Австрали улсад бүлэг хүчингийн хэрэгт холбогдсон монгол залууст элчингээс өмгөөлөгч гаргаж өгчээ

Австралийн Сидней хотноо Монгол залуус хүчингийн хэргээр саатуулагдсан талаар манай сайт мэдээлсэн. Тодруулбал, Монгол залуус Backpage.com.au сайтаар дамжуулан хохирогч бүсгүйтэй секс хийхээр тохирч, уулзсан газраа хутга хэрэглэн, бүлэглэн хүчиндэж, дээрэмдсэн байна. Хэрэгт 21 настай Т.Б, 22 настай А.Т нарыг сэжиглэн саатуулаад байгаа бөгөөд тэд Австрали улсад оюутны визатай түр оршин сууж байгаа юм байна.

Энэ талаар ГХЯ-ны Консулын газрын захирал Б.Болдоос тодрууллаа.

-Монгол залуус Австралид хүчингийнхэргээр саатуулагджээ. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Энэ сарын 23-ны өдөр Австралийн Сидней хотод Монгол улсын хоёр иргэнийг саатуулсан. Саатуулсан тухайгаа тухайн өдрөө Элчин сайдын яаманд Сидней хотын цагдаагийн газраас мэдэгдсэн байдаг. Тэр даруй бид ар гэрийнхэнд нь мэдэгдэж, Элчин сайдын яамнаас хоёр иргэндээ орчуулагч олж өгөх, өмгөөлөгчтэй нь холбож өгөх зэргээр шаардлагатай арга хэмжээнүүдийг авч ажилласан.

-Хэрэг одоо ямар шатандаа яваа вэ?

-Анхан шатны шүүх хурал нь болж, нотлох баримт хангалтгүй байна гэсэнүндэслэлээр шүүх хурлыг 11 сарын 19-ны өдөр хүртэл хойшлуулсан байна. Шүүх хурлын эцсийн шийдвэр гартал монгол улсын хоёр иргэнийг сэжигтэн гэж үзнэ үү гэхээс гэмт хэрэг үйлдсэн этгээд гэж үзэх боломжгүй. Үүнд хэвлэл мэдээллийнхэн бас анхаарах ёстой.

-Хэрэгт холбогдоод буй иргэдийн хувьд тэнд сурдаг байсан юм уу?

-Оюутны визээр оршин суудаг байсан гэх мэдээлэл байна.

-Манай улсын иргэн Н.Золзаяад хар тамхины хэргээр Малайзын шүүхээс цаазын ял оноосон байна лээ. Үүнд ГХЯ хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

-Шүүхийн шийдвэр эрт гарсан. Анхан шатны шүүхээс Н.Золзаяаг гэм буруугүй гэж үзсэн ч давж заалдах шатны шүүхээс цаазын ял оноосон. Одоо Дээд шүүхийн хуралдааныг хүлээж байна. Дээд шүүхээс нааштай хариу гарах болов уу гэж бид найдаж байгаа.

-Гадаадад байгаа монголчууд гэмт хэрэгт их холбогдож байна. Энэ асуудалд ГХЯ хэрхэн урьдчилан сэргийлж ажиллаж байна вэ?

-Ялангуяа БНХАУ-д манай улсын иргэд гэмт хэрэгт их холбогддог. Хулгай хийх, биеэ үнэлэх зэрэг гарсаар байна. Бидний зүгээс мэдээлэл ирсэн даруйд тухайн саатуулсан хүчний байгууллагатай холбогдож, шаардлагатай тохиолдолд орчуулагчаар хангах, өмгөөлөгч олж өгөхийг хүсэх, ар гэрийнхэнд нь мэдээлэх зэргээр ажиллаж байна. Хэрэг гарсан хойно нь биш аль болох урьдчилан сэргийлэх чиглэлээр ухуулга, сурталчилгаа байнга хийж байгаа. Оны эхээр хилийн чанадад зорчиж байгаа иргэддээ зориулж гарын авлага боловсруулж, боомтуудаар тараах, Элчин сайдын яамтайгаа цахим хуудсаар дамжуулж анхааруулга өгөх зэрэг арга хэмжээ авч ажиллаж байна.

-Малайз улсад манай улсын элчин сайдын яам байхгүй учраас гэмт хэргийн золиос болох тохиолдол их гардаг. Харин саяхан өргөмжит Консулын газартай боллоо. Үр дүн гарч байна уу?

-Өмнө нь байж байгаад нэг хэсэг хаагаад эргээд байгуулсан. Өргөмжит консул гэдэг маань тухайн улсын иргэн байгаа. Монгол улсыг төлөөлж ажиллах сонирхолтой, монгол иргэдэд туслалцаа дэмжлэг үзүүлэх хүсэл эрмэлзэлтэй, санхүүгийн чадамжтай иргэнийг сонгон шалгаруулж ажиллуулдаг. Малайзад ч энэхүү шаардлагаа тавин ажиллуулж байгаа. Үр дүн мэдээж гарч байна.

-Малайзад амиа хорлосон гэх манай улсын иргэний хэрэг юу болсон бэ?

-Найзуудтайгаа наргиж байгаад маргалдан, цонхоороо үсэрч нас барсан талаар хэвлэлүүд мэдээлсэн. Тухайн улсын цагдаагийн газраас шалгаж амиа хорлосонг нь тогтоосон байна.

-Мафийн золиос болж буудуулсан эмэгтэйн хэрэг шийдэгдсэн үү. Биеийн байдал нь ямар байгаа вэ?

-Шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа. Эмэгтэйн хувьд эмнэлэгт хэвтэн шаардлагатай эмчилгээнүүдээ хийлгэж, биеийн байдал нь сайжирсан. Ар гэрийнхэн нь монголоос очиж уулзсан байдаг. Уг хэрэгтэй холбогдуулан эмэгтэйг шалгах шаардлагатай гэж үзсэн учраас Малайзад байцаалт өгөөд явж байгаа. Хэрэг эцэслэн шийдэгдээгүй байна.

-Хэрэгт ямар хүмүүсийг сэжиглэн шалгаж байгаа вэ?

-Машинд нь хамт явж байсан, буудсан этгээдүүдийг сэжиглэн шалгаж байгаа гэх мэдээлэл байна. мөрдөн байцаалтын явцад яваа хэрэг учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гээд байгаа. Хэрэг шийдэгдсэний дараа Элчин сайдын яамаараа дамжуулан мэдээлэл авч мэдээлэх болно.

Б.Чимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ