1000 асуултаар эмч болж байгааг таслан зогсооно

Манай эрүүл мэндийн салбар эмчийнхээ тоогоор олон улсын түвшинд дээгүүрт тооцогддог. Гэтэл эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарын талаар ярихад хэцүү. Тиймээс Эрүүл мэндийн яамнаас эмч нарын боловсрол, сургалт чанарт анхаарлаа хандуулж олон ажил хийж байна гэнэ. Үүний нэг нь эмч нарын мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалт. 2008 оноос хойш энэ шалгалт өөрчлөгдөөгүй. Мянган асуулттай нимгэн цагаан номноос л байнга шалгалт авч байсан. Энэ нь олон улсын стандартад ч, бидний бодлоготой ч нийцэхгүй байгаа юм. Иймд асуултын тоо, доторх агуулга, шалгалт авах аргачлалыг өөрчилж ерөнхий эмчийн асуултыг 10 мянга болгож компьютерээр, цахимжуулж мөн хоёр үе шаттай болгоно. Товчхон хэлэхэд 1000 асуултаар л эмч болж байгааг таслан зогсооно гэсэн үг юм байна. Эмч эхлээдцахим шалгалтдаа тэнцэж байж гардан шалгалт өгнө. Ингэсэн цагт эмч нар чанар, дадлага муутай гэгдэх явдал харьцангуй багасах юм байна. Энэ жил 10 мянган асуулт гэж байгаа ч яваандаа улам баяжуулах бөгөөд компьютер автоматаар 100 асуулт сонгох учраас үүнд ямар нэгэн будлиан гарахгүй аж.Харин гардан шалгалтад өвчтөнтэй хэр зэрэг харьцаж байна, хандлага нь хэр байна гэх зэргээр эмчийн ёс зүйтэй холбоотой зүйлийг нэлээд оруулах гэнэ. Гэхдээ мэргэжлийн мэдээлэл болох тогших, тэмтрэх зэрэг ажилбарыг хэр зэрэг хийж байгааг онцгой анхаарах юм байна. Яамнаас цаашлаад уламжлалт анагаах ухааны эмчийн шалгалт, эм зүй, сувилагчийн салбарыг өөрчилилж,нарийн мэргэжлийн бүх шалгалтыг олон улсын түвшинд хүргэхийг зорьж буй аж.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ