Б.Даваазул: Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан сүх, хутгыг хураан авсан

Орхон аймагт нэг гэр бүлийн таван иргэнд халдаж, хоёр иргэнийх нь аминд хүрсэн этгээдийг баривчилсан талаар манай сайт мэдээлсэн. Гэмт этгээдийг саатуулсан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа юм.

Гэмт хэрэгтэн Э нь эхний мөрдөн байцаалтаараа хэргээ хүлээгээд байгаа аж. Тэрбээр 25 настай Х гэгч эмэгтэйтэй дотно харьцаатай байсан ба улмаар хувийн таарамжгүй харьцаанаас үүдэн гэр бүлийн гишүүдийнх нь аминд хүрсэн байна. Хэргийн талаар Орхон аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Б.Даваазулаас тодруулахад “Манай аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багт таван хүн халдлагад өртөж, хоёр иргэн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.

Гэмт хэргийг 1988 онд төрсөн Булган аймгийн Хангал сумын харьяат Э гэгч үйлдсэн. Э нь хэргийг үйлдээд Эрдэнэт хотоос 80 орчим км газар холдон орогнож байсныг аймгийн цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллан баривчилсан. Одоогоор шалгалтын ажиллагаа хийгдэж байна. Хэрэг үйлдэхдээ ашигласан сүх, хутгыг эд мөрийн баримтаар хураан аваад байгаа” гэсэн юм.

Гэмт этгээдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйл ангиар хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Гэмт этгээдийн халдсан 81 настай эмэгтэй болон 9 настай Э нар газар дээрээ амиа алдсан байна. Харин таван настай 2 хүүхдүүд хөнгөн гэмтсэн бол 25 настай Х гэгч тархиндаа хүнд гэмтэл аван биеийн байдал нь тааруу байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ