"Харь гарагийн хүн" элит тоглолтоо хийнэ

Сонгодог урлаг бол тухайн улс орны хөгжлийн бас нэгэн хэмжүүр болдог. Сүүлийн үед манай урлагийн салбар харьцангуй хөгжиж байгаа төдийгүй олон нийтийн юуны хөгжил, ухамсрын хандлага ч нэлээд эерэг болсон. Тиймээс ч энэ сарын 30-ны өдөр болох Оросын нэрт төгөлдөр хуурч Эльмар Гасановын элит тоглолтын тасалбар эрэлт ихтэй байна. Тэрээр дэлхийд чансаагаараа дээгүүрт бичигддэг бөгөөд 1999 оноос хойш олон улсын хэмжээний тэмцээнүүдээс удаа дараалан дээд шагнал хүртэж, дэлхийн 20 гаруй улсад соло тоглолт болон концертоо хийгээд байгаа юм.
Түүнийг төгөлдөр хуураа тоглоход гал асдаг гэлцдэг. Энэ талаар Эльмар Гасановын тоглолтыг зохион байгуулагч Б.Бат-Өлзий тайлбарлахдаа "Энэ бол шууд утгаараа биш байх л даа. Түүнийг тоглоход төгөлдөр хуураас нь тамхи асаая гэж байсан гэдэг. Магадгүй та тамхитай ирээд үзвэл асаах ч юм билүү" хэмээн хошигносон юм.

Эльмар Гасановын энэхүү тоглолтод мөн Rus Quartet /Русквартет/ хэмээх оросын нэрд гарч яваа хийлийн хамтлаг оролцох юм. Тус хамтлагийн амжилтаас дурдвал, 2006 онд Шостаковичийн нэрэмжит 100 жилийн ойн тэмцээний 1-р байр, 2008 онд Олон Улсын Хөгжимчдийн Нийгэмлэг болон Хөгжмийн Ассоциацийн Танхимаас Гайдамовичийн “Ансамбль тоглолтын амжилт” гэсэн шагналаар гэх мэт олон уралдаан тэмцээний шагналт байруудыг эзэлж байсан чадварлаг уран бүтээлчид юм байна.

Эдгээр уран бүтээлчдийг The Corporate Hotel & Convention Centre-ийн хамт олон урьсан бөгөөд тэд Монгол улсын урлагийн түүхэнд нэгэн шинэ хуудсыг эхлүүлж олон улсын өндөр зэрэглэлийн концертын танхимыг ашиглалтанд оруулжээ. Ийнхүү танхимын нээлтэнд дэлхийн тоглооч, брэнд төгөлдөр хуураар дэлхийн тайзнаас сонгодог бүтээлүүдийг монголд эгшиглүүлэн бэлэг барихад бэлэн болжээ.

Тоглолтоор, Бетховены Sonata 23 ор.57 “Appasionata”, Рахманиновын Variations on Them of Corelli, Брамсын Piano quintet f moll op.34 зэрэг дэлхийд ховорхон тоглогдсон сонгомол бүтээлүүдийг 90 жилийн түүхтэй гайхамшигт KAWAI төгөлдөр хуураар тоглоно. Нийт хоёр хэсгээс бүрдэх тоглолтын үеэр нэрт төгөлдөр хуурч болон монголын урлаг соёлын одод, нийгэм улс төрийн хүндтэй эрхэмүүдтэй хамт хүндэтгэлийн хүлээн авалтанд оролцох боломжтой. Тоглолтын эхний хэсэг нь 45 минут, дараагийн хэсэг нь нэг цаг үргэлжлэх уг тоглолтын тасалбарын үнэ 80-120 мянган төгрөг боловч тасалбар дуусч байгаагаас үзэхэд монголчуудын сонгодог урлагийн тухай ойлголт нэмэгдэж, энэ төрлийн уран бүтээлийн эрэлт байгааг харуулж байгаа явдал боллоо.

Ингээд Оросын нэрт төгөлдөр хуурчЭльмар Гасановын сэтгүүлчидтэй хийсэн ярилцлагаас товч хүргэе.

-Та хэдэн настайгаасаа төгөлдөр хуур тоглож эхэлсэн бэ? Яг тоглож байх үедээ та ямар мэдрэмж авдаг вэ?

-Анх 6 настайдаа төгөлдөр хуур тоглож эхэлсэн. Одоо би 32 настай. Тэгэхээр төгөлдөр хуур бол миний хамгийн чухал салшгүй хэсэг болсон.

-Та олон орноор тоглолтоо хийсэн хүний хувьд монголын үзэгчид хэр хүлээж авна гэж төсөөлж байна вэ?

-Өнгөрсөн жил би хоёрхон өдрийн хугацаатай ирсэн ч монголчууд намайг үнэхээр найрсагаар хүлээж авсан. Энэ удаа гурван өдөр байна. Ер нь танхим дүүрэн хүнтэй байна гэдэгт би бүрэн итгэлтэй байгаа.

-Таныг харь гарагийн хүн хэмээх нэрээр алдартай. Тэгэхээр энэ нэрийнхээ тухай тайлбарлаж өгнө үү. Мөн өөрөө энэ нэрээ юу гэж боддог вэ?

-Намайг яагаад тэгж нэрлэснийг мэдэхгүй юм. Би өөрийгөө харь гарагийн хүн гэж боддоггүй, би жирийн л хүн.

Мөн энэ үеэр Эльмар Гасановын тоглолтын зохион байгуулагч Б.Бат-Өлзийгөөс цөөн хэдэн асуултад хариулт авлаа.

-Та өөрийгөө товч танилцуулна уу. Зохион байгуулагчийн хувьд та өөрийнхөө туршлагыг хуваалцаач.

-Би KAWAI компанийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч. Би өөрөө төгөлдөр хуурч. Энэ салбараа хөгжүүлэхийн төлөө ажиллаж байгаа.

-Та бүхэн цаашид ямар уран бүтээлчидтэй хамтран ажиллах зорилготой байгаа вэ?

-The Corporate Hotel & Convention Centre-ийн Concert Hall-ын нээлт Эльмар Гасановын тоглолтоор эхэлж байна. Цаашдын сонголтондоо бид дэлхийн өндөр зэрэглэлийн уран бүтээлчдийн шоу программуудыг эндээ авчирч тоглуулах төлөвлөгөөтэй байгаа. Яагаад заавал гадныхныг сонгож байна вэ гэвэл, хэдий чинээ өндөр зэрэглэлийн уран бүтээлчдийг авчирна, төдий чинээгээр манай улсын үзэгчдийн үнэлэмж нь дагаад дээшилнэ гэж үзэж байгаа юм. Хүмүүсийн урлагийн боловсрол, оюуныг үнэлэх үнэлэмжинд асар том хөрөнгө оруулалт болох давуу талтай. Түүнчлэн монголынхоо ч гэсэн хамгийн том уран бүтээлчдийг мөн урьж, хүлээн авч тоглуулна. Тиймээс нээлтэндээ монголынхоо Этно жааз хамлтаг болох “Арга билэг” хамлтагийг урьж оролцуулан танхимынхаа жаврыг үргээлгэхээр бэлдсэн байгаа.

-Танай танхимын гол онцлог нь юундаа байна вэ? Хэчнээн үзэгчийн суудалтай вэ?

-Дэлхийн стандартын хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон. Тайз нь 3х6 хэмжээтэй. Уран бүтээлчдийн хэсгээс шууд дээш өргөгддөг, тайз нь өөрөө бас доошилдог 2 лифттэй учраас хөгжмийн яамыг бий болгох боломжтой. Тайз нь бүхэлдээ лэд дэлгэц болох боломжтой болохоор хамгийн сүүлийн үеийн шоу тоглолтыг хийх төдийгүй сонгодог хэлбэрт оруулан сонгодог тоглолтыг ч тоглох боломжтой гэсэн үг. Техникийн хувьд хамгийн том үзүүлэлт бол акустик. Тайзнаас тоглож байгаа төгөлдөр хуурчийн тоглолтыг үзэгчийн хамгийн арын суудлаас ч чанга яригчгүйгээр сонсох боломжтой.Тэгэхээр энэ бол монголын анхны өндөр үзүүлэлттэй акустиктай заал юм. Нийт 1200 хүний суудалтай. Энэ танхимыг манай хамт олон Германы инженерүүд, хөгжмийн инженерүүдтэй хамтран бүтээн байгуулсан гэдгээрээ онцлогтой.

-Монголын үзэгчид сонгодог урлагт хандах хандлагын талаар та өөрийнхөө дүгнэлтийг хэлэхгүй юу?

-Сүүлийн жилүүдэд манай монголчууд сонгодог урлагийг үнэлэх үнэлэмж маш их дээшилсэн. Хүн бүр хүүхдээ багаас нь урлагийн сонирхолтой болгохын тулд төгөлдөр хуур, хийл гэх мэт олон төрлийн хөгжмийн зэмсэг тоглуулж сургаж байна.

-Яагаад заавал ийм өндөр хэмжээний уран бүтээлүүдийг сонгох болсон бэ?

-Дэлхийн түвшний өндөр ур чадвар, зохиол бүтээл ямар байдгийг манай үзэгчид үзээсэй, сонсоосой гэж бодсоны үүднээс төгөлдөр хуурчтайгаа ярилцаж байгаад зохиолуудаа сонгосон.Тэгэхээр энэ өдөр ирэх үзэгчид бол эдгээр бүтээлүүдийг анх удаа сонсох азтай үзэгчид болох юм. Энэ бүтээлүүдийг чадварлаг уран бүтээлчид өөрсдийнхөө ур чадварыг сорих гэж тоглодог. Эльмар Гасановын хувьд бол энэ бол тийм хүндрэлтэй асуудал байгаагүй. Мөн тоглолтонд уригдсан зочдын тухайд гэвэл монголд сонгодог урлагийг хөгжүүлэх чиглэлээр тодорхой бодлого барьж ажиллаасай гэдэг үүднээс нийгэм, улс төр, урлаг соёлын эрхэмүүдийг урисан байгаа.

-Та бүхний ажилд амжилт хүсье. Баярлалаа.

-Баярлалаа.

Я.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ