Эв нэгдэлгүйдээ бид яасан юм, монголчууд аа

Ингэж асуухаас аргагүй болов. Өүлэн эх таван хүүгээ түнжинтэй байлгахын тулд таван сумаар сургасан тухай домог буй. Эв нэгдэлгүй, тархаа бутархай байснаас Манжийн эрхшээлд оров гэх өгүүлбэрийг бид түүхээс уншсан. Энэ хоёроос өөрөөр эв нэгдлийн талаар бид нэг их ярьдаггүй. Тэгэх шаардлага ч байхгүй. Харин сүүлийн үед Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн амнаас гардаг хоёр үгийн нэг болов. Энд нам, сонгууль огт падгүй тул дэвшигчдийн нэрийг цагаан толгойн үсгийн дарааллаар өгүүлье. Б.Бат-Эрдэнэ, “Эвийг эрхэмлэнэ”, Н.Удвал, “Эвтэй бол хүчтэй”, Ц.Элбэгдорж мөрийн хөтөлбөрийнхөө 5.14-т “Эв нэгдэл” хэмээн тунхаглажээ. Тэд уулзалт болгондоо энэхүү дэд уриагаа хэлсээр явна. Яагаад энэ үг гэнэт онцын чухал болов гэдэг нь сонин. Ганцаар ухаж эс чадаад уншигчидтайгаа санал солилцож байгаа царай минь л дээ. Энгийн жишээ авч үзлээ. Эхнэр Дорнодын, би Баян-Өлгийн угсаатай. Өөрөөр хэлбэл, буриад, урианхай хоёр. Амьдралынхаа туршид ам муруйсан нь цөөнгүй ч, бие биенээ буриад, урианхайгаар дуудсанаа санадаггүй ээ.Ажлын хамт олон дээрээ бодлоо. Халх нь ч, хасаг нь ч, урианхай нь ч, өөлд нь ч, дөрвөд нь ч, буриад нь ч байх. Нээрээ сонин шүү. Арав гаруй нөхөд ингэж интернационалжих гэж. Ажил төрлийн улмаас ам муруйх зүйл бас байжээ. Мөн л бие биенээ нациар/яс үндсээр/ дуудсан нь үгүй.Улсын энгээр сонирхвол, “Дөрвөд хүн хүн биш, дөрвөн шийр мах биш”, “Сайн буриад сарын найз”, “Булганыхан будилаантай, будаан дээрээ зодоонтой”, “Шанага нь тав, шавхар нь гурав”, “Сайран хөлт/сайн эрийн хөлт/” гэх хэлц үг байх. Гэхдээ энэ нь нөхөрсөг шог болохоос эв түнжинд хүрэх хэмжээний зүйл биш.Наадмаар талцчих шахдаг. Ардын хувьсгалын тавь, жар, дал, ерэн жилээр Увсын бөх түрүүлсэн нь үнэн. Тэглээ гээд түнжин хагарсан юм алга. Монголын төрийг сүүлийн хэдэн арванд баруун аймгийнхан барьсан гэх нь бий. Тэгээд юу ч болоогүй. “Одоо төв халхчууд, ядаж зүүн чигээс төр нэг баръя гэх” үг би л лав сонсоогүй. Тэгэхээр бас л эв нэгдэлтэй холбоогүй мэт. Ер нь тийм байна. Харин, хүн амын маань таван хувьд ч хүрэхгүй авлигачид, олигархиудаас үүдэлтэй зүйл байх шиг. Иргэдээ баян хоосон, хөрөнгөтэй хөрөнгөгүй, чадалтай чадалгүй, цагаан хар, дарга цэрэг, ардчилсан ардчилаагүйгээр нь тэд л заагладаг юм байна. Нэг үгээр хэлбэл, хагаралдуулж, эв түнжинг нь алдагдуулахыг мөнөөх нөхөд л оролддог хэрэг. Тэглээ гээд, ямаа туйлаад янгиа эвдэхгүйн үлгэр л болохоос хэтрэхгүй. Сая 500000 ам дөрвөлжин нутагт тархай суудаг, сүүлийн жилүүдэд л огцом суурьшиж буй гурван сая хүрэхгүй монголчууд эв эвдрээд хаачих билээ дээ. Санаанд ч байхгүй юм бүү сануулцгаа. Эв нэгдэлгүйдээ бид ер нь яасан юм, монголчуудаа. Энэ хөгийн уриаг больё,тэгэх үү?

Г.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ