Одонгоо зүүгээгүй баатрууд

Хүн төрөлхтний түүхэнд нэр нь тодорч үлдээгүй ч олон мянган хүний амийг аварч, оюун санааны хувьсгалыг асаасан баатрууд цөөнгүй бий. Хамгийн их нэр хүндтэй Нобелийн Энхтайвны шагналыг АНУ-ын Ерөнхийлөгч Теодор Рузвельт, Барак Обама, Жимми Картер, Палестины удирдагч асан Ясир Арафат нарт гардуулж тухайн үедээ шуугиан, шүүмжлэл дагуулж байсныг харахад шагнал бүр нүдээ олоогүй мэт. Харин одоо танилцуулах гэж буй хүмүүс бол амьд сэрүүн цагтаа гавьяагаа дуудуулж, одонгоо зүүгээгүй ч хийсэн үйл нь хэзээ ч үл балрах баатрууд юм.
Оскар Шиндлер
“Шиндлерийн бүртгэл” кино гараагүй байсан бол түүний гавьяаг дэлхий нийт мэдэхгүй өнгөрөх байлаа. Тэрээр дэлхийн II дайны төгсгөл үед Польшийн Кракаов дахь үүлдвэртээ олон зуун еврейчүүдийг ажиллуулснаар тэднийг хорт утаанд хордож үхэх аюулаас аварчээ. Шиндлерийн бүртгэлд 1200 гаруй хүний нэр, яс үндсийг бичсэн байжээ.
Тэрээр Польшийн Плашовын хорих лагерийн харгис комендант Амон Гөттэй хэл амаа ололцохын тулд үе үе хорих лагерьт зочилж тансаг хүлээн авалт, найр цэнгээн зохиодог байжээ. Хамгийн чанартай дарс, сайн навчин тамхийг Амон бэлэглэж байсан нь еврейчүүдийн төлөө байсан гэдгийг комендант мэдээгүй юм.
Шиндлер еврейчүүдийг устгахын оронд ямар нэгэн цалин хөлсгүйгээр үйлдвэрт ажиллуулах нь дайнд ялалтад эергээр нөлөөлнө хэмээн немцүүдийг ятгаж чаджээ. Түүний үйлдвэр эхэндээ паалан эдлэл, ахуйн хэрэглээний зүйлс үйлдвэрлэж байсан ч дайн дуусах үеэр зэвсэг үйлдвэрлэж эхэлсэн гэдэг. Шиндлерийн үйлдвэрийн зэвсгүүд Германы бусад үйлдвэрийн нэр хүндийг давж гарсан, чанартай байсныг эх сурвалжууд бичиж байв. Эдүгээ Израильчууд Шиндлерийн ач гавьяаг хамгийн ихээр санан дурсдаг байна.
Ирена Сандле
Ирена Сандле хэмээх эгэл жирийн польш эмэгтэй 2008 онд 98 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Тэрээр дэлхийн II дайны жилүүд буюу 1939-1945 оны хооронд Варшавын хорих лагерьт сантехникчээр ажилладаг байв. Тэрээр ажлаа дуусгаад хорих лагериас гарч явахдаа цүнхнийхээ ёроолд хүүхэд нуун авч явдаг байсан аж. Мөн ачааны машиныхаа хойно арай том хүүхдүүд багтах хэмжээний хүүдийтэй байсан бөгөөд хүүхдүүдийг чимээ гаргахаас сэргийлэн нохой дагуулж явдаг байжээ.
Ирена Сандле ийм аргаар нийт 2500 гаруй еврей хүүхдийг дайны жилүүдэд аварсан байна. Тэрээр 1943 онд нацистуудад баригдаж, эрүүдэн шүүгдсэн ч еврейчүүдийн байршлыг зааж өгөхөөс татгалзжээ. Түүнд цаазаар авах ял оноосон ч нэгэн герман офицерт хахууль өгч ялаас мултруулсан бөгөөд фашистуудын харгис тамлалд өртөж гар, хөлөө хугалуулсан Ирена Сандле амьд гарчээ.
Абдул Саттар Эдхи
Абдул Саттар Эдхи хэмээх эр өөрт байсан өчүүхэн хөрөнгөө ашиглан 1951 онд Пакистаны Карачид жижигхэн эрүүл мэндийн дэлгүүр нээжээ. Тэрээр анагаах ухааны талаар бага зэрэг мэдлэгтэй байсан бөгөөд тусламж хүсч ирсэн хүн бүхэнд чадах чинээгээрээ дэмжлэг үзүүлдэг байв. Ингэхдээ маш бага мөнгөөр хүмүүст эмчилгээ, үзлэг хийдэг байсан аж.
Удалгүй түүний энэ үйл ажиллагаа өргөжин тэлж, Карачи дахь найз нөхөд, дэмжигчдийнхээ хандиваар “Эдхи” санг үүсгэн байгуулсан байна. Түүнчлэн анагаахын оюутнууд ямар ч төлбөр өгөлгүйгээр ном, эмнэлгийн тоног төхөөрөмж ашиглаж, дадлага хийх боломжтой болжээ. 1957 ондКарачид томуугийн дэгдэлт гарахад Эдхи майхан барьж эмнэлэг бараадсан хүн бүрийг үнэгүй эмчилгээ үзүүлж байсан гэнэ. “Эдхи” сан нийтдээ 10 сая ам.долларын төсөвтэй байсан ч Эдхи нэг ч төгрөгийн цалин авдаггүй байв. 2011 онд түүнийг Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшүүлж байсан юм. Эдүгээ тэрээр эсэн мэнд аж төрж байна.
Хосе Фигерес Феррер
Коста-Рикагийн Ерөнхийлөгчөөр гурван ч удаа сонгогдсон Хосе Фигерес Феррерийн гавьяаг тус улсын ард түмэн өндрөөр үнэлдэг. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс тэгш эрхтэй байх ёстой гэж үздэг байсан тэрээр эмэгтэйчүүдийг сонгуульд санал өгөх эрхтэй болгожээ. Түүнчлэн цэрэг армийг татан буулгаж дотооддоо хууль сахиулах эрхийг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.
Коста-Рикаг тусгаар тогтносон улс болгосны дараа банкны тогтолцоо, нийгмийн халамжийн тогтолцоог бий болгож, бүх нийтийн боловсрол олгох бодлогыг хэрэгжүүлж эхэлжээ. Төв Америк дахь гурав дахь жижиг газар нутагтай Коста-Рикаг өнөөдрийн хөгжилд хүргэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн улстөрч юм.
Фэншань Хэ
Фэншань Хэ 1932 онд Мюнхений их сургуулийг төгсөөд Туркт дипломат нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж байгаад 1937 онд Вена руу шилжжээ. Дараажил нь Гитлер Австрийг хяналтдаа авсны дараа Фэншань Хэ Вена дахь Хятадын Элчин сайдын яамны Ерөнхий консул болж, албан тушаал ахисан байна. Австри улсад 200 гаруй мянган еврей оршин сууж байсан бөгөөд дэлхийн II дайны жилүүдэд фашизмын түрэмгийллээс зугатахыг хичээж байв.
Харин 1938 онд болсон Эвианы бага хурлаар 38 орон еврейчүүдийг хүлээн авахаас татгалзжээ. Еврейчүүдэд виз олгохгүй байхыг Берлин Хятадын Элчин сайдын яаманд анхааруулсан байна. Гэвч Фэншань Хэ дайны жилүүдэд өөрийгөө эрсдэлд оруулан байж 2000 гаруй еврей хүнд виз олгож Европоос гаргажээ. Тэрээр 96 насандаа өөд болсон бөгөөд бөгөөд түүнд “Хятадын Шиндлер” хэмээх еврейчүүд ихэд хүндэтгэлтэй ханддаг аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ