Х.Одбаяр: Нэгдүгээр эгнээ буцаад “зогсоол” болж эхэллээ
Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн ажилтан, ахлах дэслэгч Х.Одбаяраас Замын хөдөлгөөний аюулүй байдлын тухай асуудлаар дараах зүйлсийг тодрууллаа.
-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай шинэ хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан автомашин ачиж журамлах үйл ажиллагааг зогссон. Энэ нь замын хөдөлгөөнд хэрхэн нөлөөлж байгаа бол?
-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай шинэчилсэн хууль гарсанаар машин ачиж зөөвөрлөх үйл ажиллагааг түр зогсоосон байгаа. Үүнтэй холбоотойгоор тээврийн хэрэгслийн зорчих хэсгийн нэгдүгээр эгнээ болон зогсохыг хориглосон цэгүүдэд автомашинуудаа байршуулах тохиолдол сүүлийн үед маш ихэслээ. Замын цагдаагийн алба хаагчид маань үүрэг гүйцэтгэж байгаа цэгүүддээ тухайн дүрэм зөрчигч автомашины эздэд арга хэмжээ тооцож ажиллаж байна. Гэвч төдийлөн нэмэр болохгүй байна. Ачих, журамлах, зөөвөрлөх журмаа хурдан батлуулаад, үйл ажиллагаагаа идэвхжүүлэхгүй бол тээврийн хэрэгслүүд гарц гарам, нэгдүгээр эгнээ хааж зогсох нь ихсээд буй талаар иргэдээс олон санал гомдол ирэх болсон.
-Шинэ хуулиндаа автомашиныг ямар үед ачиж журамлана гэж заасан байгаа вэ?
-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай шинэ хуулинд дээрх зөрчил гаргасан автомашиныг заавал цагдаагийн алба хаагч нь эрх бүхий албан тушаалтны зөвшөөрлөөр ачиж зөөвөрлөнө гэж заасан.

-ХАМГААЛАХ БҮС ЗҮҮГЭЭГҮЙ ЖОЛООЧ, ЗОРЧИГЧИЙГ ОЛОХОД ХЭЦҮҮ БОЛСОН-
-Замын хөдөлгөөний шинэ хууль хэрэгжиж эхэлснээр хамгийн их буурсан болон өссөн зөрчлийг нэрлээч?
-Хамгийн их буурсан зөрчил бол хамгаалах бүс бүсэлдэггүй байсан зөрчил 95-96 хувьтай арилсан. Харин гарц гарам, нэгдүгээр эгнээнд машинаа тавьж буй зөрчил нэмэгдсэн тоон дүн байна. Мөн зөрчил дутагдал буурахгүй байгаа бас нэг зүйл гэвэл жолооч нар хотын төвөөрөө, цагдаагийн алба хаагчийн хяналттай, камержуулсан цэгүүдэд замын хөдөлгөөний дүрэм зөрчих нь багассан хэрнээ хотын захын хорооллуудаар төдийлөн дүрмээ биелүүлэхгүй байна. Замын цагдаагийн газраас системтэйгээр нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээ авч ажиллаж байна. Мөн ЦЕГ-ын харъяа Нийтийн хэв журам хамгаалах газартай хамтран ажиллаж байна. Түүнчлэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил тасрахгүй байна. Хууль хэрэгжиж эхлэхээс өмнө хоногтоо 80-100 жолооч журамлагдах нь энгийн үзэгдэл байсан бол хууль хэрэжсэнээр эхний 14 хоногт 40-45 хувь буурсан байсан. Гэтэл сүүлийн үед согтуугаар автомашин жолоодох зөрчил нэлээд гарч байна. Энэ асуудалд манай алба хаагчид 24 цагаар хяналт тавьж байна.
-Хамгаалах бүс зүүгээгүй жолоочийг олоход хэцүү болсон гэлээ. Жаахан тодруулахгүй юу?
-Замын хөдөлгөөнийн аюулгүй байдлын тухай шинэ хууль маш сайн хэрэгжиж байна гэж хэлэхэд болно. Ер нь жолооч нарын нийтлэг гаргадаг зөрчил дутагдал буурсан. Тухайлбал, жолооч болон зорчигч хамгаалах бүсийг зүүж хэвшсэн. Есдүгээр сарын 01-нээс өмнө хамгаалах бүс зүүсэн жолооч болон зорчигчийг олоход хэцүү байдаг байлаа. Харин Замын хөдөлгөөний тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл жолооч болон зорчигчид хамгаалах бүсийг маш идэвхитэй зүүдэг болсон. Одоо эсрэгээрээ хамгаалах бүс зүүгээгүй жолооч, зорчигчийг олоход хэцүү болсон.

-Хэрэгжиж эхлээд удаагүй байгаа шинэхэн хуулийн хувьд үр дүн маш сайн байна гэж ойлгож болох уу?
-Ер нь өнгөрсөн оны есдүгээр сарын энэ оны есдүгээр сартай харьцуулсан статистик тоон мэдээллээс харахад, нийт дуудлага 17.7 хувиар, зам тээврийн осол хэрэг 26.5 хувиар, эд материалтай холбоотой осол 26.2 хувиар, хүн гэмтсэн осол 28.8 хувиар, нас барсан хэрэг 40 хувиар, гэмтсэн хүн 25.3 хувиар, хүн нас барсан ослын тохиолдол 46.7 хувиар тус тус буурсан. Шинэ хууль хэрэгжиж эхэлснээр зөвхөн жолооч нарын халаас руу төрөөс гараа хийж байна гэж ойлгож байгаа нь асар буруу ойлголт юм. Гэвч эцэстээ хуулийн агуулга маань хүний амь нас, эрүүл мэндийг л хамгаалах зорилготой. Хэрэгжиж эхлээд сар гаран болоход л энэ олон хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд халдаж байгаа осол аваариуд ийм өндөр хувьтай буурч байна гэдэг бол ямар их хэрэгтэй, цаг үеэ олсон хууль болсныг нотолж байна.
Б.ЦЭЛМЭГ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ