Хятадын хөрөнгө оруулалт өрнөд рүү цутгаж байна

Дэлхийн эдийн засагт голлох байр суурийг эзэлдэг өмнөд хөрш Хятад улс Европын орнуудад нөлөөллөө нэмэгдүүлэх, зах зээлээ өргөжүүлэх зорилгоор томоохон хөрөнгө оруулалтуудыг хийж эхлээд байгаа билээ.
Үүний нэг нь Лос-Анжелос, Лас Вегас хотуудыг холбосон өндөр хурдны төмөр замын төсөлд Хятадын олон улсын төмөр замын консорциум Америкийн хөрөнгө оруулагчтай хамтран ажиллахаар болсон явдал юм.
Энэхүү мэдээллийг дээрх байгууллагууд өнгөрсөн пүрэв гаригт албан ёсоор мэдээлж, Хятадын олон улсын төмөр замын консорциум уг төсөлд нийт 100 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх болсныг мэдэгдсэн. Үр өгөөж өндөртэй энэхүү хурдны төмөр замын төслийг 2016 оны есдүгээр сараас эхлүүлэхээр төлөвлөжээ.
Лас Вегас-Лос-Анжелосыг холбосон хурдны төмөр зам бий болсноор Америкийн баруун урд хэсгийн дэд бүтэц, хүн амын амьжиргаанд эерэг нөлөө авчрахын зэрэгцээ шоу цэнгээний төв хэмээгддэг Лас Вегасыг зорих жуулчид онгоц болон автомашинаар л очдог байдлыг халах юм. Ингэснээр тус хотыг зорих жуулчдын тоо хэд дахин нэмэгдэнэ хэмээн тооцоолж байна. Уг төмөр зам нь нийтдээ 370 км үргэлжлэх ба Хятад улсаас АНУ-д хөрөнгө оруулж, хэрэгжүүлэх гэж байгаа хамгийн анхны өндөр хурдны төмөр замын төсөл болж байна.
Хятадын Ерөнхийлөгчийн айлчлалын өмнөхөн хийгдсэн хэлэлцээрийн тухай Хонконгийн шинжээч Гари Вон сонирхолтой дүгнэлт хийснийг Германы “Deutsche Welle” агентлаг онцолсон байна.
Гари Вон “Төмөр замын төслийн нийт өртөг нь 5 тэрбум орчим ам.доллар. Уг төслөөс ашиг олох нь Хятадын компаниудын гол зорилго биш. Төмөр зам бол улс орны чухал салбаруудын нэг. Энэ салбарт гадны хөрөнгө оруулагч орж ирэх нь саад бэрхшээл ихтэй байдаг. Хятад улс энэ төслөөр Америкт хөл тавих үүд хаалгаа нээж байна гэж харж болно. Нэгэнт хөл тавьсны дараа тэд өөрсдийн байр сууриа өргөжүүлэх, нөлөөллөө ихэсгэх ажлыг хийж эхэлнэ. Мөн төмөр замын төсөлд өөрсдийн технологийг ашиглаж чадвал энэ технологио бусад оронд зарахад илүү хялбар болно. Мөн Хятадын хамгийн том галт тэрэг үйлдвэрлэгч CRRC корпорацийн хувьд ч үйл ажиллагаагаа улам өргөжүүлэх, өрсөлдөгч нараасаа давуу байдалтай болох зэрэг олон чухал ач холбогдолтой” гэжээ.
Хятад улс нь сүүлийн 12 жилийн хугацаанд 17 мянган км төмөр замыг барьж байгуулаад байгаа ч хурдны төмөр замын технологиороо Япон болон Европын зарим улсыг хараахан гүйцэж чадаагүй байгаа юм.Ер нь ганц энэ төсөл ч биш Европын орнуудыг чиглэсэн Хятадын хөрөнгө оруулалтын урсгал ихээр нэмэгдэж буйг олон улсын шинжээчид онцолсоор байгаа юм.
Тухайлбал, энэ оны эхний дөрвөн сарын дотор БНХАУ-ын хөрөнгө оруулагчид Их Британийн аялал жуулчлалын “Thomas Cook”, Италийн “Pirelli”, Германы зурагт үйлдвэрлэгч “Metz”, Швейцарийн “Sport & Media” маркетингийн компани, Грекийн Пирей боомт, Италийн “Vivat” даатгалын компани, Италийн “AC Milan” хөлбөмбөгийн клуб зэргийг заримыг нь худалдан авч, заримд нь хөрөнгө оруулалт хийжээ.
Хятадын хөрөнгө оруулагчид Европт, тэр дундаа ялангуяа Герман, Их Британид ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийж, цар хүрээ нь жил ирэх тусам өсөн нэмэгдэж байна. Зөвхөн Германы нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа хятад компанийн тоо л гэхэд 1300 давж, 16 мянган ажлын шинэ байр бий болгосон байна.
“Ernst & Young” (E&Y) гэх олон улсын консалтингийн компанийн Герман дахь салбарын хийсэн судалгаагаар БНХАУ-ын хөрөнгө оруулагчид2009 онд Германд 2 компани худалдан авч байсан бол 2013 он гэхэд 28, 2014 онд 36 компани авчээ. Их Британид мөн адил хугацаанд худалдан авсан компаниудын тоо 13-аас 26 болж нэмэгдсэн. Нийт Европын хэмжээнд ийм хөрөнгө оруулалт, худалдан авалтын тоо 2007 оноос хойш гурав дахин өссөн гэжээ.
Мөн Хятадын хөрөнгө оруулагчид зөвхөн компани худалдан авах бус үйлдвэрлэл ба үйлчилгээний компаниуд байгуулах замаар шууд хөрөнгө оруулалт хийх нь нэмэгдэж байгаа аж. Германы Засгийн газрын “Germany Trade & Invest” (GTAI) агентлагаас гаргасан илтгэлд гадаадын хөрөнгө оруулагчид Германд 1199 шинэ төсөлд хөрөнгө оруулалт хийж,шинэ компани байгуулсан нь 2013 оныхоос 21 хувиар нэмэгдсэн үзүүлэлт болжээ.
Эдгээрээс Хятадын хөрөнгө оруулагчид 2014 онд 190 шинэ төсөлд хөрөнгө оруулалт хийсэн нь 2013 оныхоос 37 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Хятадын хөрөнгө оруулагчид одоо ажиллаж буй компани, үйлдвэрүүдэд хөрөнгө оруулалт хийхдээ өнөө маргаашийн ашгийн төлөө бус шинэ технологи, менежментийн орчин үеийн аргыг өөрийн болгох зорилгыг агуулдаг байна.
Ийнхүү Европт хятадын хөрөнгө оруулалт нэмэгдэх болсон нь тус улсын Засгийн газраас шинэ хууль батлан үндэсний компаниудынхаа дэлхийн зах зээл дээрх өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд олон улсад хөрөнгө оруулалт хийхийг дэмжих бодлого баримталж ажиллаж буйтай салшгүй холбоотой юм.
Н.Төгс
СЭТГЭГДЭЛ БИЧИХ