Сайжруулсан зуух тараах ажил хэдэн жил үргэлжиллээ.

Сайжруулсан зуух тараах ажил хэдэн жил үргэлжиллээ. Одоо яг хэдэн хувьтай явж байна вэ?
-Цэвэр агаар сангаас сайжруулсан зуухыг нийт гэр хорооллын 93-94 хувьд нь тараагаад байна. Өөрөөр хэлбэл, нийслэлийн гэр хорооллын 185 мянган өрхөөс 180-аад мянган өрхөд татаастай үнээр тараасан. Ер нь бол сайжруулсан зууханд сайжруулсан түлш хийвэл агаарын бохирдол бууруулахад илүү ач холбогдолтой байгаа юм. Сайжруулсан зуух нь өөрөө эрчим хүчний хэмнэлттэй буюу бага түлш зарцуулдаг. Бага түлш зарцуулна гэдэг маань тэр хэмжээгээрээ агаарын бохирдлыг бууруулж байна гэсэн үг. Ердийн зууханд жилд 2-3 тонн түлш зарцуулдаг бол сайжруулсан зуух хэрэглэснээр нүүрсний хэрэглээ 1 тонноор багасах юм. Үнийн хувьд 1 тонн нүүрс 200-300 мянган төгрөг. Тэгвэл хэдий хэмжээний мөнгө хэмнэх нь тодорхой харагдана. Сайжруулсан зуухаа сайжруулсан түлштэй хослуулан хэрэглэвэл бүр ч их ач холбогдолтой. Харамсалтай нь манай сайжруулсан түлш үйлдвэрлэгчид маань технологийн горимоо алддаг юм уу, ямар шалтгаанаар ч юм түлшээ нийлүүлж чаддаггүй. Жишээ нь, өнгөрсөн өвөл 4 аж ахуйн нэгжтэй 35 мянган тонн сайжруулсан түлш нийлүүлнэ гэж гэрээ хийсэн.
-Ямар талуудын оролцоотой гэрээ хийгдсэн юм бол?
-Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын алба гэж байсан. Гэхдээ одоо татан буугдсан байгаа. Тус хорооноос дээрх аж ахуйн нэгжүүдтэй гэрээ хийсэн юм. Харин манай Цэвэр агаар сан тээвэрлэлт, борлуулалт, хадгалалтад зориулж тонн тутамд 25 мянган төгрөг өгөхөөр гэрээ хийсэн. Ингээд 2015 оны 3-4 сард үр дүнгээ тооцох болсон чинь ердөө 2100 тонн түлш л нийлүүлсэн байдаг юм.
-Энэ өвлийн ажлын төлөвлөгөө гарсан уу, гэрээ хийсэн байгууллага байна уу?
-Одоогоор нэг ч аж ахуйн нэгж бидэнд хандаагүй байна. Бид тэдний араас явбал ашиг сонирхлын зөрчил гарч ирж магадгүй. Тиймээс хүлээж л байна. Манайх санхүүжүүлэгч байгууллага байж алив та нар ингэ гээд оролцоод явах нь зохимжгүй, болохгүй юм. Харин энэ жил хийгдэх нэг онцгой ажил бол “Grand Power” ХХК нүүрсний хийгээр жижиг уурын зуухыг халаах төсөл хэрэгжүүлж эхэлж байгаа. Энэ ажил 11 дүгээр сарын 5-наас дуусна. Үүнийг хилийн цэргийн 151-р ангид хэрэгжүүлнэ. Тухайн объектэд жилдээ 2400-гаад тонн нүүрс зарцуулдаг юм байна. Энэ их хорт утааг зогсоох ажил амжилттай болбол цаашид энэ тал руу түлхүү анхаарлаа хандуулж, хөрөнгө мөнгөө ч чиглүүлнэ гэж бодож байгаа.
-Нүүрснээс юугаараа давуу талтай юм бэ? Үнэ өртгийн хувьд? Амжилттай болбол томоохон станцуудад ашиглах боломжтой юу?
-Үнийн хувьд нүүрстэй ижил ч агаарт гарах бохирдол тэг хувь. Маш бага зэргийн угаар гарна. Үнс гарахгүй учраас орчин цэвэр болно. Энэ мэтчилэн олон давуу чанартай л даа. Гэхдээ том станцуудын уурын зууханд хэрэглэх хэмжээгээр бол одоохондоо арай хүчрэхгүй байх. Үүнд маш их хөрөнгө мөнгө орох нь мэдээж.
-Газын хэрэглээг айл өрхүүдэд нэвтрүүлж эхлээд байгаа. Энэ ажил хэр үр дүнтэй, ямар шатандаа явж байна вэ?
-2014-2015 онд 3 аж ахуйн нэгж тус бүрт нь 500 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн. Тэд хангамжаа нэмэгдүүлж, 3 дүүргийн 5000 орчим айл өрхөд газан плитка, баллонтой нь хөнгөлөлттэй үнээр олгосон. Үүгээр ард түмэнд хийн хэрэглээг таниулж, ач тусыг нь өгье гэсэн зорилтоо хэрэгжүүлж байгаа юм. Хүмүүс ч газын хэрэглээг маш их дэмжиж, авах сонирхолтой иргэд олон болсон.
-Сайжруулсан зуух, түлш, газыг хөнгөлөлттэй үнээр нийлүүлэх ажил энэ жил үргэлжлэх үү?
-Улс орны эдийн засаг хүндэрсэнтэй холбоотойгоор эдгээр ажил энэ жил үргэлжлэх боломжгүй болж байх шиг байна. Гэхдээ дандаа ийм хүндрэлтэй байхгүй биз. Оюутолгой, Тавантолгой зэрэг томоохон мега төслүүдээ хөдөлгөөд эхэлбэл эдийн засаг эргээд сэргэх байлгүй. Тэр үед энэ асуудлууд эргээд яригдах байх. Тэгэхээр ирэх жил үргэлжлэхийг үгүйсгэхгүй юм. Ерөнхий сайдаар ахлуулсан Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос шийд гарах ёстой. Эндээс л асуудлыг шийдвэрлэж, юу юунд ямар хөрөнгө мөнгө зарцуулах уу гэх мэтээр чиглэл бидэнд өгөх юм. Цаашлаад Цэвэр агаар сан байх хэрэгтэй юу, үгүй юу гэдэг асуудал хүртэл яригдаж магадгүй л байх.
-Иргэд сайжруулсан зуухыг хамгийн муу гэх яриа чих дэлсэх болсон. Мөн хүний аминд хүрсэн хүртэл хэрэг гарсан. Энэ тал дээр та ямар тайлбар өгөх вэ?
-Муу гэж хэлэхгүй. Жишээ нь, хөдөө орон нутагт амралтын баазуудад ихэнх нь сайжруулсан зуухыг хэрэглэж байна. Хэр дулаахан, цэвэрхэн байдгийг хүмүүс өөрсдөө нүдээрээ харж, биеэрээ мэдэрсэн байлгүй дээ. Тэгэхээр энэ бол зүгээр сөрөг пиар л байх. Ер нь сайжруулсан зуух маань гал унтраах л зүйл юм шүү дээ. Өөрөөр хэлбэл, тулгамдсан асуудлыг түр намжаах шийдэл юм. Яг үндсэн шийдэл маань бол газын хэрэглээг нэвтрүүлэх, орон сууцжуулах ажил юм.
За зуух дэлбэрсэн 2 хэрэг гарсан. Мэргэжлийн байгууллагуудынх нь дүгнэлт ч гарсан. 2013 онд Чингэлтэй дүүрэгт Элч гэдэг усан халаагуурын зуухтай айлын хүн усаа хурдан халаах гээд хаалтаа хаагаад мартсаны улмаас халуун уур дүүрсээр зад дэлбэрсэн. Үүнээс болж хүний амь эрсэдсэн шүү дээ. Мөн Сэлэнгэ аймагт ханан пийшинд сайжруулсан зуух суурилуулж. Гэтэл тухайн үед хөөлөөгүй байсан юм уу, эсвэл буруу өрөлттэй байсан уу хана нь задарсан. Энэ үед хүний амь нас эрсдээгүй.
-Түүхий нүүрсний хэрэглээг хязгаарласан бүсийг тогтоосон байгаа. Яагаад Баянгол дүүргийг сонгосон юм бол?
-Агаарын чанарын бүсийг жил болгон тодорхойлдог юм. Ерөнхийдөө салхины чиглэл баруун хойноосоо байдаг. Тэгэхээр тэр зүгээс төв рүү ирэх утаа угаар арай гайгүй болно гэсэн үг. 2010-2011 онд их хүнд байсан шүү дээ. Одоо хотын төвөөр арай гайгүй болоод байна. Ер нь манай хотын байршлын тогтолцоо их онцгүй, хотгор, нөмөр газар. Өвөл даралт нь яг доороо байдаг болохоор утаан хөшиг тогтчихдог. Нэвт гарах юм байхгүй.
-Богдхан уулыг нүхэлж утаагаа багасгана гэж яридаг байсан. Ингээд утаа багасна гэж байх уу?
-Энэ цаасыг шүдэнзний модоор нүхлэхээр энэ өрөөний утаа үүгээр гарах уу гэдэгтэй л төстэй юм даа. /инээв.сурв/
-Өнгөрсөн хоёр өвлийн үед агаар дахь хүхэрлэг хийн хэмжээ багасаагүй ижил түвшинтэй гарсан. Өнгөрсөн өвөл сайжруулсан зуух авсан айлын тоо нэмэгдсэн байхад яагаад өөрчлөлт гарахгүй байгаа юм бол?
-Айлууд галлагаагаа буруу хийгээд байна. Бүрэн шаталттай зууханд түлш нь шатаж дуусаагүй байхад нь дээрээс нь нэмж түлш хийх, мөн буруу дэс дарааллаар галаа түлэх зэргээр буруу галлаад байвал ялгаагүй их утаа гарна. Тэгэхээр хүмүүс яг горимын дагуу галлах хэрэгтэй гэдгийг чухалчлан хэлмээр байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ