Хууль зүйн сайд Д.Дорлигжав БНСУ-д айлчлав

Монгол Улсын Хууль зүйн сайд Д.Дорлигжав БНСУ-ын Хууль зүйн сайд Ким Хён Үн-ий урилгаар 2015 оны 10 дугаар сарын 19-21-ний өдрүүдэд БНСУ-д албан ёсны айлчлал хийв. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга Г.Туулхүү, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийнзахирал Х.Өлзийбаяр болон Хууль зүйн яамны албаны төлөөлөгчид багтав.
Энэ удаагийн айлчлал нь 2007 оноос хойш манай Хууль зүйн сайдын түвшинд тус улсад хэрэгжиж буй анхны айлчлал гэдгээрээ онцлог юм. Айлчлалын үеэр Д.Дорлигжав сайд БНСУ-ын Хууль зүйн сайд Ким Хён Үн-тэй хэлэлцээ хийж, Засаг захиргаа, дотоод хэргийн сайд Жон Жүн Соб, Хууль тогтоомж боловсруулах яамны сайд Жэ Жон Ү, Үндэсний Ассамблей дахь Хууль зүйн Байнгын хорооны дарга Ли Сан Мин нартай тус тус уулзав.

Яриа хэлэлцээний үеэр хоёр орны хууль эрх зүйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, хууль эрх зүйн чиглэлийн боловсон хүчин бэлтгэхболон БНСУ-д оршин суугаа Монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, иргэд харилцан зорчих нөхцлийг хөнгөвчлөх, тухайлбал, олон удаагийн виз түлхүү олгодог болох зэрэг асуудлаар санал солилцов. Солонгосын тал хууль тогтоомж боловсруулах, хуулийн шинэчлэлийн талаар өөрийн туршлагаасаа хуваалцах, яамд хоорондын хамтын ажиллагааны Санамж бичгийн хүрээнд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.
Түүнчлэн, Д.Дорлигжав сайд Солонгосын Үндэсний шүүхийн шинжилгээний хүрээлэн, Цахим гавын хяналтын төв, Засан хүмүүжүүлэх ангид тус тус зочилж, үйл ажиллагаатай нь танилцаж, цаашид Үндэсний шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шугамаар төсөл хэрэгжүүлэх, техникийн туслалцаа авах, цахим гавын хэрэглээний талаар туршлага судлах, Үндэсний архивын шинэчлэл хийхэд Солонгосын дэвшилтэт техник, тоног төхөөрөмжийг нэвтрүүлэх талаар ярилцав.
Мөн 2016 онд Монгол Улс АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтыг өөрийн оронд зохион байгуулахтай холбогдуулан аюулгүй байдлын асуудлаар БНСУ-тай хамтран ажиллах талаар санал солилцлоо гэж МОНГОЛ УЛСААС БНСУ-Д СУУГАА ЭСЯ-наас мэдээлэв
2015.10.22
СЭТГЭГДЭЛ БИЧИХ