2 оноо,

- Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдэд жолоогоо шилжүүлсэн тохиолдолд 1 оноо,

- Мансуурах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн хүнд жолоо шилжүүлбэл 2 оноо,

- Тээврийн хэрэгслийн тусгай дуут дохио, гэрэл ашиглахтай холбоотой хууль, тогтоомж зөрчсөн бол 3 оноо,

- Замын цагдаагийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд 1 оноо тус тус хасах гэх мэтээр оноо хасах ба тухайн зөрчил гаргах бүрт хуулийн дагуу ногдох торгуулийг давхар тавьж явна. Дуусгавар болох юм бол жолооны эрхгүй болж, дахин жолооны шалгалт өгнө.

Зөрчлийн оноонд хугацаа гэж байхгүй. Зөрчил гаргаад байвал мэдээж дуусна, гаргахгүй бол 10 оноо хэвээрээ байна. Зөрчил гаргаад түүнээс хойш нэг жилийн хугацаанд дахин хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиа зөрчихгүй явж чадвал хамгийн сүүлд хасуулсан зөрчлийн оноог нь буцаан шилжүүлэх урамшуулал ч бас багтжээ.

Мөн жолооч бүхэн өөрсдийн зөрчлийн оноогоо хянах боломжтой. Торгууль.мн рүү ороод торгуулиа хардаг шиг зөрчлийн оноогоо хянаад байх боломжийг гаргаж өгнө. Тухайлбал, тусгай дугаарт мессеж илгээх, ухаалаг утсандаа апп суулгах гэх мэт боломжийг хуулийн дагуу бүрдүүлэх юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ