Утааны эх үүсвэрийн судалгааг хийж дуусгажээ

2014 онд Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо гэж байгаад татан буугдсан тэрхүү байгууллагын захиалгаар Агаар бохирдлын суурин эх үүсвэрийн бүртгэл тооллогыг мөн хийж байжээ. Ер нь сүүлийн жилүүдэд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр маш их төсөл хөтөлбөр хэрэгжиж их ч хөрөнгө төсөвлөсөн аж. Түүний нэг хэсэг бол сайжруулсан зуух юм. Ер нь Улаанбаатар хотын хэмжээнд гэр хорооллын айлууд ямар төрлийн зуух хэрэглэж байна, сайжруулсан зуухыг айл өрхүүд ашиглаж байна уу гэдэг талаас нь бүртгэл тооллого ч хийж байжээ.
Бүртгэлийг гэр хорооллын бүх айлуудын зуухных нь зургийг авч зориулалтын программдаа суулган тухайн айлаа GPS-дээ оруулсан байна. Энэ жишээгээр нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа уурын зуух ашигладаг аж ахуйн нэгжүүдийг ч мөн бүртгэх ёстой гэнэ. Харин утааны эх үүсвэрийн гурав дахь том хүчин зүйл бол цахилгаан станцууд. Эдгээр гурван эх үүсвэрүүдийн талаар судалгаа хийж мэдээллийн санг үүсгэх ажлыг дээрх төслийн багийн зүгээс хийж гүйцэтгэсэн байна.
Ажлын хүрээнд дараахь зүйлүүд ажиглагджээ. Нэгдүгээрт хэрэглээний хувьд дутагдалтай байна. Статистик баримтаар нийт 180 орчим мянган айлаар орно гэж төсөөлж байсан ч бодитоор 130-н мянга орчим айлаар орсон байна. Эзэнгүй айлууд таарах, ялангуяа зуны цагт хүмүүс амралт, зугаалгаар хөдөө, зуслан руу их явдаг. Мөн оюутнууд хотод өвөлжөөд зундаа нутаг буцдаг шүү дээ. Түүнчлэн нэг дор хэд хэдэн өрх амьдардаг ч галлаж байгаа эх үүсвэр нь нэг байх жишээтэй. Үүнтэй холбоотойгоор гал түлж утаа гаргаад амьдарч байгаа 130-аад мянган айлаар явжээ. Эдгээрээс 55 хувь нь буюу 65.1 мянга нь сайжруулсан зуух ашиглаж байна. 45 хувь нь буюу 52.2 мянган өрх нь уламжлалт хуучин зуухаа хэрэглэж байна. Зуухаа яагаад хэрэглэхгүй байна вэ гэж асуухад нэлээд хувь нь хөдөө явуулсан гэж байсан. Мөн хамаатан садандаа өгсөн гэсэн тайлбар өгч байсан. Зарим нь амбаартаа хадгалж байгаа гэсэн.
Төслийн ажилтнууд судалгааны ажил хийж байгаа болохоос мөрдөн байцаалтын ажиллагаа явуулаагүй болохоор зуух нь үнэхээр байгаа үгүйг үзье гэсэн шаардлага тавиагүй. Тийм эрх ч байхгүй аж.
Нийт 3017 айл болон аж ахуйн нэгж нам даралтын зуух ашигладаг гэсэн судалгаа мөн гарсан байгаа. 161 аж ахуйн нэгж байгууллага 100кВт-аас дээш хүчин чадалтай буюу усан халаалтын зуух /уурын зуух/ ажиллуулж байна. Энэ мэдээллүүдийг agaar.mn гэсэн сайтад байршуулжээ. Эхэндээ хүмүүс сайжруулсан зуухныхаа араас мөшгиж байна гэх байдалтай, өөрөөр хэлбэл, сайжруулсан зуухаа аваад борлуулсан ч юм уу бусад төрлөөр ашигласан айлууд ер нь дургүйцэх маягтай байсан. Иймэрхүү айлууд гэртээ оруулахгүй байх, хөөх зэрэг асуудал их гарсан. Мөн айлуудын хаягжилт тодорхойгүй, нохойд хөөгдөх гэх мэт аюулгүй байдлын үүднээс хүндрэлүүд гарч байжээ. Ерөнхийдөө судалгааны ажил маань дардан яваагүй, төлөвлөсөн хугацаанаасаа ч багагүй хугацаагаар хоцорсон байжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ