Х.Клинтоны жиргээ эмийн компаниудын хувьцааг унагав

АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Хиллари Клинтон биотехнологийн компаниуд эмийн үнийг хэт өсгөж буйтай тэмцэх төлөвлөгөөгөө удахгүй танилцуулна гэдгээ твитерт жиргэжээ. Үүний дараа “Nasdaq” биржид бүртгэлтэй америкийн эм үйлдвэрлэгч компаниудын хувьцаа 4.7 хувиар унасныг “Блүүмберг” агентлаг мэдээлсэн байна. Нэр дэвшигч “Онц чухал эмийн зах зээлд ийм үнийн савалгаа дургүйцэл төрүүлж байна.
Үүнтэй тэмцэх талаарх төлөвлөгөөгөө маргааш танилцуулна” хэмээн тэрбээр жиргээндээ бичсэн аж. “Нью-Йорк Таймс” сонины өмнөх өдрийнх нь дугаарт гарсан нийтлэлд “Turing” компани 60 жилийн өмнө гарган авсан дараприм хэмээх антибиотикийнхоо үнийг 13.5 ам.доллар байсныг 750 болгон өсгөснөөс ДОХ, өмөн үүтэй хэдэн сая өвчтөн хүнд байдалд орсныг өгүүлжээ.
Мөн тус компанитай өрсөлдөгч байгууллагууд хуулийн дагуу патентын хугацаа нь дууссан уг эмийн дээжээс авч хуулбарыг нь өөр нэрээр гаргах эрхтэй боловч “Turing” тийм боломж олгоогүйг бичсэн байна. Харин “Turing”-ийн захирал Мартин Шкрели “Уг эмийн үнэ харин ч бага ба уг эм 50 мянган ам.доллар байсан ч хүний амийг аврах увдистай” хэмээн мэдэгджээ. Энэ бол АНУ-д эмийн үнийг хүссэн зоргоороо нэмж буй анхны тохиолдол биш гэнэ.
Тухайлбал, доксициклин хэмээх нэлээд түгээмэл антибиотикийн үнэ 2014 онд нэг боодол нь 20 ам.доллараас 1800 хүртлээ нэмэгджээ. Учир нь эмийн үнийг тухайн бүтээгдэхүүний патентыг эзэмшигч тогтоодог байна. Энэ оны долдугаар сард хавдар судлалаар мэргэшсэн Америкийн 100 гаруй нэртэй судлаач эмийн үнэ огцом нэмэгдэж, өвчтөнүүдэд хүнд тусч буй үзэгдэлтэй тэмцэхийг уриалсан юм.
АНУ-д эмнэлгийн үйлчилгээ өндөр өртөгтэй байдгаас тус улсын ДНБ-ий 17 орчим хувийг энэ салбарт зарцуулдаг аж. Мөн эм үйлдвэрлэлийн томоохон компаниуд ашгийнхаа 40 орчим хувийг АНУ-ын зах зээлээс олдог байна. Гэвч эмийн компаниуд бүтээгдэхүүнээ өндөр үнээр борлуулснаар шинэ эм бүтээх ажилдаа ихээхэн хөрөнгө зарцуулах боломжтой болдог хэмээн үүнийгээ тайлбарладаг.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ