Р.Бурмаа: Тэрбум долларын махыг ганцхан энэ жил гаргахгүй

Монгол Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы/2015.10.02.Баасан гараг/ үдээс хойших нэгдсэн хуралдаан 14 цаг 39 минутад эхлэв.

Энэ удаагийн нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын явцын талаар мэдээлэл хийсэн юм.

Тэрээр, дэлхий даяар уур амьсгалын өөрчлөлт эрчимтэй явагдаж, ялангуяа жилийн туршид орох хур тунадасны хуваарилалт өөрчлөгдөн, гэнэтийн хүчтэй аадар бороо, цас, хуй салхины давтамж нэмэгдэх болсон, мөн манай улсын олон жилийн цаг агаарын хандлагаас харахад бичин жил хөдөө аж ахуй, ялангуяа мал аж ахуйн өвөлжилтөд хүндрэл учруулж ирснийг харгалзан Засгийн газраас өвөлжилтийн бэлтгэлийг хангахад онцгой анхаарал тавьж байна.

Ус цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс боловсруулан гаргаж олон нийтэд тархаасан энэ оны 4 дүгээр улирлын цаг агаарын төлөв байдлын таамаглалын мэдээллээс үзвэл энэ намар, өвлийн эхний сарын цаг агаарын байдал тогтвортой бус, ялангуяа 12 дугаар сард нутгийн ихэнх хэсэгт олон жилийн дундачаас ахиу цас орох төлөвтэй байна. Иймд ус цаг уурын хүрээлэнгээс нийт малчдад хадлан тэжээл бэлтгэх, татаж байршуулах, отор нүүдлийг ахиу цас орж, даваа гүвээний зам хаагдаж болзошгүй нөхцөл тулгарахаас өмнө зохион байгуулах нь зүйтэй гэсэн сэрэмжлүүлгийг гаргаж орон нутгийн засаг захиргаа болон олон нийтэд хүргүүлсэн.

Эрчим хүчний салбарын бэлтгэл ажлын явц. Эрчим хүчний салбарын хэмжээнд өвлийн бэлтгэл хангах ажлын хүрээнд их засвар, хөрөнгө оруулалт, техник зохион байгуулалтын 3 үндсэн чиглэлээр арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ 9 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар үндсэн тоноглолын их засварын ажлын гүйцэтгэл 90.0 хувьтай байна.

Төвийн бүсийн эрчим хүчний нүүрс олборлогч уурхайнуудынхэмжээгээр энэ 9 дүгээр сарын 20-ны байдлаар өвөлжилтийн бэлтгэл ажлын явц 60 хувьтай байна. Дулааны цахилгаан станцуудын гадна талбай дээрхи нүүрсний нөөцийн хэмжээ 296.5 мянган тонн буюу өвлийн их ачааллын үед зарцуулагдах хоногоор тооцвол 11.7 хоногийн нөөц бэлтгээд байна.

Төвлөрсөн хот, суурин газруудын хэрэглэгчдийг 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн дулааны эрчим хүчээр хангаж эхэлсэн ба 9 сарын 20-ны байдлаар Улаанбаатар хотын нийт хэрэглэгчдийн 88 хувийг, Дархан болон Эрдэнэ хотын нийт хэрэглэгчдийн нийт хэрэглэгчдийн 100.0 хувийг, Хөвсгөл, Сэлэнгэ, Архангай, Булган, Сүхбаатар, Завхан, Төв, Увс аймгийн төвүүдийн хэрэглэгчдийн 80 хувийг тус тус дулаанаар хангаад байна.

Хөдөө аж ахуйн салбарын өвлийн бэлтгэл ажлын явц. Засгийн газраас аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 29.4 мянган тонн өвс, 11.1 мянган тонн тэжээл бэлтгэх үүрэг даалгавар өгснөөс одоогийн байдлаар 10.5 мянган тонн өвс, 1.2 мянган тонн тэжээл бэлтгэж, хадлангийн бэлтгэл 65.9 хувьтай, тэжээл бэлтгэл 63.0 хувийн гүйцэтгэлтэй байна. Говьсүмбэр, Орхон, Өмнөговь, Дорноговь аймгууд сайн бэлтгэсэн, бусад аймгууд хадлангийн татан авалтаа хийж дуусаагүй, тэжээлийн хувьд худалдан авалтын сонгон шалгаруулалтын ажил явагдаж байна.

Уур амьсгалын хуурайшилт, гантай болон гандуу байснаас ургац алдсан үр тарианы чиглэлийн аж ахуйн нэгжүүдийн бэлтгэсэн ногоон тэжээл, рапсын шахдасыг улс, аймгийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд худалдан авч, малын тэжээлийн нөөц бүрдүүлэхээр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэж, зохих хөрөнгийн эх үүсвэрийг гаргахаар тогтсон. Өвөлжилт хүндэрч болзошгүй аймгуудын улсын нөөцийн өвс, тэжээлийн цэг, салбаруудад малын хүчит тэжээл худалдан авч байршуулахад 2,0 тэрбум төгрөг зарцуулахаар шийдвэрлэж, улсын нөөцийн өвс, тэжээлийг бүрдүүлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Энэ намрын ургацын урьдчилан балансаас тооцоход гурилын үйлдвэрүүдэд шилжиж буй улаанбуудайнаас 58.0 мянган тонн хивэг, 12.6 мянган тонн багсармал тэжээл үйлдвэрлэгдэж, тариалалтаас 53.0 мянган тонн ногоон тэжээл нийлүүлэгдэх төлөвтэй байгаа бөгөөд энэ нь малын хүчит тэжээлийн дотоодын хэрэглээг хангах боломжтой гэж үзэж байна.

Өвөл, хаврын бэлчээрийн даацын судалгаагаар ирэх өвөл, хавар нийт нутгийн 60 хувьд бэлчээр хүрэлцээтэй, 40 хувьд бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн байна. Даац олон дахин хэтэрсэн аймгуудын (Увс, Баян-Өлгий, Архангай, Өвөрхангай, Булган, Баянхонгор) ихэнх сумд, бусад(Ховд, Говь-Алтай, Хөвсгөл, Төв, Хэнтий) аймгуудын зарим сумын урьдчилсан байдлаар 15.0 мянган өрхийн 3.5 сая малыг сум болон аймаг дундын отрын бүс нутаг, хилийн зурвас, байгалийн тусгай хамгаалалттай бүс нутгуудад өвөлжихөөр байна.

Оны эхний 9 сарын байдлаар мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээ 85.0 хувьтай, малын бруцеллёз, цэцэг, галзуу, цусан халдварт, сахуу өвчнөөс сэргийлэх арга хэмжээний тарилга, паразиттах өвчнөөс сэргийлэх намрын угаалга, туулгалт, шүлхийн вакцинжуулалтын ажил энэ 10 дугаар сард хийгдэж дуусна. Одоогийн байдлаар манай улс гоц халдварт өвчний хувьд тайван байна.

Малын тоо толгойн өсөлт, бэлчээрийн даац, малын тарга хүч авалтаас хамааран энэ жилийн өвөлжилтийн бэлтгэл ажлын гол нэг асуудал нь махны экспортыг нэмэгдүүлэхэд анхааран ажиллаж байна. Манай улсын хувьд 128.5 мянган тонн мах экспортлох боломжтой тооцоотой байна.

Засгийн газрын 2015 оны 321 дүгээр тогтоолоор махны нөөц бүрдүүлэх болон экспортын зориулалттай мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэднийт 180.0 тэрбум төгрөгийн зээлийн хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэсэн. Хөрш орнуудад гаргах махны экспортыг нэмэгдүүлэх зорилгоор БНХАУ болон ОХУ-ын холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Цаашид махны экспортын квотыг нэмэгдүүлэх талаар Хүнсний аюулгүй байдлын зөвлөлд хандаад байна.

Энэ 9 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар нийтдээ 100.4 мянган га-гаас 83.8 мянган тонн үр тариа авч, ургац хураалтын явц 33.8 хувьтай, хүнсний ногооны хураалт 68.1 хувьтай үргэлжилж байна. Ургац хураалтын ажил 10 дугаар сард багтаж дуусах төлөвтэй байна. Ургац хураалтын дүнг үндэслэн 100.0 мянган тонн хүнсний улаанбуудай, 20 хүртэл мянган тонн үрийн улаанбуудайн нөөц бүрдүүлэхэд шаардагдах 80.0 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээлийн эх үүсвэрийг бүрдүүлэх чиглэлээр ажиллаж байна. Импортоор авах хүнсний болон үрийн буудайг гадаад талдаа нэг цонхны бодлогоор хэрэгжүүлэх, харин дотоод талдаа Тариаланг эрхлэлтийг дэмжих сан болон дотоодын гурилын үйлдвэрлэгчдийн хамтарсан хэлцэлээр хэрэгжүүлж ажиллахаар төлөвлөж байна.

Эрүүл мэнд, боловсролын салбарын бэлтгэл ажлын явц. Эрүүл мэндийн салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлын явц 85 хувьтай байна. Алслагдсан сум, багийн иргэдэд үзүүлэх яаралтай тусламжийн эм, эмнэлгийн хэрэгслээр 100 хувь хангагдаж, Улаанбаатар хотын 9 эрүүл мэндийн байгууллагад, 18 аймагт нийт 47 түргэн тусламжийн автомашиныг олгох ажил ханган нийлүүлэлтийн шатандаа явагдаж байна. Боловсролын салбарын хувьд их засварын ажил 96.5 хувийн хэрэгжилттэй, тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 99.0 хувьтай байна. Одоогийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл хийх шаардлагатай 52 сургууль, 40 цэцэрлэг, 8 дотуур байр, 15 соёлын салбарын байгууллага, 2 спорт заал байна. Эдгээр обьектын засварын ажилд 7.7 тэрбум төгрөг шаардагдаж байна. Уурын зуухны эвдрэл гэмтэл, дулааны өрийн улмаас халаалтаа авч чадаагүй боловсролын салбарын харьяа 62 байгууллага байна хэмээн гишүүдэд мэдээлсэн.

Мөн мэдээллийнхээ төгсгөлд, манай улсын эдийн засгийн нөхцөл хүндхэн байгаа энэ үед малын зүй бус хорогдол, эндэгдэлгүй өвлийг өнтэй давж, хэвийн үйл ажиллагаагаа алдахгүй байх нөхцөл боломжийг хангах явдал бол иргэд, малчид, байгууллага, аж ахуйн нэгж бүрийн өөрсдийн хүчин чармайлт, хариуцлагаас ихээхэн хамаарах учраас энэ завшааныг ашиглан нийт иргэд, малчид, байгууллага, аж ахуйн нэгжид үлдэж буй богино хугацаанд өвлийн бэлтгэлээ цаг алдалгүй сайтар ханган ажиллахыг уриалж байна хэмээв.

Үүний дараа Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан цөөнхийн бүлгийн буюу МАН-ын бүлгийн гишүүд Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдээс өвөлжилтийн бэлтгэл ажил болон нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар тодруулга хийж, сонирхсон асуултдаа хариулт авсан юм.

М.Энхболд: Ерөнхий сайд УИХ-ын танхимд орж ирж, улс орны амьдралтай холбоотой мэдээлэл хийж байгаад баярлаж байна. Би таны мэдээлэл дотроос эрчим хүчний өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар олж сонссонгүй.

Энэ талаар тодруулмаар байна. Говьсүмбэр аймагт дөрвөн тойрогт МАН ялсан. Гэтэл одоо хүртэл засаг дарга нарыг нь батламжлаагүй байна.Ургацынхаа 50 хувийг алдлаа гээд баахан хэрэлдсэн. Өнөөдрийн байдлаар ургац хураалт муу байгаа. Эдийн засаг хүнд байгаа цагт иргэд талхтай гурилтай баймаар байна.

Ч.Сайханбилэг: Эрчим хүчний томоохон бүтээн байгуулалт ирэх хавраас явагдана. Тавдугаар цахилгаан станцын ажлыг ирэх хавраас эхлүүлнэ. Мөн “Багануур”-ын цахилгана станц барих ажлыг эхлүүлнэ. Бөөрөлжүүтийн болон Тэвшийн говийн цахилгаан станцын хөрөнгө оруулалт шийдэгдсэн. БНХАУ-аасавах нэг тэрбум долларын хөнгөлөлттэй зээлээр“Эгийн гол”-ын цахилгаан станцыг барина.Газар тариалангийн бүс нутгаар цаг агаарын хүндрэл гарсан.Хорин хувийн ургац хурааж авч байгаа юм биш. 60 хувийн ургац хурааж авч байгаа.

Р.Бурмаа: Ургац хураалт дундаа оржбайна. Газар тариалангийн бүс нутагт цаг агаарын хүчин зүйлс нөлөөлсөн. Сүүлийн үед мөндөр орж байна. Энэ бас ургац хураалтад нөлөөлж байна. Ургац хураалтын дүн гараагүй байна. Бидний урьдчилсан тооцсоноор нийт хэрэгцээнийхээ 58 хувийг дотоодоосоо хангана. Үлдсэнийг нь импортоор хангана.Төрийн зүгээс тонн тутамд нь урамшуулал өгөхөөс гадна хөрсөө бордоход нь дэмжлэг үзүүлэх байдлаар хуулийн төсөл боловсруулж байна. Хэр зэрэг улаанбуудайг худалдаж авна түүнд нь дүйцүүлэн импортын буудайг өгнө гэсэн шаардлага тавьж байна. Импортоор харьцангуй хямд буудай оруулж ирнэ. Энэ тал дээр та бүхэн туслах юм бол импортын хямд буудай оруулж ирэх боломж байна.Аж ахуйн нэгжүүдийн үрийн улаанбуудайнд тэнцээгүйг нь малын тэжээлд авч байгаа.

Д.Лүндээжанцан: Өвөлжилтийн бэлтгэл ажлыг ярьж байна. Мал аж ахуй, газар тариалан гээд хүнсээ голдуу ярьж байна. Ирэх оны өнгийг өмнөх жилийн үйлээс хардаг. Үнэндээ газар тариалангийн салбар ийм байгаа юм чинь малчид маань яаж өвөлжих вэ гэж санаа зовж байна. Энэ жил малчид олигтой өвс бэлтгэж чадаагүй байгаа гэсэн.Засаг төр нэг тэрбум долларын мах гаргана гэж яриад байдаг. Удирдлагууд ярихдаа буруу, зөрүү яриад байдаг юм уу. Монголын нийт малын 50 хувь нь экспортоор гараад явахаар байгаа. Өвөрхангайн Арвайхээрийн дулааны цахилгаан станц юу болсон бэ?Найман зуун тэрбумыг танана гэж байна.

Р.Бурмаа: БНХАУ манай улсаас нэг тэрбум долларын мах импортлох боломжтой гэдгээ дуулгасан. Манай хувьд тийм хүчин чадал байхгүй.Бидний хувьд зөвхөн бэлчээрийн мал аж ахуй дээрээ үндэслэх биш эрчимжсэн мал аж ахуйг бий болгох шаардлагатай байна. Эрчимжсэн мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх хууль эрх зүйн орчинг бүрдүүлэхээр ажиллаж байна. Халх голын чөлөөт бүсээр дамжуулан эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхээр төлөвлөж байна.Бидний хувьд 120 мянган тонн мах экспортлох боломжтой юм байна гэсэн тоо гаргаж ирсэн. Зөвхөн энэ жилдээ биш, дараа жилийн нэг хоёрдугаар улирлыг тооцсон байгаа. Тэрбум долларын хэмжээний махны боломжийг бий болговол эдийн засаг эрүүлжинэ. Малаа эрүүл байлгах хүсэл сонирхол нэмэгдэнэ. Хүнсний аюулгүй байдлыг хангана. Үйлдвэрийн аргаар боловсруулсан мах хэрэглэнэ.

Д.Зоригт: Улаанбаатар хотын эх үүсвэрээс гадна Дархан-Уул аймгийн цахилгаан станцыг бүтээн байгуулалтын ажил өрнөж байна. Эрдэнэт хотын дулааны цахилгаан станцын тендер зарласан. Дорнод, Хэнтий аймаг руу цахилгаантатах агаарын шугам барих ажил үргэлжилж байна.

Н.Батцэрэг: Сонгинохайрхан дүүрэгт утаа багасах болов уу гэж харж байгаа. 2014 оны өвлийг 2015 оны өвөлтэй харьцуулахад агаарын бохирдол 16 хувиар буурсан байна. Хуучин бид зуух тараадаг байсан. Нийт 180 мянган өрхийн 90 хувь нь зууханд хамрагдаж. Нүүрс түлэх нь хамаагүй хямд учраас иргэд маань өндөр үнэтэй түлш хэрэглэж чадахгүй байна. Нийт Монголын нутгийн агаарын бохирдол муу байгаа юм биш. Улаанбаатарын агаар муу байгаа бол нийслэлийн удирдлагууд хариуцлага хүлээх ёстой. Эрдэнэт хотын агаар муу байвал Орхон аймгийн удирдлагууд хариуцлага хүлээх ёстой.Сонгинохайрхан дүүрэгт агаарын бохирдол энэ жил харьцангуй гайгүй байна.

Ч.Сайханбилэг: Ирэх долоо хоногт төсөв ярьж эхэлнэ. Тэр үед нь илүү тодорхой тайлбар өгье.

Д.Хаянхярваа: Эдийн засгийн байдал их дордож байна. Дордохоор барахгүй их муудаж байна.Ерөнхий сайд элдэв улстөргүй ярья гэж эхнээсээ хэлсэн. Одоо энэ зурагдсан пянз шиг юмаа ярих хэрэггүй. Тантай улс төр яриад хэрэггүй, ажил яриад ч хэрэггүй юм байна. Таны хэлсэн, ярьсан болгон бүтсэнгүй. Танаас шахаад, шахаад тос гарахгүй юм байна. Өнөөдөр хоол хүнсээ ярьж байна. Энэ зөв байх л даа. Нийслэлийн хүн амын тухай, хүнийхээ тухай яръя. Бид нар өнөөдөр олон үйлдвэр аж ахуйн дарга нэмэгдлээ гэж УИХ-ын дарга өчигдөр хэлсэн. Тэгвэл өнөөдөр хичнээн хүн ажил, орлогогүй болсон бэ?

Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөр: Улаанбаатарын утаатай тэмцэхээр нийслэлээс багагүй арга хэмжээ авч байгаа. Үүний үр дүнд 2014 оны өвөлтэй харьцуулахад агаарын бохирдол бага зэрэг буурсан.

Н.Номтойбаяр: Тэрбум долларын махны экспортыг хийнэ гэж байна. Р.Бурмаа сайдыг томилогдоход нэг зүйл би хэлж байсан. Тэрбум долларын мах экспортлохтой холбоотойгоорэдийн засгийн хугарлын цэгийг хэдээр тооцсон бэ?

Р.Бурмаа: Тэрбум долларын махыг ганцхан энэ жил гаргачих юм биш. Ийм зах зээлийн боломж байна гэсэн саналыг Хятадын зүгээс тавьсан. Бэлчээрийн даац хэтэрсэн байдалтай уялдуулан, малын төрөл бүр дээр нь, мөн дотоодын хэрэгцээгээ тооцоод махны экспортыг төлөвлөж байна. Манай үйлдвэрийн хүчин чадлын тооцоог гаргасан. Жилд 128 тонн махыг экспортодгаргах боломжтой юм байна гэсэн тооцоо гарсан. Ер нь хонин толгойд шилжүүлснээр 10 сая толгой малыг экспортод гаргах боломж байна.

Л.Гантөмөр: Энэ жил төсөв буурсан. Гэхдээ энэ жилийн өвөлжилтийг дааж чадахгүй байгаа халаалтын тогоонуудаа солихоор Сангийн яаманд саналаа хүргүүлсэн.

Ч.Хүрэлбаатар: Зөвхөн цалин, тэтгэврийн данс нээлттэй, бусад дансыг хаасан гээд бичээд байгаа шүү дээ.Тэгэхээрбодит байдлыг харахаар өвлийн бэлтгэл тааруу байна. Сүүлийн 25 жилд хийгээгүй хөрөнгө оруулалтыг эрчим хүчний салбарт хийлээ гээд байна. Тийм их рекорд эвдсэн юм бол яагаад цахилгаан, дулааны үнэ өсөөд байгаа юм бэ. Та нарын ярьж байгаа зүйл нэг өөр, бодит амьдрал дээр гарч байгаа зүйл өөр. Уг нь та нарын ярьж байгаа, хийж буй ажил нийцэж л байх хэрэгтэй шүү дээ. Танай сайдуудад хэн ч итгэхээ больсон.

Ч.Сайханбилэг: Намайг цаасан дээр байгаа юм хэлээд байна гэх юм. Би өөрийнхөө нүдээр үзсэн юмаа яриад байгаа юм. Та энэ зун Монголд байсан юм байгаа биз дээ. 38 жил газар тариалан эрхэлсэн хөдөлмөрийн баатар хүн ярьж байна. Сүүлийн 38 жил тохиолдоогүй ган биш гамшиг боллоо гэж.Энэ зун, зургаа, долдугаар сард ганц дусал бороо ороогүй байгаа шүү дээ. Та түүнийг нь харж л байсан биз дээ. Сүүлийн 25 жилд хийгдээгүй цахилгаан, эрчим хүчний хөрөнгө оруулалт хийгдээгүй биш хийгдсэн ш тээ.Цахилгаан эрчим хүчний үнэ дээр бодлогын шинэчлэл хийхгүй бол эдийн засаг ч өсөхгүй, үйлдвэрлэл ч хөгжихгүй.

Ё.Отгонбаяр: Та 9.5 саяар мөнгөн аяга авсан байна лээ. Шүүхийн ерөнхий зөвлөл 56 сая төгрөгөөр хоёр гэр авсан. Гэтэл хөдөөд төсөв хасуулсан гээд сумын засаг дарга нар малчдадаа хүрч чадахгүй байна. Цалин хасч болохгүй шүү.

Ч.Сайханбилэг: Би 9.5 саяар мөнгөн аяга аваагүй. 9.5 саяар мөнгөн аяга биш бараг алтан аяга авах юм биш үү. Би Ерөнхий сайд болсноосоо хойш нэг ч албан газраас аяга, таваг аваагүй ээ. Та нар цалингаа хас, хангамжаа хас гэж эрүүл шаардлага тавьдаг. Хасахаар эсэргүүцэж шүүмжлээд байх юм.

Л.Энх-Амгалан: Маш тодорхой хариулт хүсч байна. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд 76 тэрбум төгрөгийг шийдвэрлэсэн гэсэн. Дахиад 180 тэрбум төгрөгийг шийдвэрлэсэн гэсэн. Энэ мөнгө хэдэн сард малчдын гар дээр очих вэ?

Ч.Сайханбилэг: Засгийн газар очиж 180 сая төгрөг аваад, малчдын хотноос аваад явж чадахгүй. Энэ бол үлгэр. Үүнийг харин хувийн хэвшлийнхэн хийдэг юм. Засгийн газар зохицуулалтыг нь хийж өгөх юм. Арилжааны банкны өөр зарчмаар махны экспорт явчихвал утгаа алдана. Засаг очиж, малчдаас мал аваад, малчдын гар дээр мөнгө тавьдаг буруу ойлголт өгч болохгүй.

Чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу мэдээлэлтэй холбогдуулан гишүүдийн асуулт, хариулт 1 цаг 30 минутад багтан зохион байгуулагдахаар зохицуулагдсан байдаг. Ийнхүү хуульд заасны дагуу хуралдааны хугацаа дууссан учраас 16 цаг 40 минутад хуралдааныг өндөрлүүлсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ