Л.Гансүхийн өмгөөлөгчид шүүхээс татгалзлаа

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн шүүхэд эхэлсэн Л.Гансүх нарыг шүүх хурал өнөөдөр 10.30 цагт эхэлсэн бөгөөд одоогоор завсарлаад байна. Учир нь Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх, "Эм Жи Эл Эс Би" компанийн захирал Н.Даваахүү, тус компанийн нягтлан бодогч Б.Мөнгөнтуяа нарын өмгөөлөгчид тус шүүхээр хэргийг хэлэлцүүлж шийдвэрлүүлэхгүй байх хүсэлтийг шүүхэд тавьлаа. Өөрөөр хэлбэл, өмгөөлөгчид шүүх бүрэлдэхүүн болох гурван шүүгчээс гадна Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн шүүхэд хэргийг дэнслүүлэхгүй байхыг шаардсан байна.
Энэхүү асуудлыг Нийслэлийн шүүхийн нийт шүүгчид хуралдаж шийдвэрлэхээр болсон тул хурлыг түр завсарлуулаад байна.
Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандоржийн зүгээс “Шүүх бүрэлдэхүүн энэ хэрэгт гадны нөлөөтэйгээр оролцож байгаа. Х.Идэр шүүгчээр хэргийг шийдүүлмээргүй байна. Учир нь Х.Идэр шүүгчийн ах Х.Тамир прокурор хар тамхины хэргээр шалгагдаж байгаа. Гэтэл шалгаж байгаа ажлын хэсгийг АТГ ахалж байна. Ингээд бодохоор цаанаасаа захиалгатай нь харагдаж байгаа биз. Х.Идэр шүүгчийн ахыг Л.Гансүхийн хэрэг шийдэгдэхээс өмнө Ганц худагт хорьж, дүүд нь хэргийг хуваарилаж байна.
Бид дуугүй л байсан. Гэтэл асуудал ийм байдалд хүрчихлээ. Өөрөөр хэлбэл, Х.Идэр шүүгч Л.Гансүхийг яллавал ах Х.Тамир нь ялгүй гарна. Яллаж чадахгүй бол ах нь шоронд орно гэх барьцаа байхыг үгүйсгэхгүй. Тиймээс Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн шүүхэд хэргийг шийдвэрлэхийг өмгөөлөгчийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ