Хоёр ч ДОХ-той Оюутолгойнхон хуулийг уландаа гишгэдэг

Монголын 10 аймагт ДОХ-ын халдвар гарсныг бид өмнө нь цухас өгүүлсэн билээ. Тэдний бүрэлдэхүүнд багтдаг Өмнөговьд хамаарах ДОХ-ын хоёр ч тохиолдол Оюутолгойнх гэх. Олны үг ортой гэдэг. Мэргэжилтнүүд үгүйсгэдэг л юм.

Тухайлбал, ХӨСҮТ-ийн Хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан, эмч Ч.Уртнасан “Тийм юм байхгүй” гэдэг. Тийм бол сайн л байна. Гэсэн хэдий ч Оюутолгой онцгой анхаарал татах бүс мөн үү гэвэл мөн. Гадна, дотныхон холилдсон энэ газрын цалин гайгүй, ажиллах нөхцөл харьцангуй дажгүй гэгдэх тул тийшээ зүглэхийн түүс болсон нөхөд ч цөөнгүй. Арга байж уу.

Амьдрахын төлөө үхэлдэн тэмцэлддэг хорвоо хойно доо. Тэгэхдээ тэнд ажилд орох туйлын бэрх нь мэдээж. Монголын өдөр тутмын сонинуудыг худалдаж аваад, хүссэн бүхнээ өдөр, шөнөгүй хэлж, монголчуудын тархийг зад угааж суудаг газрын эрх дарх барагдах биш дээ.

Тун ойрмогхоны өдөр тутмын сонинуудад оюутолгойнхон ажилчдаа үргэлж эрүүл мэндийн үзлэгт оруулдаг тухайгаа өгүүлжээ. “Окей, маш сайн. Харин нэг хачирхалтай асуудал дунд нь цохиж явлаа. Ажилд шинээр орох хүн бүрээс эрүүл мэндийн үзлэгт орсон тухай баримт шаарддаг юм байна.

Өмнө нь аль ч байгууллага тэгдэг байсан л даа. Одоо тэгэхийг болиулсан билээ. Хүний эрхийн асуудал гэсэн үг. Бүр “ХДХВ/ДОХ”-ын гэх хуулиар хориглочихсон юм.

ХДХВ/ДОХ-той ч, тэр хүн л юм болохоор эх орныхоо бүтээн байгуулалтад оролцох эрхтэй. Ялгаварлан гадуурхагдах ёсгүй. Тиймээс гэрлэх, ажилд орох үед ДОХ-ын шинжилгээ шаардахгүй гэсэн заалт буй. Үүнийг илт зөрчин, тэднийг нийгмээс шахсаар байна.

Шинээр ажилд орох хүний шинжилгээг нэгэн зэрэг өгүүлж, нэг хүн /Оюутолгойн нийгмийн ажилтан юм уу хүний нөөцийн мэргэжилтэн/ авдаг юм байна. Тэр нөхөр нууц хадгалж чадах уу? Хэрэв хэн нэг нь халвартай гарвал яах вэ? гээд асуудлууд ар, араасаа хөвөрнө л дөө.

Ажилд авахгүй л байхгүй юу. Хариулт ганц ш дээ. Тэр байтугай, тэмбүү, заг хүйтэнтэй хүмүүсээс цэрвэдэг гэх юм билээ. Тэр чинь эдгэрдэг эмгэг шүү дээ. Гадны ажилчдаа хэрхдэг нь харин тодорхойгүй. Тиймээс, энэ газарт онцгой анхаарал тавихгүй бол горьгүй нь ээ. “Тос дотроосоо өтвөл” гэсэн сургамжтай сайхан монгол үг бий. Оюутолгойнхоон, та нар юу л хийгээд байна даа.

Г.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ