"Хэл"-гүй мисс "хөл"-гүй

Дэлхийн гоо сайхны олимп 65 насыг зоогложээ. Энэхүү олимпод манай улс 2005 оноос эхлэн оролцож эхэлсэн билээ. Өнгөрсөн хугацаанд Дэлхийн миссийн тэмцээнд томоохон амжилт үзүүлэх боломж бидэнд ойрхон байсан ч манай үндэсний ялагчдын хувийн бэлтгэл үнэхээр хангалтгүйгээс одоог хүртэл дорвитой амжилтанд хүрч чадаагүй л байна. Энэ нь “Мисс Монголия” тэмцээнд оролцогчдод тавигдах шаардлагатай шууд холбоотой хэмээн харагдаж байгаа юм. Тодруулбал, доорх шаардлагыг хангасан охид уралдаанд оролцох болзлыг хангадаг байна.

Өнөөдрийг хүртэлх хугацаанд Монгол оролцогчдын гаргасан хамгийн том амжилт бол 2010 онд БНХАУ-д зохион байгуулагдсан тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон мисс А.Сарнай финалын шилдэг 20-д шалгарсан явдал байлаа.

“Мисс Монголиа Холбоо”-ноос Монголын гоо бүсгүй шалгаруулах “Мисс Монголиа” тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Энэхүү тэмцээний зорилго нь Монгол орны гоо сайхан, үнэт зүйлийг өөрийн оронд төдийгүй дэлхий дахинаа сурталчилан таниулахаас гадна залуучууд тэр дундаа охид бүсгүйчүүдийн нийгмийн идэвхи оролцоо, боловсролыг дээшлүүлэхэд тэмцээний гол зорилго оршдог гэж байгаа. Гэтэл гадныханд битгий хэл монголчууддаа эх хэлээрээ зөв ойлгуулж чадахгүй байгаа хүн яаж гадаад хэлээр ярих нь тодорхой.

"Miss Mongolia" тэмцээний ялагч "Miss International" тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцож, эх орныхоо төдийгүй өөрийн эрхэм хүндтэй нэр алдараа дэлхийд дуурсгах боломжтой болох юм. Гэвч энэ оргилд хүрэхэд дан ганц гоо үзэсгэлэнтэй байх нь хангалтгүй. Хэчнээн царай зүс сайтай ч уншиж, мэдсэн нь хомс, дээр нь хэлний боловсрол анхан шатны түвшинд бол энэ насандаа бүү хэл хойд насандаа ч тэрхүү нүд гялбам титмийг зүүх байтугай дэргэдээс нь харах хувь дутна.

Тиймээс зөвхөн гаднаа биш дотроосоо гэрэлтэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл тархиа цэнэглэх тал дээр манайхан арай хойрго хандаад байна. Наад захын жишээ дурдахад, танилцуулгын явцад оролцогчдын ихэнх нь чөлөөт цагаараа ном уншдаг гэдэг. Үнэндээ үг сонголт, үгийн баялаг, ярианы чадвар үнэхээр хангалтгүй байгаа нь түүнийг хэр уншигч вэ гэдгийг тодорхойлоод өгчихнө. Шүүгч нарын зүгээс хамгийн сүүлд уншсан номын тухай асуухад хэнэг ч үгүй ЕБС-ийн номоо нэрлэсэн жишээч бий.

Цаашилбал, “гадаад хэлний анхан шатны мэдлэгтэй байх” гэсэн манай шалгуур дэлхийн хэмжээний тэмцээнд ороход “100 хувь хангалтгүй” үзүүлэлт болдог жишээг бид олон үзсэн. Цахим ертөнцөд энэ талаар ч багагүй шуугисан болохоор энд элдэв жишээ татаж нурших нь илүүц биз. Энэ жил буюу "Miss Mongolia-2015" тэмцээнд 2 минутад англиар өөрийгөө 100 хувь танилцуулах даалгавар өгчээ. Гэтэл нэгэн оролцогч энэ боломжгүй зүйл хэмээн ярилаа. Монголоороо бид 2 минутад өөрсдийгөө хэр хэмжээнд танилцуулж чадах билээ. Хангалттай олон зүйлийг тоочиж болно. Тэгвэл нэгэнт олон улсад өөрийгөө болон эх орноо сурталчлан таниулах гэж байгаа л бол дээрх хугацаанд наад зах нь өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх чадвартай байх ёстой. Тиймээс "Miss Mongolia” тэмцээний сонгон шалгаруулалтын англи хэлний түвшинг дээшлүүлэх хэрэгтэй.

Нэмж хэлэхэд, манай охид дэндүү эрх танхилаасаа болж дультраа юм шиг хэлээ хазаж ярихаас гадна их туяхан, сульдаа болжээ.

Спортлог миссийн шалгаруулалт бол оноо цуглуулах чухал үзүүлэлтүүдийн нэг. Гэтэл оролцогчид бүгд биеэ даахгүй, гүйж чадахгүй, хөшүүн байна. Мисс болохоор учиргүй хөгжүүлж болохгүй гэж ойлгож болох ч хүчний тал дээр анхаарах, биеийн ерөнхий хөгжил өгөх шаардлагатай гэж шүүгч нарын зүгээс хүртэл хэлж, шүүмжлэлтэй ханддаг.

Эцэст нь, цэвэр ичимтгий монгол бүсгүй гээд бүрэг дуугүй байгаад байвал бусад улс орны сайхан, гялалзсан, цовоо сэргэлэн охидоос яаж ялгарч чадах билээ. Гадныхны бас нэг арга бол аль болох шүүгчдийн нүдэнд олон өртөж, камерын өмнө хойгуур гүйлдэж, байнга өөрийгөө “би би” гэж олонд таниулах явдал юм. Нүүрэмгий зан манай гоо охидод дутаад байна. Энэ мэтчилэн асуудлыг тоочвол цөөнгүй.

Гоо сайхан ертөнцийг аварна гэдэг. Гэвч гоо сайхан чухам юунаас бүрэлдэж байж ертөнцийг аврах тэр агуу хүчийг өөртөө бий болгох вэ? Үүнийг ойлгож гэмээ нь улмаар өөртөө цогцлоох аваас та аяндаа дотроосоо гэрэлтэж, хүсэл мөрөөдөлдөө хүрч чадна.

Царайны сайхнаар цай сүлэхгүй гэж сайхан хэлц үг бий. Хөөрхөн байлаа гээд хөгөнд уярдаггүй, хүнлэг сэтгэлгүй, ухаан мунхаг, эрдэм боловсролгүй, ааль муутай гээд аль муухай нь бүрдсэн бүсгүй хүнийг хэн гоо сайхан эмэгтэй гэх вэ дээ.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ