Зэвсэггүй, гараа өргөсөн хүнийг цагдаа нар буудан хөнөөжээ

{!!!right!!!}АНУ-ын Техас мужид гарсан нэгэн хэрэг Америкийн олон нийтийг багагүй цочроолоо. Зэвсэггүй, хоёр гараа дээш нь өргөсөн эргийг цагдаа нар ойрын зайнаас буудан хөнөөж буй бичлэгийг Майкл Томас хэмээх оюутан гар утсаараа машин дотроосоо бичиж авчээ. Ингээд бичлэгээ Сан-Антониогийн "KSAT 12 News" телевизийн редакцид 100 доллараар худалдсан байна. Ингэснээр энэ дүрс бичлэг томоохон телевизийн эфирээр цацагдаад зогсохгүй Америкийн нийгмийн сүлжээнд тавигдаж маш олон хүн үзэж бухимдсан сэтгэгдлээ илэрхийлж байгаа аж.

Болсон хэрэг явдлыг тодруулая.

Бексар дүүргээс цагдаа нарт дуудлага иржээ. Нэгэн эмэгтэй Жилберт Флорес гэгч эрэгтэйг хутга барьж айлган сүрдүүлж байгаа тухай дуудлага өгсөн байна. Ингээд цагдаа нар нэгэн байшингийн гадаа очиж гэрийн эзнийг гарч ирэхийг шаардсан байна. Жилберт Флорес гэгч 41 настай цагаан арьстан эр энэ үеэр цагдаа нарын шаардлагын дагуу гэрээсээ гарч иржээ. Тэрээр цагдаа нартай хэдэн үг солилцсоны дараа гараа өргөсөн байна. Гэтэл гараа өргөхтэй нь зэрэг цагдаа нар хоёр удаа түүнийг буудаж газар дээр нь хөнөөсөн байна. Бичлэгийг үргэлжлүүлэн үзвэл өөр машинтай цагдаа нар нэмэгдэн ирж буудуулсан эрийн цогцсыг цамцнаас нь татаж газраар чирж байгаа нь бичигдэн үлджээ.

Олон нийт чухам ямар хэргийн учраас Жилберт Флоресыг баривчлах болсон, хамгийн гол нь яагаад зэвсэггүй хоёр гараа өргөсөн хүнийг шууд буудаж хөнөөв гэдгийг тайлбарлахыг эрх баригчдаас шаардаж байна.

Техасын Бексар дүүргийн цагдаагийн дарга хатагтай Сюзан Памерлоу хэвлэлийн хурал дээр хэлэхдээ "Чухам яагаад ийм хэрэг явдал гарсныг тодруулж үнэн мөнийг олохоор бид ажиллаж байна. Жилберт Флоресыг буудсан болон хэргийн газар дээр байлцсан бүх цагдаа нарыг одоогоор саатуулж мөрдөн байцаалт явуулж байна. Олон нотлох баримт байна. Тэд бүгдийг шалгаж бодит үнэнийг тогтоохоор ажиллаж байгаа. Бидэнтэй Холбооны мөрдөх товчоо хамтран ажиллаж байна" хэмээжээ.

Мөн тэрээр хэлэхдээ цагдаа нарыг очиход Жилберт Флорес хутгатай байсан гэжээ. Гэтэл бичлэгийг цацсан телевизийнхэн Жилберт Флоресийн гарт зэвсэг байгаа нь эргэлзээтэй юм хэмээжээ. Мөн өөр ч дүрс бичлэг байгаа, түүнийг цагдаа нар олон нийтэд үзүүлэхгүй нууцлаж байна, ойр хавийн гудамжны хяналтын камер ч юмуу, цагдаа нарын энгэрийн камерт бичлэг үлдсэн байх ёстой тэднийг ил болгохыг шаардаж байна хэмээн хэвлэлүүд бичиж байгаа аж.

Хэдийгээр гэмт этгээдийг болзошгүй үйлдлээс таслан зогсоосон нь зөв боловч гараа өргөн эсэргүүцэлгүй болсон хүнийг шууд буудсан нь олон нийтэд айдас төрүүлж байна хэмээн цахим ертөнцөд бичицгээж байна.

Энэ хэрэг олон нийтийн эсэргүүцлийг машид хүргэж нийгмийн эмх замбараагүй байдал гаарахад хүрч байгаа тул Техас мужийн амбан захирагч яаралтай шалгаж учир байдлыг тодорхой болгохыг шаардсан байна.

Н.Төгс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ