Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа ургац хураалтын явцын талаар мэдээлэл хийв

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2015.10.20/ хуралдааны эхний асуудлаар Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Болор УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр танилцуулсан тул гишүүд шууд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Дашдорж, С.Оюун нарын тавьсан асуулт, тодруулгад Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Болор хариулт өгсөн юм.
Гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулан, хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг танилцуулахаар тогтлоо.


Байнгын хороо дараа нь Тариалангийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.14-ний өдөр өргөн мэдүүлсэн/ хэлэлцлээ. Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа танилцууллаа. Тэрээр одоо мөрдөж байгаа Тариалангийн тухай хууль нь 6 бүлэг, 18 зүйл, 45 хэсэг, 77 заалттай бол одоо шинэчлэн боловсруулсан Тариалангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл 5 бүлэг, 28 зүйл, 91 хэсэг, 90 заалттай болно. Тариалангийн тухай хуулийн төслийг шинэчлэн боловсруулах яам, эрдэм шинжилгээ, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагын төлөөлөл бүхий ажлын хэсгийг байгуулж, төслийн үзэл баримтлалыг боловсруулан батлуулж, улмаар хуулийн төсөл боловсруулж, төслийг салбарын хурал, зөвлөгөөнөөр удаа дараа хэлэлцүүлж гарсан саналыг судалж тусгав. Мөн хуулийн төслийн талаар тариалан эрхлэгч аж ахуйн нэгж, орон нутгийн байгууллагын удирдлага, мэргэжилтнийг оролцуулсан хэлэлцүүлэг хэд хэдэн удаа зохион байгуулж саналыг авч тусгасан болно гэлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Оюун, Х.Болорчулуун нар асуулт асууж, санал хэлсэн юм. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн С.Оюун асуултдаа, устай холбоотой яг ямар заалтууд орсон бэ. Усны нөөц өнөөдөр глобалчилагдсан асуудал болоод байна. Дэлхий дээр ашиглагдаж буй усны гуравны хоёр нь газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйд зарцуулагдаж байна. Манай улсын газар тариалангийн усны хэрэглээ бусад орныхтой харьцуулахад бага байдаг ч цаашид усны төлбөрөөс чөлөөлөх эсэхийг тодруулсан юм. Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, гадаргын усыг ашигласан тохиолдолд усны төлбөрөөс чөлөөлөх гэсэн нэмэлт орсон байгаа хэмээн тайлбар өгөв.
Үүний дараа нь ургац хураалтын явц, буудай, гурилын хүрэлцээ, хангамжийн урьдчилсан төлөв, импортын буудай, гурилын талаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа мэдээлэл хийлээ.

2015 онд улсын хэмжээгээр 389.3 мянган га-д үр тариа, үүнээс 360.7 мянган га-д буудай, 12.5 мянган га-д төмс, 7.1 мянган га-д хүнсний ногоо, 78.5 мянган га-д тосны ургамал, 19.5 мянган га-д тэжээлийн ургамал, 5.4 мянган га-д эмийн ургамал, нийтдээ 512.3 мянган га-д тариалалт хийсэн.
Ургацын урьдчилсан балансаар 265.0 мянган тонн үр тариа, үүнээс 252.3 мянган тонн буудай, 117.3 мянган тонн төмс, 75.3 мянган тонн хүнсний ногоо, 28.7 мянган тонн тосны ургамал, 53.9 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авчгурил үйлдвэрлэлд 186.3 мянган тонн буудай нийлүүлэх төлөв гарсан.
Гэвч тариалангийн бүс нутгаар 5 дугаар сард хүйтэн сэрүүн, хур тунадас багатай, 6 дугаар сард олон хоног үргэлжилсэн аагим халуун болжхөрсөн дээрх хамгийн их температур 60-64 градуст хүрч 18-27 хоног үргэлжилсэн нарны хэт их халалт явагдсан нь гангийн нөхцлийг үүсгэсний зэрэгцээ 8 дугаар сарын 12-ноос 9 дүгээр сарын 20-ийг хүртэл тариалангийн бүс нутгаар ахиу хэмжээний хур тунадас орж, дулаан байсан нь тариа хэнзлэх, хог ургамал их хэмжээгээр түрж ургах нөхцөл болжээ.
Түүнчлэн 09 дүгээр сарын 24-30, 10 дугаар сарын 6-7-ны өдрүүдэд нийт нутгаар их хэмжээний хур тундас, нойтон цас орсон нь ургац хураалтын явцыг сааруулсаны зэрэгцээ ургацын хаягдалыг нэмэгдүүлж байгаагаас урьдчилсан байдлаар балансаар тогтоогдсон ургац30 орчим хувиар буурах нөхцөл байдал үүсээд байна.
Ургац хураалтын явцын мэдээгээр 10 дугаар сарын 16-ны байдлаар нийтдээ 225.3 мянган га-гаас 176.2 мянган тонн үр тариа, үүнээс 169.3 мянган тонн улаанбуудай, 12.1 мянган га-гаас 147.8 мянган тонн төмс, 6.5 мянган га-гаас 68.9 мянган тонн хүнсний ногоо, 24.9 мянган га-гаас 34.7 мянгантонн тэжээл, 22.7 мянган га-гаас 11.7 мянган тонн тосны ургамал тус тус хураан авснаар үр тарианы хураалт 75.8 хувьтай, төмс, хүнсний ногооны хураалт 98.0-99.6 хувьтай явагдаж байгаа талаар танилцуулав. Түүнчлэн гурилын үнэ тогтворжуулах хөтөлбөр, тулгамдаж буй нөхцөл байдал болон тэжээлийн хивэгний экспортын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм
СЭТГЭГДЭЛ БИЧИХ