УИХ-ын чуулганы хуралдаанаар Өршөөлийн хуулийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Өршөөлийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Эл хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үед УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг завсарлага авсан юм.

Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Н.Батбаяр Өршөөлийн хуулийг түргэн батлах хэрэгтэйг сануулаад, уг хуулинд УИХ-ын гишүүдэд аль ч заалт хамаарахгүй байхаар батлая гэсэн саналыг хэллээ.

Бусад гишүүд ч энэ хуулийг цаг алдалгүй батлах нь зөв гэдгийг дэмжиж байна. Гэхдээ 76 гишүүнд хамаатуулах эсэх тал дээр зарим гишүүд эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Өршөөлийн хууль 76-д үйлчлэхгүй гэдэг нь буруу. Захиргааны 19800 албан тушаалтан байгаа, дээр нь улстөрийн албан тушаалтан 1600 байгаа, энэ хүмүүсийг өршөөх юм уу. Ард иргэд таван заалтыг асуугаад байгаа. Хээл хахууль авсан хүнийг өршөөх юм уу, албан тушаалаа урвуулан ашигласныг өршөөх юм уу, хууль бусаар хөрөнгөжсөнийг өршөөх юм уу, төсвийн хөрөнгийг зориулалт бусаар ашигласан хүмүүсийг өршөөх юм уу. Энэ тав орохгүй юм, хамрагдахгүй юм гэдэг хариултыг өгөөч.” гэв.Мөн УИХ-ын гишүүн С.Бямбацогт “76-г өршөөхгүй гэж будилуулах хэрэггүй. Төрийн албан тушаалтан албаны байдлаа урвуулах эсэхийг одоо л кнопоороо шийднэ. Хууль бусаар хөрөнгөжих, төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулах кнопоороо шийдэх гэж энд цугласан. Тэртэй тэргүй төрийн захиргаанд ажиллаж байгаа 16000 хүн, улс төрийн албан тушаалтан 1900 хүн, бид бүгдэд хамааралтай. Саналаа өгөөд асуудлаа шийдье” гэсэн байр суурийг илэрхийллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ