Жишиг галт тэрэг үйлчилгээнд явж эхэллээ

Үйлчилгээ, тав тух муутай хэмээн шүүмжлүүлж ирсэн төмөр замын тээвэрт жишиг галт тэрэг анх удаа нэвтэрлээ. Караоке, бялдаржуулах өрөө, үнэгүй интернэт, гоо сайхны үйлчилгээ, захиалгат дуу хөгжим зэрэг иж бүрэн тохижилт бүхий галт тэргийг ачаалал хамгийн ихтэй УБ-ЗамынҮүд-УБ чиглэлд Монгол-Оросын хамтарсан УБТЗ Хувь нийлүүлсэн нийгэмлэг явуулж эхэллээ. 2015 оныг замын хэмжээнд “Тээврийн үйлчилгээний чанарыг сайжруулах жил” болгон зарласан. Мөн “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зорчигчдын тав тухтай аялах орчинг бүрдүүлэх тэдний хэрэгцээг хангах, үйлчилгээний чанарыг сайжруулахын тулд Замын даргын албан даалгавар гарч 2015.07.01-c эхлэн УБ-Замын–Үүд-УБ чиглэлийн 276/275-р галт тэргийг “Жишиг галт тэрэг” болгон аялуулж эхлээд байна. Энэхүү галт тэргийг аялуулснаар галт тэргэнд үзүүлэх үйлчилгээний чанар сайжрах, зорчигчдын аялах тав тухтай орчинг бүрдүүлэх зорилготой.

Зорчигчдын эрэлт хүсэлтийг бүрдүүлснээр бусад тээвэртэй өрсөлдөх чадавхийг бий болгох чухал ач холбогдолтой юм. Тус галт тэргийг аялуулахад замын захиргаа онцгой анхаарч вагоны үйлчлэгчийн дүрэмт хувцас, вагоны зөөлөн эдлэлийг шинэчлэх зэрэгт 93 сая төгрөгийн дэмжлэг үзүүлээд байна.
Вагон депогийн хамт олон өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан тус галт тэргэнд зорчигчийн аюулгүй зорчих нөхцлийг бүрдүүлж өгөх үүднээс нийтийн болон унтлагын вагоны дээд местэнд амарч буй зорчигчийг унахаас хамгаалсан хаалт, вагоны чиглэлийн самбар, суух дугаарыг шөнийн цагт гэрэлтэж харагддаг гэрэлтэгч материалаар хийж өгсөн. Мөн галт тэрэгний үйлчилгээний чанарыг сайжруулах, зорчигчийн вагоны үйлчлэгчийн ажлыг хөнгөвчлөх, стандартчилах зорилгоор зэхэлтийн бригадыг зохион байгуулан ажиллаж байна.

“Жишиг галт тэрэг” бусад галт тэрэгнээс юугаараа ялгаатай гэвэл захиалгат болон багц үйлчилгээнүүдийг явуулж байна. Захиалгат болон багц үйлчилгээнд жижиг илгээмж тээвэрлэх, мөнгө болон үнэт эдлэл хадгалах сейф үйлчилгээ, такси захиалга болон зочид буудал, амрах байр захиалах үйлчилгээ, эмнэлэгийн төлбөртэй болон төлбөргүй үйлчилгээ, вагон ресторанд караоке, маникюр, педикюр хийх үйлчилгээ, вагоны радио узелиэр дуу, мэндчилгээг захиалгаар явуулах, хүндэтгэл болон цэцэг хүргэлтийн үйлчилгээ, “захиалгат хоолны цэс”-ээр купендээ хоолны захиалгаа өгч, купендээ хоол хүргүүлэх үйлчилгээ, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тусламж үйлчилгээ, ачаа тээш зөөх үйлчилгээ, аялалын үед шаардагдах ахуйн хэрэгцээний бараа бүтээгдэхүүнээр үйлчлэх багц үйлчилгээ гэх мэт олон төрлийн үйлчилгээнүүдийг үзүүлж байна. Галт тэргэнд зорчиж буй зорчигч дээрх үйлчилгээний цэсийг ашиглан өөрийн хэрэгцээт үйлчилгээг сонгон тав тухтай аялах боломжтой юм.

Тус галт тэрэгний вагонуудад кабелийн телевиз тавьж, WiFi орчинг замын туршид тасралтгүй хэрэглэж болохоор ажиллаж байна.

Мөн нэмэгдэл тээшний вагоныг нэмж аялуулан зорчигчдын тээшийг гар дээрээс авч буух газар нь чөлөөтэй буулгах боломжийг бүрдүүлж өгсөн нь зорчигчдын талархлыг хүлээсэн томоохон үйлчилгээ болсон.

Цаашид Олон улсын болон дотоодын бүх галт тэргийг “Жишиг галт тэрэг” шиг болгох зорилттой байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ