Ясан дөрвөлж

Нэрт орчуулагч, хятад судлаач Б.Доржсүрэнгийн нийтлэлийг хүргэж байна.

"Хүйтэн уулын бичээс" сонгодог романы орчуулгыг хянан тохиолдуулж байх явцад олонтоо тааралдах язгуур монгол үгсийн заримаас толилуулж байгаа билээ. Орчин цагийн ярианы хэлэнд "Дөрвөн замын уулзвар" хэмээх үг байдаг нь угтаа буруу илэрхийлэл юм. Дөрвөн зам биш хоёр огтлолцсон зам гэдэг нь нялх балчир хүүхдэд ч ойлгомжтой хэрэг бус уу? Түүнийг эртний монгол хэлэнд тоонолжин замын бэлчир хэмээн утга төгс илэрхийлдэг байж.

Манай монгол хэл олон талаар эвдэрч байгааг дээр доргүй мэддэг, ярьж хэлдэг боловч засаж залруулах тал дээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний үр дүн ямархуу вэ гэдэг нь хэн бүхэнд тодорхой. Тэр дундаас ихэд анхаарууштай нэг асуудал бол үгсийн сангийн хомсдол мөн гэдэг нь ч маргаангүй.

Алтан ембүү, мөнгөн ембүүний ерөнхий нэрийдлийг "хишигт мөнгө" гэдэг байжээ. Ембүү бол угтаа 元宝 буюу "Юаньбао" гэсэн хятад үгийн дуудлага сунжирсан нэрийдэл юм л даа.

Хүйтэн уулын бичээс роман дээр "гүлмэгэр үхэр" гэсэн үг байхаар нь сурвалжилж үзвэл "усны үхэр", "одос үхрийг" эртний монгол хэлэнд тэгж нэрлэдэг байж. Гүлмийчихээд зогсож байдгийг нүдэнд харагдтал зурагласан байгаа биз.

"Ясан шоо", "Шоо орхих" гэж бидний хэлж заншсан утгыг эрт дээр үед өвөг дээдэс маань "Ясан дөрвөлж" хэмээн сайхан оноосон өөр нэрийдлээр илэрхийлдэг байж л дээ.

Улсын наадмын тунасан бөхчүүд удсан тохиолдолд "ясан дөрвөлж орхин" барьц сонгуулсаар удаж буй.

Би тэр болгоныг харах болгонд Гонконгийн мафийнхан мөрийтэй тоглоомонд өрсөлдөгчөө сөхрүүлэх гэж алсын удирдлагат ясан дөрвөлж зохион бүтээсэн тухай Хятадын хэвлэл дээр уншиж байсан маань дандаа санагддаг юм. Хэрвээ тийм алсын удирдлагатай ясан дөрвөлж нэгийг оруулаад ирэх бөгөөс улсын начин, заан тэр ч байтугай арслан аваргыг төрүүлэхэд нөлөөтэй байж мэдэх мэт.

Энэ хэдийгээр хөнгөн хошигнол боловч улс үндэстний чанартай том арга хэмжээнд тиймэрхүү сүүдэр тусах вий гэсэн болгоомжлол болохыг ойлгоно буй за.

Гонконгийн мафи гэснээс тэд нар гагц алсын удирдлагатай ясан дөрвөлж төдийгүй үнэр, амт, өнгөгүй мунхруулах бодис гаргасан нь бусад хүмүүсийн мөнгө хөрөнгийг салгах хүчтэй зэвсэг болдог гэсэн шүү. Тэр мансууруулах бодис залуу танхил үзэсгэлэнт охидын хувьд ч мөн халгаатай байж таарна.

Америкчууд адтай улс болохоор тийм шингэнтэй цай ундааг ялгах тусгай уруулын будаг гаргасан тухай сонссон уу? Тийм уруулын будагтай хурууг сэжигтэй шингэнд дүрэх төдийхөнд өнгө нь хувирдаг ажээ. Манай улсын гадаад харилцаа өргөжиж байгаа энэ цаг үед энэ мэт болгоомжлол сэрэмж хэн хүнд байхад илүүдэхгүй

СЭТГЭГДЭЛ БИЧИХ