Зэвсэгт хүчний 032 дугаар анги тэргүүллээ

Монгол Улсын тусгаар тогтнол, түүнийг батлан хамгаалах цэрэг, Зэвсэгт хүчний хүчин чадлыг харуулсан “Монгол цэргийн жавхаа” тэргүүний жагсаалч хамт олон шалгаруулах уралдаан өнөөдөр Сүхбаатарын талбайд ялагчаа тодрууллаа. Улаанбаатар хотын цэргийн хүрээний анги, нэгтгэлүүд оролцсон энэхүү уралдаан хоёр үе шаттай явагдсан. Өнөөдөр шалгарсан ес буюу Зэвсэгт хүчний 013, 029, 032, 084, 120, 150, 326 дугаар, дотоодын цэргийн 805, хилийн цэргийн 151 дүгээр ангиуд шилдгийн төлөө өрсөлдлөө.

“Монгол цэргийн жавхаа” уралдааны II шатанд шалгарсан “Тэргүүний жагсаалч” есөн ангийн хамт олон ёслолын жагсаалын үзүүлэх тоглолтыг сонирхуулж, шүүгчид шилдгүүдийг шалгаруулав. Тэргүүн байранд Зэвсэгт хүчний 032, удаах байрт 150, дараагийн байрт 084 дүгээр анги тус тус шалгарлаа.

Дашрамд дуулгахад, Улаанбаатар хотын цэргийн хүрээний ангиудын “Монгол цэргийн жавхаа” Тэргүүний жагсаалч хамт олон шалгаруулах уралдаан 23.00 цагт “Үдшийн нийтийн цэнгүүн”-ээр өндөрлөнө. Цэнгүүнд Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга, Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцон уран бүтээлээ толилуулж, ёслолын буудлага хийх юм байна.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ