Ээлжит бус чуулган хуралдуулах захирамж гаргалаа

УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж өнөөдөр Улсын Их Хурлын ээлжит бус чуулган товлон зарлах тухай 181 тоот захирамж гаргалаа. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн гуравдахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.4 дэх хэсгийг үндэслэн гаргасан тус захирамжид УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 07-ны өдрөөс есдүгээр сарын 18-ны өдрүүдэд зарлан хуралдуулж, дараах асуудлыг хэлэлцэхээр заажээ. Үүнд:
1.Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай асуудал,
2.Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцэхээр заажээ.
Мөн Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг ирэх Даваа гаригийн 09.00 цагт эхлэхээр товлосон бөгөөд УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдааныг өглөө 09.00 цагаас эхэлж үдээс хойш 14.00 цагаас үргэлжлүүлэхээр захирамжилжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ