Сайжруулсан зуухны үнэ нэмэгдсэн гэж ойлгох нь буруу

2015 онд төсөвлөгдсөн 16.16 тэрбум төгрөгөөр сайжруулсан зуух авсан иргэдэд татаас олгох, сайжруулсан түлш тараахтай холбоотой тээвэр, агуулах, борлуулалтын зардлыг санхүүжүүлэх, Улаанбаатар хотын захын хорооллын халаалтын зуухнуудыг татан буулгаж хэрэглэгчдийг төвлөрсөн дулаан хангамжид холбох, цахилгаан эрчим хүчний хангамж сайжруулах ажлыг хийсэн.

Мөн хэт ачаалагдсан дэд станц, ЦДАШ-ын ачааллыг хөнгөвчлөх ажлуудыг санхүүжүүлэх, хийн түлшний хэрэглээг нэмэгдүүлэх, уламжлалт нүүрсний хэрэглээнээс татгалзах шинэ дэвшилтэд техник, технологи нэвтрүүлэх, агаарын чанарын суурин харуулын тоог нэмэгдүүлэх, агаар, ус, хөрсөнд хүнд металл тодорхойлох багаж хэрэгсэлийг суурилуулах зэрэг томоохон ажлуудыг санхүүжүүлж байна. Түүнээс гадна агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийг дэмжих сурталчлах зэрэг олон ажлуудыг дурьдаж болно. Цэвэр агаар сангийн 2015 оны төсвийн төлөвлөгөө, төсвийн зарцуулалтыг манай цахим хуудаснаас үзэж болно.

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2014 оны 6 дугаар тогтоолын дагуу нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдэд сайжруулсан зуух нийлүүлэхэд татаас олгох ажлыг Дэлхийн банкны санхүүжилттэй Улаанбаатар-Цэвэр агаар сантай хамтран хэрэгжүүлж байна. Анх 2013 оны аравдугаар сараас эхлэн энэхүү хамтарсан төслийг хэрэгжүүлж нийт 45 мянган ширхэг зуух тараах зорилт дэвшүүлсэн. 2014-2015 оны галлагааны улирал дууссаны дараах дүнгээр нийт 40307 ширхэг зуух тараасан байна. Зөвхөн 2015 он гэхэд 10824 ширхэг зуух тараахад 1.529 сая төгрөгийн татаас олгосон байна. Мөн Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар “Хүрд” ХК-ийн хэрэгжүүлсэн “Илч” зуухны нийлүүлэлт 2014 онд бүрэн дууссан бөгөөд энэ онд үлдэгдэл санхүүжилтэд 409.62 сая төгрөг олгоод байна.

Зуухны үнэ нэмэгдсэн гэж ойлгох нь буруу аж. Өнгөрсөн жил Дэлхийн банкны “Улаанбаатар- Цэвэр агаар” төсөл болон Цэвэр агаарын сангаас иргэдэд олгож байсан татаасын хэмжээ буурсан. Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2014 оны 6 дугаар тогтоолоор иргэдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, цааш цаашдаа дамлан худалдаалахыг зогсоох зорилгоор олгож байсан татаасын хэмжээг нэг зууханд 256 мянган төгрөг болгож бууруулсан юм. Энэ жилийн тухайд нэмж 5000 орчим сайжруулсан зуухыг иргэдэдолгохоор төлөвлөгдөж байна. Гэхдээ тус сангаас олгодог татаасын хэмжээ буурч иргэдийн төлөх мөнгө нь нэмэгдэнэ. Ер нь гэр хорооллын иргэдийг сайжруулсан зуухаар хангах төсөл, хөтөлбөр үүгээр дуусгавар болж байгаа гэж ойлгож болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ