Тони Блэр: Иракийн дайнд оролцсондоо хүлцэл өчье!

1997-2007 оны хооронд Их Британийн ерөнхий сайдын алба хашсан улстөрч Тони Блэр саяхан АНУ-ын “CNN” агентлагт ярилцлага өгчээ. Ноён Блэр 2003 оны Иракийн дайны үеэрх зэвсэгт дайралтууд болон тэдний төлөвлөлтийн зарим алдааныхаа төлөө уучлалт хүссэн байна. Хачирхалтай нь тэрээр 2007 онд “Бид Иракт явуулж буй цэрэг зэвсгийн ажиллагааныхаа төлөө хэнээс ч уучлалт гуйх ёсгүй” хэмээн хэлж байсан бол энэ нь түүний анх удаагаа уучлалт хүсэж байгаа явдал гэнэ.

Шотландын Ерөнхий сайд, хатагтай Никола Стуржин ноён Блэрийг Жон Чилкотын байцаалтын явцыг удаашруулж үнэн бодит баримтаар хангаагүй хэмээн буруутгаад байсан юм. Ноён Жон Чилкотыг 2003 оны гуравдугаар сард эхэлсэн Иракийн дайныг хүрээлсэн нөхцөл байдал, тэдний дүнд гаргасан шийдвэрүүдийг нарийвчлан шалгах байцаалтыг даргалуулахаар 2009 онд Английн Засгийн газраас томилж байжээ. Хатагтай Стуржиний шүүмжлэлийн хариуд Блэр “байцаалтын явцад үнэн бодит мэдээ өгөхгүй, байцаалтын үйл ажиллагаанд нөлөөлөх, улмаар энэхүү бие даасан шалгалтын явцад хөндлөнгөөс оролцох нь буруу хэрэг” гэж өгүүлсэн юм.

“CNN”-ээс "Иракийн дайны дүнд өнөөгийн “Лалын улс” бүлэглэлийнхэн гарахад хүрсэн үү?" гэх асуултанд Тони Блэр санал нийлсэн хариулт өгсөн гэнэ. "Саддам Хуссейны Засгийн газрыг унагаж, дэгдээсэн уг дайн Иракт олон жил үргэлжилж буй эмх замбараагүй байдлын эхлэлийг тавьж, улмаар “Лалын улс” бүлэглэлийг хүчээ авахад хүргэсэн. Саддам Хуссейнийг түлхэн унагасан хүмүүс 2015 онд бий болоод буй нөхцөл байдлын төлөө хариуцлага хүлээхгүй гэж бас үзэж болохгүй” гэсэн байна.

2013 онд нийтэлсэн тайланд АНУ тэргүүтэй цэргийн эвслээс Иракт өдөөсөн дайны уршгаар Иракийн олон арван мянган иргэн, 4000 гаруй АНУ, 179 Их Британий цэрэг амь үрэгдсэн тухай тэмдэглэсэн байдаг байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ