Гоо сайхан ертөнцийг аварна гээд...

Дотоод гоо сайхнаас гадаад үзэмжийг илүүд үзэх цаг иржээ. Ф.М.Достоевский нэгэнтээ "Гоо сайхан ертөнцийг аварна" гэсэн байдаг. Чухам яаж аврах жорыг нь хэлж өгөөгүйгээс ихэнх эмэгтэйчүүд нэг бол будаг, эс бөгөөс хутга ашиглан ертөнцийг “аврах” аянд морддог байна. Ялангуяа Солонгос сериалын довтолгоо эхэлснээс хойш манайхан солонгос залуус, хүүхнүүдийг дуурайж, элдэв янзын мэс ажилбар их хийлгэдэг болжээ. Эрчүүд нь хүйс нь ялгарахгүй болж, эмэгтэйчүүд нь хэтэрхий хиймэл төрхтэй болж, даяаршил нэрийн дор үндэсний дүр төрх үгүйрэх цаг айсуй хэмээх айдас нүүрлэлээ. Гэвч үүнийг хүний эрхийн асуудал хэмээн хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Тэгвэл өөртөө таалагдах гэж элдэв мэс ажилбар хийлгэснээс болж насан туршийн эмгэнэлд өртөх вий гэдэг нэг аюул бий. Сүүлийн үед манай улсад энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд олширч байгаа бөгөөд чухам бид эмчилгээний болон гоёлын гоо заслыг ялгаж салгаж ойлгодог эсэх нь эргэлзээтэй.

Гол нь эдгээр газруудын зааг ялгааг иргэд сайтар ойлгож, сонголтоо зөв хийж үйлчлүүлэх нь зүйтэй гэдгийг мэргэжлийнхэн зөвлөж байна.

Эмчилгээний гоо заслын газар нь тусгай зөвшөөрлийн хүрээнд ажлын байрны эрүүл ахуйн нөхцөл, тоног төхөөрөмж, эмнэлгийн мэргэжлийн боловсон хүчний хангалт, халдвар хамгаалал, аюулгүй ажиллагаа, ажиллагсадын эрүүл ахуйн шаардлагыг холбогдох стандартын дагуу хангасан нөхцөлд үйл ажиллагаа явуулдаг.

Гоёлын гоо заслын газар нь арьсыг гэмтээх үйлчилгээ үзүүлэхгүй. Зөвхөн гоёлын будалт, арьс зөөлрүүлэх иллэг, хөмсөг, сормуус наах, будах, чимэглэх, мөн хумс засах, будах, чимэглэх зэрэг үйлчилгээг энэхүү чиглэлээр сургалтанд хамрагдаж, эрх бүхий байгууллагаас мэргэжлийн үнэмлэх авсан ажиллагсад хийнэ. Гоёлын гоо заслын газарт тусгай зөвшөөрөл авах шаардлага байхгүй.

Эмчилгээний гоо засал хийлгэснээс болж аливаа эрсэлд өртсөн талаарх мэдээллүүд мэр сэр чих дэлсэх болсон. Тухайлбал, нүүрний хэсэгт суулгасан алтан утас нь арьсыг нь цоолон гарч ирсэн гэх мэдээлэл нэлээд шуугиулсныг та санаж байгаа биз. Тэр ч бүү хэл хөмсөг шивүүлэх, шүд янзлуулах зэрэг мэс ажилбараас болж элэгний вирусийн халдвар авсан ч тохиолдлууд байна. Энэ талаар иргэд ярьж хэлдэг ч мэргэжлийн байгууллагуудад хандах нь ховор бололтой.

Иймд үйлчлүүлэгчид эмчилгээний гоо сайхны чиглэлээр үйлчилгээ авахдаа сонголтоо зөв хийж эрсдлээс өөрийгөө хамгаалж, эмнэлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, арьс гоо заслын чиглэлээр мэргэшсэн эмнэлгийн мэргэжлийн боловсон хүчнээр хангагдсан газарт хандаж үйлчлүүлэхийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас анхааруулж байгаа юм. Мөн аливаа гомдол саналаа холбогдох байгууллагуудад цаг тухайд нь мэдэгдсэнээр бусдыг ч бас эрсдэлд учруулахаас урьдчилан сэргийлэх боломжтой.

Манайд эмчилгээний гоо заслын эмнэлэг тун ховор. Харин гоёлын гоо заслын үйлчилгээ эрхэлдэг газар эмчилгээний гоо засал буюу наад захын хөмсөг, контур, уруул шивэх зэрэг үйлчилгээ үзүүлэх явдал элбэг байдаг. Тиймээс эрэлт ихтэй ч энэ төрлийн асуудлыг нэг тийш цэгцлэх цаг нь болсон төдийгүй иргэд өөрсдийн эрүүл мэнддээ анхаарах үүднээс зөвшөөрөлгүй газраар үйлчлүүлэхгүй байх нь нэн чухал болоод байна.

Гоо сайхнаар ертөнцийг аврах гээд өөрийгөө ч, өрөөлийг ч мөхөлд хүргэх вий дээ та минь.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ