Оюутнууд шаардлага хүргүүлжээ

Монголын оюутны холбооноос оюутнуудаа төлөөлөн нийслэлийн удирдлагуудад шаардлага хүргүүлжээ. Оюутнуудын нийтийн тээврээр үнэгүй зорчих боломжийг хурдан хангаж өгөхийг шаардан өнөөдөр нийслэлийн удирдлагуудад шаардлагаа хүргүүлсэн байна. МОХ-ны мэдээлж буйгаар шаардлагын хариуг маргааш 12.00 цагийн дотор өгөхгүй бол ойрын хугацаанд жагсаал зохион байгуулахаа мэдэгджээ.
Нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд дөрвөн төрлийн карт гаргасан билээ. Энгийн, ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдийн, оюутны гэсэн дөрвөн төрөлтэй. Гэвч хичээлийн шинэ жил эхэлсэн энэ үед оюутнуудын гар дээр нийтийн тээврээр зорчих карт нь ирээгүй байгаа юм.
Үүнээс гадна МОХ-ны тавьж буй шаардлага нь оюутнуудын хичээл, гэр рүүгээ хүрэх ганцхан удаагийн суулт үнэгүй байх нь буруу гэж үзэж байна. Учир нь сургуульдаа хэд хэдэн автобусаар дамжин ирдэг оюутнуудад хүндрэл учирна хэмээн үзэж байгаа юм. МОХ-ноос оюутнууд нийтийн тээврээр зорчих картыг хаанаас авах нь тодорхойгүй учраас одоог хүртэл тэдний гар дээр карт ирээгүй хэмээн мэдээлсэн.
Тэгвэл энэ талаар “Улаанбаатар смарт карт” компаниас тодруулав. 115 мянган оюутны карт аль дөрөвдүгээр сард үйлдвэрлэгдээд бэлэн болсон гэх мэдээллийг тус компанийн мэргэжилтэн Ц.Түвшинжаргал өгсөн юм. Харин эдгээр картыг МОХ-гоор дамжуулан олгох ёстой. Гэвч МОХ, нийслэлийн удирдлагуудтай тодорхой хэлэлцээрт хүрээгүйгээс өдийг хүртэл оюутны гар дээр карт ирээгүй гэж мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ