Рио Тинто Оюутолгойд хорт Боб шиг аашлах уу

Оюутолгой төслийнхөн Монголд хэдэн ажлын байр бий болгов, улсад хэдэн төгрөгийн татвар төлсөн, хичнээн тн бүтээгдэхүүн экспортлох вэ гэх мэт мэдээллийг ам өрсөн ярих дуртай байдаг.

Харин уул уурхайн үр нөлөө, эдийн засгийн ашиг орлого, бусад салбарт үзүүлж буй сөрөг нөлөөллийн талаар ганц ч үг ганхийдэггүй.

Монгол Улсад татварын таатай орчинд тарвалзаж буйгаа орон нутагт оруулж байгаа тэнгэрийн хишиг мэтээр дөвийлгөдөг. Хэрэв 2009 онд УИХ гэнэтийн ашгийн албан татварыг тэглээгүй бол монголчууд Оюутолгойн баялгаас хэдий хэрийн юм хүртэж болох байсныг өнөөдөр эргэн харахад эрхбиш нэгийг эргэцүүлэх буйзаа.

Тухайн үед дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ 4000 ам.доллар байсан бол өнөөдөр 8000 хол давжээ. Түүхий эдийн үнэ ингэж огцом өсөөд байхад байгалийн нөөц ашиглах төлбөр хэвээр байгаа нь шударга биш гэхээсээ бидний ухаалаг бус алхам юм.

Оюутолгойн уурхайн хувьд 100 хувь гадаад менежменттэй (гадаад хяналттай гэсэн үг), компанийн ашиг орлогоо хэрхэн хуваарилах, яаж тайлагнах зэрэг нь гадаадынхны гарын дор байгаа монголчуудад ашиг орлогоос хүртээхээсээ илүүтэй оффшор буюу гадаадад суугаа хувь эзэмшигч нарт очих нь дамжиггүй. Үүнийг Монголын Засгийн газар эргэж харах цаг хэдийнэ болсон.

Хатуу чанга хуультай, өндөр татвартай Австрали улсад 2010 оны байдлаар уул уурхайн салбарынхан 35 хувийн цэвэр ашиг олж байлаа. Өөрөөр хэлбэл тэдний цэвэр ашиг 51 тэрбум ам.доллараас хол давж байсан бол ирэх 10 жилд энэ нь 600 тэрбумаас илүү гарах тооцоо гарчээ.

Ийм тооцоог Монголд хийгээгүй байдаг тул Австралийн жишээг дурдав. Эндээс харахад байгалийн нөөцийн үнэ буурах биш, өсөх хандлагатай тул стратегийн орд газруудаа гадныханд болсон болоогүй, ашигтай ашиггүй ашиглуулж байснаас хойч үедээ үлдээсэн нь ч дээр юм шиг.

Ер нь үндэстэн дамнасан Рио Тинто мэтийн уул уурхайн компаниуд Монгол шиг шилжилтийн үеэ бүрэн давж чадаагүй, шинэ залуу ардчилалтай, уул уурхайн туршлага багатай, хууль эрх зүйн орчин учир дутагдалтай, ялангуяа авлига хээл хахууль ихтэй орнуудыг ангуучилж, богино хугацаанд их ашиг олох зарчмаар ажилладаг нь нэгэнт нууц биш.

Ер нь тогтвортой хөгжил гэж юу юм бэ. Түүний гол концепц нь ирээдүйгээ бодож, өнөөдрийн алхмаа хийхэд оршдог. Оюутолгой компани өөрийгөө Монголын уул уурхайн компани хэмээн сурталчилдаг. Гэтэл бодит байдал дээр 100 хувь гадаад менежменттэй, гадаадын компани.

Ийм өнгөц реклам нь утгагүй авч тэд бидний нэг болж харагдахыг маш их хичээдэг. “Бид ирээдүйг бүтээж байна” гэх реклам нь жирийн монгол иргэн, дэлхийд томд тооцогдох гадаадын менежменттэй компани хоорондын сэтгэл санааны холбоосыг ойртуулах гэсэн оролдлого гэлтэй.

Аливаа нэг ажилтныхаа тухай, эсвэл орон нутгийн иргэдэд их хувь нэмэр үзүүлж байна гэж рекламдах нь алсуураа та нар манай компанийг хохироовол та нар бас хохирно шүү гэсэн давхар санааг агуулдаг. Нэг үгээр хэлбэл, та өөрийгөө хохироохгүйгээр уул уурхайн компанийг хохироож чадахгүй гэсэн үг юм.

Гэтэл Оюутолгойн үнэтэй, том том рекламны самбарууд дээр гадаадын эзэмшлийн талаар, гадаад менежментийн талаар гарсан байхыг ер нь харсан билүү.

Эдийн засгийн түрээс гэж нэгэн ойлголт байдаг. Үүнийг нэг ёсны супер ашиг гэж тайлбарладаг. Аливаа уул уурхайн компани нь ашигт малтмал олборлохдоо маш бага зардал гаргаад дэлхийн зах зээл дээр маш өндөр үнээр зарах хоёрын хоорондох зөрүүг супер ашиг буюу эдийн засгийн түрээс гэдэг юм байна. Үүнийг уул уурхайн компанийн хэвийн ашигтай ажиллах хэмжээнээс хэт давуу орж ирэх ашиг орлого ч гэж ойлгож болно.

Олон улсын судалгаагаар 10 хувийн ашигтай байхыг хэвийн ашиг гэж тооцдог байна. Гэтэл Рио Тинто, Айвенхоу Майнз компани 66 хувийн ашигтай байгаа нь арай дэндсэн хэм хэмжээ юм.

Оюутолгойн менежментийн баг Монголын эдийн засагт, орон нутагт оруулж буй хувь нэмрээ тоочоод байхаас бус манай улсын татвар төлөгчдөөс ямар тусламж дэмжлэг авч байгаагаа огт цухуйлгадаггүй. Бидний тусламж дэмжлэг татварын хөнгөлөлт, нийтийн зам тээвэр, усаа хямд ашиглуулах зэргээр илэрдэг.

Мөн Засгийн газрын зүгээс уул уурхайн салбарын судалгаа хийж, геологийн газрын зураг гэх мэт олон юм хийж өгдөг байна. Энэ бүхэн бол байнгын дэмжлэг туслалцаа юм. Эдгээрийг хорт Боб хочит Фрийдланд арваад жилийн өмнө олон улсын уул уурхайн бага хурал дээр Монголын барагдашгүй боломж хэмээн бардам мэдэгдэж байсан билээ. Тэр зүгээр л чадах бүхнээ аваад зайлсан. Одоо бид Айвенхоу майнзаас эхлээд Рио Тинтог тэтгээд байна уу, эсвэл тэд биднийг тэтгэх гээд байна уу.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ