ТЕГ-ын дарга асан Д.Гэрэлийг эмнэлэгт хэвтэж байхад нь халах тушаал гаргажээ

Энэ сарын 18-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг ТЕГ-ын дарга Д.Гэрэлийг ажлаас нь чөлөөлж, оронд тус газрын дэд дарга байсан Б.Ариунсанг томилсон. Б.Ариунсанг өмнө нь ТЕГ-ын дэд даргаар томилоход иргэн Н.Лхамжав Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргахад Н.Алтанхуяг сайд өөрийн гаргасан тушаалаа цуцалж байсан юм. Гэвч тэрээр Б.Ариунсанг тус газрын даргаар томилсон билээ.

Харин хуучин дарга Д.Гэрэлийг яагаад гэнэт халах болов. Уг нь Тагнуулын байгууллагын тухай хуулиар газрын даргыг чөлөөлөхдөө өөрөө хүсэлт гаргасан, биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалж үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон, бүрэн эрхийн хугацаа нь дууссан, эсвэл гэмт хэрэг үйлдсэнийг шүүхээр нотолсон бол ажлаас нь чөлөөлдөг гэж заажээ. Харин бусад тохиолдолд чөлөөлөхийг энэ хуулийн 14.5 дахь заалтаар хориглосон заалттай юм байна. Гэтэл зургаан жилийн хугацаагаар томилогдсон Д.Гэрэлийн бүрэн эрхийн хугацаа талдаа ч ороогүй байхад ажлаас нь чөлөөлсөн байна.

Тэрбээр эмнэлэгт хэвтэж байхдаа дээрх шийдвэрийг сонссон бөгөөд урьдчилан ямар нэгэн мэдэгдэл хүлээж аваагүй байна. Энэ тухай тэрбээр “Би эмнэлэгт хэвтэж байсан. Одоо эмнэлгээс гараад тушаалтайгаа танилцана даа. Яг ямар үндэслэлээр ажлаас чөлөөлснийг мэдэхгүй байна. Би өөрөө ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөгүй” гэж ярьжээ.

Б.Чимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ