Монголчуудын сайн танил Тедди Риньеье
{!!!right!!!}Жүдо бөхийн дэлхийн аваргын түрүүг долоон удаа хүртсэнээрээ түүхэн дээд амжилт тогтоосон, олимпийн аварга амьдаараа домог мэт хүндлэгдсэн супер од Тедди Ринье өнөөдөр барилдана. Тэрээр +100 кг-ын жинд Астанагийн дэвжээнд гарна. Мэдээж хэрэг жиндээ чансаагаараа дэлхийд тэргүүлсэн хэвээр. Өнөөдөр зөвхөн түүний барилдахыг харах гэж Астанагийн Алау ордонд очигсод олон, дэлхийн өнцөг булан бүрт телевизийн дэлгэцээ ширтэн суугаа спортын хорхойтнууд үй түм.
Монголчуудын хувьд ч мөн адил Тедди Ринье хэзээний танил нэгэн тул монгол жүдочдоосоо дутахгүй түүний барилдааныг шимтэн үзэх монголчууд олон юм. Өнөөдөр яах аргагүй түүний өдөр өө.
Гваделупа гэх Карибийн тэнгисийн жижиг аралд төрсөн Тедди Ринье Парист хүүхэд насаа үджээ. Тамирчны гэмээр бие хаа, төрх бүр таван настайд нь “суусан” гэх. Үүнийг нь анзаарсан эцэг, эх нь хотын нэгэн спорт клубт хүүгээ оруулжээ. Талбайн теннис, хөлбөмбөг, сагсан бөмбөг, усанд сэлэлт гээд спортын аль ч төрлөөр чадваржиж, “онц дүн” авдаг байсан ч жүдо л түүний нүдэнд туссан гэнэ. “Хөлбөмбөг бол багийн спорт. Хэрэв баг муу бол би ялагдана. Гэтэл би хэзээ ч ялагдахыг хүсдэггүй. Харин жүдо бол хувийн спорт, зөвхөн надаас бүх зүйл шалтгаална. Зөвхөн надаас...” хэмээн Ринье өгүүлжээ.
Жүдогийн гол шалгуур бол хурдан шаламгай хөдөлгөөн. Өрсөлдөгчөө нуруугаар нь цэвэр унагаж чадвал “иппон” буюу хамгийн дээд үнэлгээ авч, хормын дотор тулааны ялагч болж чадна. Харин Ринье өрөх мэхэнд дуртай, үргэлж “ганган” иппоноор өрсөлдөгчөө дийлэхийг эрмэлздэг аж. Мэдээж арга, барил, техник чухал. Ринье энэ тухайд “Надад нэг сайн арга бий. Дасгалжуулагч, бид хоёрын хөгжүүлж чадсан нэг онцгой өрөх арга. Гэхдээ Лондон-2012 олимпийн наадамд зориулж шинэ зүйл бэлтгэж байгаа. Мэдээж шаргуу бэлтгэл хийж байна” хэмээн ярьжээ.
Риньегийн жүдогийн татами дахь анхны дурсамж нь тийм ч таатай бус гэнэ. Өдгөө жүдо сонирхогч, үзэгчдийг шуугиулсан тэр мэдрэмжээс огт өөр байсан тухай тэр дурсдаг. Өөрөөсөө хавьгүй жижиг биетэй ахтайгаа барилдаад ердөө 20 секундын дотор цэвэр ялж байжээ. “Ахыгаа ялснаар би эцэг, эхдээ бидний хэн нь илүү хүчтэй гэдгийг, өөрийнхөө боломж, чадварыг харуулсан. Онгирч, бардамнаж, урам зориг дүүрэн байлаа. Гэтэл яг дараа нь ах маань намайг дор нь цэвэр ялсан” хэмээн Ринье ярьжээ. Түүнээс хойш Ринье “Хамгийн сул дорой өрсөлдөгчийг ч дутуу үнэлж болохгүй” гэдгийг яс махандаа шингэтэл ухаарсан гэдэг. Энэ нь ч түүний амжилтын үндэс болж, Ринье дэлхийн аваргад таван удаа, Европын аваргад хоёр удаа түрүүлж, 2008 оны Бээжингийн олимпиос хүрэл медаль хүртсэнээр Францад тэргүүн зэрэглэлийн оддын хэмжээнд үнэлэгдэх болсон байна. Дээр нь биеэ авч явах байдал, хувийн зан араншин нь түүний нэр хүндийг улам өсгөжээ. Алиа, үргэлж инээмсэглэсэн, нүдэнд дулаахан төрх нь бусдыг татах бас нэгэн үзүүлэлт болдог гэх.
Зөвхөн өөрийгөө удирдаж, гагцхүү өөрөөс нь бүх зүйл шалтгаалж, ялалт ялагдлыг амт, эмоцийг сэтгэлийнхээ гүнд чимээгүйхэн илэрхийлж гаргадаг жүдо бөхийн спортоор хичээллэж буй Ринье өнгөрсөн жил Парист болсон ДАШТ-д түрүүлж, дэлхийн аваргын тав дахь титмээ хүртсэний дараа дасгалжуулагч Бено Кампагиг нутгийнхаа хөгжөөн дэмжигчдийн өмнө дээш нь өргөж, баярласан сэтгэлээ илэрхийлсэн гэнэ. Маргааш өглөө нь “L’Equipe” гэх Францын хамгийн алдартай өдөр тутмын спортын сонинд Тедди Риньегийн зураг “Аугаа” гэсэн гарчигтай нийтлэгджээ.
Жүдогийн татамигаас гадуур тэр дөрвөн дугуйт унаж, цанаар гулгаж, хөгжим сонсох дуртай гэнэ. “Би R&B, хип хоп, соул гээд бүхий л хөгжимд дуртай. Jay Z, 50 Cent, Akon гээд л...” хэмээн Ринье ярьжээ. Тэрбээр Akon-г сонсох дуртай. Түүнтэй хамт дуэт дуулах уу гэвэл “Боломж гарвал мэдээж” хэмээн хариулсан гэнэ.
Гайхамшигт Тедди Монголд
Тедди Ринье манай Спортын төв ордонд алхаж яваа нь энэ. Тэр Монголын жүдочдын хөлс хүч шингэсэн дэвжээнээ хэсэг хугацаанд “амьдрах”-аар Монголд ирсэн юм. Монголын шигшээ багтай хамтарсан бэлтгэл хийхээр багийнхныхаа хамт тал нутагт маань зочилсон.
Хамтарсан бэлтгэл хийхийн сацуу халз барилдаанд зодоглосон Францын жүдочид Монголд байх хугацаандаа Чингис хааны хөшөөт цогцолборт зочилсон аж. Тэр үеэр авахуулсан гэрэл зургуудаасаа Тедди Ринье Facebook хуудсандаа оруулаад, Монгол орны байгаль, соёл гайхалтай, хүн ард нь цайлган, зочломтгой хэмээн бичжээ. Мөн тэрбээр бусад найзууддаа Монгол оронд зочлохыг санал болгосон байна лээ. Түүний Монголд авахуулсан гэрэл зургуудаас хамгийн ихээр анхаарал татсан нь олимпийн аварга Н.Түвшинбаяр болоод дэлхийн аварга Х.Цагаанбаатар нартай авахуулсан зураг.
Тэр үед түүний Монголын хэвлэлүүдэд өгч байсан ярианаас сийрүүлж байна.
-Монголд ирсэн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу? Монголд өмнө нь ирж байсан уу?
-Анх удаа Монголд ирж байна. Сэтгэгдэл маш өндөр байна. Монголчууд их сайхан сэтгэлтэй хүмүүс юм. Биднийг их сайхнаар угтан хүндлэн хүлээж авсан.
-Хамт бэлтгэл хийж байгаа Монголын тамирчдын тухайд та юу гэж хэлэхвэ?
-Ер нь Монголын жүдочдын дунд хамгийн том тамирчин нь буюу Олимпийн аварга Түвшинбаяр байна. Мөн тэдний дунд сайн сайн тамирчид их байна. Монголын жүдочид их хүчтэй өрсөлдөгчдийн нэг гэж боддог.
-Манай монголчууд та бүхнийг их дотно хүлээж авсан гэсэн?
-Тиймээ. Үнэн. Монголчууд их сайхан, халуун дотно хүлээж авсан. Үүнд маш их баяртай байна.
-Хамтарсан бэлтгэлийн тухайд юу гэж бодож байгаа вэ?
-Энэ бэлтгэлийн тухайд гэвэл их ач холбогдолтой. Ерөнхийдөө олимпийн бэлтгэл гэж ойлгож болно. Бид 2-р сарын 29-ний өдөр Монголд ирсэн. Тэгээд 3-р сарын 01-ний өдрөөс бэлтгэлээ хийж байна. Өглөө, үдээс хойш гээд өдөрт хоёр удаа бэлтгэл хийж байгаа.
-Олимпийн дэвжээнд өөрийн тань хувьд хүчтэй олон өрсөлдөгч байгаа. Тэр дундаас хамгийн хүчтэй өрсөлдөгчөө хэнийг гэж бодож байна вэ?
-Ерөнхийдөө тэр хүн гол өрсөлдөгч гэж хэлж болохгүй. Яагаад гэхээр миний хувьд бүгд гол өрсөлдөгчид байдаг . Бүгдээрээ маш сайн бэлтгэл хийж байгаа. Тийм болохоор бүгдээрээ миний гол өрсөлдөгч юм.
-Монгол орныг юу гэж төсөөлж байв? Өмнө нь Монголын талаар хэр мэддэг байсан бэ?
-Ер нь Монголын талаар бага төсөөлөлтэй байсан. Уолт Диснейгийн хүүхэлдэйн киногоор Монголыг төсөөлж байлаа./Инээв/ Тэгээд ирэхэд маш сайхан байгаль бид нарыг угтсан.
-Лондонгийн олимпоос өмнө ямар тэмцээнүүдэд оролцох вэ?
-Нэг их тэмцээн байхгүй. Гэхдээ олимпоос өмнө нэг том тэмцээн байгаа. Тэр тэмцээн 4-р сарын сүүлээр болно. Ерөнхийдөө шалгуур нэлээд өндөртэй учраас олимпоос дутахааргүй тийм өрсөлдөөн ихтэй тэмцээн болох байх. Мөн 6-р сард манай багийн зарим тамирчид жүдо бөхийн ДАШТ-д оролцоно. Гэхдээ энэ тэмцээнүүдэд хэн хэн оролцохыг би сайн мэдэхгүй байна. Үүнийг багийн дасгалжуулагч шийдэх байх. Миний хувьд ч мөн адил. Намайг энэ тэмцээнүүдэд оролцох эсэхийг багийн дасгалжуулагч маань шийднэ.
-Сүүлд Парист болсон Их дуулга дээр Бээжингийн олимпод өрсөлдсөн Узбекистаны тамирчин Абдулло Тангриевтай учраа таарч барилдсан. Тэгээд түүнийг ялсны дараа олимпийн үед мөнгөн медалийн төлөө барилдаж ялагдсан тэр үеийн хариугаа авч чадсан уу? /Тэрээр энэ Их дуулгаас алтан медаль авсан юм/ Ер нь сүүлийн үед оролцсон тэмцээнийхээ талаар?
-Хамгийн сүүлийн тэмцээн Парист болсон. Тэр тэмцээнд Бээжингийн олимпод хамт барилдсан өрсөлдөгчтэйгээ таарч барилдсан. Азаар тэрэнтэй таарсан. Яагаад гэхээр түүний яаж барилддаг арга барилыг нь мэддэг учраас би ялсан.
-Маргааш Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчидтай хийх халз барилдааны тухай юу гэж хэлмээр байна?
-Маргааш болох халз барилдаан их сонирхолтой болох байх. Бид ирээд нэлээд хэд хоног Монголын тамирчидтай хамтарсан бэлтгэл хийлээ. Энэ халз барилдаан нэг талаасаа өрсөлдөөн ч гэсэн, нөгөө талаасаа нөхөрсөг барилдаан гэж би бодож байна.
-Цаг гарган бидэнтэй цөөнч гэсэн хэдэн хором яридцсан таньд баярлалаа. Таны цаашдын тэмцээн уралдаан тэр дундаа Олимпод өндөр амжилт үзүүлэхийг хүсэн ерөөе.
-Баярлалаа. Монгол их сайхан нутаг юм. Мөн хүмүүс нь ч тэр их сайхан сэтгэлтэй. Миний хувьд сэтгэл маш өндөр байна. Өндөр сэтгэгдэлтэйгээр Монголд ирээд буцахнээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ