П.Жимсээ: С.Сэрчмаагийн нөхөр Баярыг таних ч үгүй

"Таван эрдэнэ” хэмээх гайхалтай дууны нэрээр нийтийн дууны нэгэн төлөөлөл болсон дуучин Пүрэвжавын Жимсээтэй ярилцлаа. Дуучин бүсгүй тун удахгүй “Таван эрдэнэ” нэртэй бие даасан тоглолтоо хийхээр болжээ.
- Юуны өмнө ярилцах урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Ярилцлагаа таны төрж өссөн нутаг ус, хүүхэд насны хүсэл мөрөөдөл, гэгээн дурсамжаас эхэлье.
- Бидний ярилцлагыг уншин суугаа нийт уншигчиддаа энэ сайхан өдрийн мэндийг хүргэж байна. Миний хүүхэд нас Увс аймагт өнгөрсөн л дөө. Ер нь аав ээж хоёр маань хоёулаа урлагийн хүмүүс байсан. Аав Увс аймгийн Малчин суманд төрсөн Магсарын Пүрэвжав гэж хүн бий. Ээж маань Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн Сосорын Даваажав гэж хүн байсан. Би Увс аймгийн төвд төрсөн. Монгол түмний нэгэн адилаар малчин хэмээх ховорхон хувь заяаны эзэн болж мэндлээд хүүхэд насаа малчны хот болон урлагийн тайзнаа л өнгөрүүлсэн дээ. Би тавдугаар ангиасаа эхлээд Монголын хүүхдийн ордонд хөгжмийн зохиолч СТА С.Ганчимэг багшийнхаа удирдлага нь дор дуулаачийн дугуйланд явж эхэлсэн. Тэнд сурч байхдаа олон арван тэмцээн уралдаанд оролцож байлаа. Хамгийн гоё нь “Харшийн сүлд модны наадам”-д жил бүр л 10 гаруй хоног хонон өнжин бэлдэж байгаад ордог байсан тэр үе их гоё байсан. Тэгээд 81 дүгээр сургууль буюу “Ирээдүй цогцолбор”-т 10-н жилээ сурч төгсөөд СУИС-д элсэн орж СУИС-ийн дэд профессор, МУГЖ О.Ичинхорлоо багшийн удирдлага нь дор дуурийн дуулаачийн ангид сурч 2007 онд төгссөн.
-Таны анхны уран бүтээлийн талаар сонирхоё. Ямар бүтээл байв?
- Анх СУИС-д нэг ангид хамт сурч байсан хоёр найзтайгаа хамтраад “Vertose” гээд хамтлаг байгуулаад “Миний ээж тэмээчин”, “Вансэмбэрүү” гээд сайхан дуунуудыг гурван хоолой салган дуулж байлаа. Тэгээд 2007 оноос эхлэн бие даан уран бүтээл туурвиад Найданжавын шүлэг Баянмөнхийн аялгуу “Хайрын бороо” хэмээх дуугаа дуучин Эрдэнэбаатартай хамтран дуулсан. Түүний араас хөгжмийн зохиолч МУСГЗ Л.Балхжавын аяалгуу, сэтгүүлч, яруунайрагч МУСГЗ Ш.Гүрбазарын шүлэг “Өмөөрөх эх орон” гээд гайхалтай дууг дуулсан маань сонсогч түмэнд маань ихэд таалагдсан бүтээл болсон юм даа.
-Оюутан байхдаа “Виртуоз” хамтлагт дуулж байсан гэсэн. Яагаад тарчихав аа? -2004 оны сонгуулиар Хэнтий аймаг руу ангийнхаа Болорцэцэг гэдэг охинтой хамт сар гаран явсан. Тэгж явж байхдаа хамтлаг байгуулья гэдэг санаагаа найздаа хэлж ангийн найз Иринатай гурвуулаа “Виртуоз” хамтлагаа байгуулсан. Анхны уран бүтээл “Миний ээж тэмээчин” дуу байсан. Тэгээд сар гаран явж олсон мөнгөөрөө энэ дуугаа Анир студид бичүүлж, Элсэн тасархайд клипээ хийлгээд цацаж байлаа. Тухайн үедээ бид гурваас нэлээн их хүч, цаг зав, мөнгө гарч энэ уран бүтээл минь бүтсэн. Бүтэн сар гаран хөдөлмөрлөж хийсэн болоод ч тэр үү их чанартай болсон. Энэ дууны хөгжмийн зохиолч Сангидорж гуай ч тухайн үед маш сайн дуулсан байна гэж бидэнд урам хайрласан. Үүнд нь урамшаад Вандан Дуламсүрэн хоёрын “Вансэмбэрүү” дууг дуулж клипжүүлсэн. Одоогоор би бие даан уран бүтээлээ хийж байна.
- Та “Таван эрдэнэ”-ийн Жимсээ гэгдэх болж. Энэ дууг яагаад дуулчихав аа?
- Би дууны найруулгаа манай урлагийнхны нэрлэдгээр Арзак Төрөө ахаар хийлгэдэг. Гэтэл нэг өдөр надад “Таван эрдэнэ дууг хэн сайн дуулах вэ гэсэн бэсрэг наадам явагдаж байна. Уг нь яг чиний өнгө тембэрт тохирох дуу шиг санагдаад байна. Чи очиж шалгуулаач” гэж зөвлөсөн. Ингээд би уг дууны зохиолч Лувсандорж агсны том хүү Дуурсах гуай дээр очиж шалгуулаад тэнцэж, албан ёсоор дуулах эрхийг нь авсан. Энэ уран бүтээл дээрх санхүүгийн бүхий л асуудлыг шийдэж өгсөн Дуурсах ахдаа маш их баярлаж явдаг гэдгээ хэлмээр байна. Би бага байхын энэ дуугаар өглөө сэрж хичээлдээ явдаг байлаа. Тэгээд энэ дууг нэг сайхан сэргээж дуулна гэж бодож явсан. Гэтэл яг жилийн дараа миний энэ багахан мөрөөдөл маань санамсаргүй биелсэн. Тийм болохоор би өөрийгөө азтай гэж боддог шүү. Ямар ч гэсэн өөрийнхөөрөө хичээж дуулсан. Ингэж л “Таван эрдэнэ”-ийн Жимсээ болсон доо.
-Хуучны дууг сэргээж дуулах нь шинэ дуу дуулахаас хэцүү биш үү? Анхны дуучнаас сайн дуулахгүй бол болохгүй?
- Санал нийлж байна. Үнэндээ хуучны дууг сэргээж дуулах нь маш том хариуцлагатай ажил. Тухайн дууг анх дуулсан уран бүтээлчээс илүү гаргаж дуулахгүй юм бол дуулаад ч хэрэггүй. Тиймээс би энэ дуугаа цацахаасаа өмнө хэд хэдэн мэргэжлийн хүмүүст сонсгож, маш сайн болсон байна гэсэн талархал ч хүлээсэн. “Таван эрдэнэ” дуу Монголын радиогийн сүлд дуу шүү дээ. Дуугаа цацсаны дараа Лхагвадаш захирал уулзаад “Миний дүү энэ дууг өмнөх дуучнаас нь дутахааргүй сайхан дуулж, хүмүүст хүргэлээ. Маш их баярлалаа” гэж баяр хүргэсэн. Өмнө нь энэ дууг хилийн цэргийн гавьяат дуучин Тунгалаг эгч дуулсан юм билээ. Нэг удаа Тунгалаг эгчтэй нэг уулзах гэтэл тэр үеэр бие нь жаахан тааруу байсан болохоор чадаагүй. Ер нь нэг өдөр сайхан хадаг сүү бариад очиж золгож хүндлэл үзүүлнэ гэж бодож байгаа.
-Уг нь та дуурийн дуулаачаар төгссөн гэж байсан. Гэтэл яагаад нийтийн дуу руу орчихов. Болсон болоогүй зохиолын дуучид гэж их ярих болсон шүү дээ?
-Би боддог. Яг Жавхлан Баясгалангийн үед гарч ирж байсан дуучид чанартай байсан юм болов уу гэж. Одоо ч чанартай дуучид байгаа л даа. Гэхдээ тэр үеийг бодвол хэн дуртай нь, мөнгөтэй нь дуулдаг болж. Сүүлийн үед ганц дуу хүргэж амжаагүй байж тоглолтоо хийдэг, болсон болоогүй билетээ энд тэнд шахдаг мода дэлгэрээд байгаа нь үнэн. Би ганц дуугаар од бологсод гэсэн нэрэнд үнэхээр өртмөөргүй байна. Намайг тогтолтоо хийх үед миний тоглолтын үзэгчид маань үнэхээр Жимсээг сонсох дуртай, дууг минь сэтгэл зүрхээрээ мэдэрдэг үзэгчид байгаасай гэж хүсдэг. Сүүлийн үед хэсэг дуучид зөвхөн шагнал урамшууллын төлөө явдаг болчихож. Тэр медаль энгэр дээр гялалзах нь чухал уу ард түмэн тэр дуучныг хүлээн зөвшөөрөх нь чухал уу гэдгийг ойлгохгүй байх шиг. Миний хувьд анх СУИС-д орж байхад Жамьяанжав багш “Чиний хоолой ийм задгай юм чинь уртын дууны ангид орвол яасан юм” гэхэд би өөрөө дурласаар дуурийн ангид орж байлаа. Хэдийгээр дуурийн ангийг төгссөн ч энэ чиглэлээр уран бүтээл хийгээгүй ч нэгэн цагт би хийнэ.
-Чанарын хойноос явсаар мөнгө, алдар нэр гэдэг зүйлээс жаахан холдчихов юм биш үү?
- Үгүй ээ. Авах үедээ авна аа. Би СТА аваад зүүчихдэг. Хүмүүс танихгүй байвал ёстой ичгэвтэр зүйл болно биз дээ. Тийм учраас би шагнал урамшуулалд ерөөсөө яардаггүй. Хамгийн гол нь би ард түмнийхээ зүрх сэтгэлийг олон сайхан уран бүтээлээрээ эзэмдэхийг л хүсдэг.
- Таныг дуучин Сэрчмаагийн нөхөр Баярттай амрагийн холбоотой болж CD-гээ ивээн тэтгүүлсэн гэж ярих юм билээ?
- Тийм зүйл болоогүй. Би тэр хүнийг таних ч үгүй. Харин өвөр монгол хөгжмийн зохиолчтой хамтарч уран бүтээл хийж байсан. Тэрнийг хүмүүс буруугаар ойлгосон юм болов уу. Хөгжилтэй нэг зүйлийг ярихад зарим нэг хүмүүс намайг Өвөр монгол дуучин гэж бодсон гэсэн. Нэрнээс минь болоод.
-Таны уран бүтээлд хуучны сэргээж дуулсан дуу нэлээд байдаг. Ийм дуучдыг бусдын бэлдэж өгсөн хоолоор амьдарч байна гэсэн шүүмжлэл их дагалддаг?
- Хуучны дууг сэргээж дуулахыг би буруутгадаггүй. Уран бүтээл гэдэг чинь мөнх шүү дээ. Эргээд тэр мартагдсан аялгууг сэргээж, ийм уран бүтээл байсан юм шүү гэдгийг залуу үеийнхэндээ мэдрүүлж, хүргэж байгаа нь тийм муу хэрэг биш байх аа. Тэр хүмүүсийг бэлэн зүйлээр хоол олж идэж байна гэж хэлж болохгүй л дээ. Би Дарханы хэмээн овоглогддог Энхбат агсаны уран бүтээлийг багаасаа сонсож ирсэн. Тэр хүнийг маш их хүндэлдэг. Тэр дундаа “Цэцэгчний хүслэн” дуу нь үнэхээр гайхалтай. Тиймээс энэ дууг би өөрийнхөөрөө дуулж цомогтоо оруулсан. Удахгүй дүрсжүүлнэ гэж бодож байгаа. Мөн Пүрэвсүрэн ахын “Зүрхний уянга” гэдэг сайхан дууг дуулж ард түмэнд хүргэсэн. Үүнийг сонсогчид маш гоё хүлээн авч дуулах дуртай болсон байна билээ.
-Залуу уран бүтээлчдэд санхүүгийн асуудал их чухал байдаг. Ялангуяа залуу царайлаг эмэгтэй дуучид үүнээс болоод хэн нэгний хараат болох, улмаар баян эрчүүдийг сонгоход хүрдэг гэсэн яриа бий. Таны хувьд олны танил эрхмүүдтэй нэр холбогдох нь хэр их вэ?
- Анх уран бүтээл хийж гарч ирэхэд санхүүгийн асуудал яригддаг нь үнэн л дээ. Үүнийг би тойроогүй. Дайраад л гарсан. Ийм асуудал зарим эмэгтэй дуучдад тулгардаг л байх. Миний хувьд цэвэр өөрийнхөө хөдөлмөрөөр уран бүтээлээ хийгээд явж байна. Бас гэр бүлийнхэн, нутаг орныхон маань тусалж дэмжинэ. Яахав дээ энд тэнд дуулаад явж байхад ивээн тэтгэе. Холбоотой байя, энэ тэр гэсэн санал зарим нэг хүмүүс тавьж л байдаг. Тэр болгонд эвтэйхэн татгалзаад явуулдаг.
- Манай дуучид өөрсдийн ханшаа тогтоосон байдаг. Та ямархуу ханштай дуулж байна?
- Уран бүтээл хийж хөдөлмөрлөж байгаа юм чинь тодорхой хөлс авалгүй л яахав. Манайханд бас эрэмбэ гэж бас нэг зүйл байгаа шүү дээ. Түүндээ тааруулаад ер нь боломжийн үнэтэй, алтан дундажийг бариад л явна даа.
- СУИС-ын нэг ангид сурч байсан найзуудаас нэрлээч?
- Манай ангийхан бараг ихэнх нь мэргэжлээрээ ажиллаад, уран бүтээлээ туурвиад явж байна. Ньюанс хамтлагийн дуучин СТА М.Боргилчулуун, Шуранхай хамтлагийн дуучин СТА Д.Үүрийнтуяа, СТА Г.Эрдэнчимэг, СТА М.Отгонгэрэл, МУСТА Б Мөнхбаяр нар байна. Түүнчлэн манай ангийн Нямдорж гээд гайхалтай дуучин залуу Италийн театрт дуулж байна. Ер нь тэгээд сайн сайн уран бүтээлч залуустай нэг ангид сурч төгссөндөө их бахархалтай явдаг даа.
- Уран бүтээлч бүхэнд уран бүтээлийн дотны анд нөхөр, хамтрагч гэж байдаг. Таны хувьд хэнийг хэлэх вэ?
-Би өөрийгөө үнэхээр азтай уран бүтээлч гэж боддог. Учир нь монголын сор болсон олон сайхан яруу найрагч, хөгжмийн зохиолчидтой хамтран нилээдгүй уран бүтээл туурвиж чадсан. Тэднээс нутгийн ах болох хөгжмийн зохиолч МУСТА Б.Пүрэвсүрэнг ихэд хүндэлж явдаг. Бид хамтраад 10 гаруй дуун дээр ажилласан байдаг. Тэр ч утгаараа “Таван эрдэнэ” хэмээх миний анхны цомогт Б.Пүрэвсүрэн ахын маань 5 дуу орсон.
-Сүүлийн үед нийтийн дуучдын ихэнх нь Увс нутгаас гаралтай байх юм. Нутгаараа бахархах сэтгэлээ хуваалцаач?
- Яахын аргагүй миний нутгаас урлаг спортын олон сайхан алдартнууд төрөн гарсан байдаг нь бахархууштай. Миний нутгийн уул усны сайхан энерги, буян заяа энэ олон сайхан хүмүүсийг ивээж төрүүлэн гаргадаг юм боловуу хэмээн бодож нутгийн уул усаа ихэд шүтэж явдаг. Ер нь дан ганц миний нутаг ч гэлтгүй монгол орны маань аль ч аймаг сум тэр аяараа л гайхам сайхан шүү дээ. Би монгол хүн болж төрсөн дөө үнэхээр бахархаж явдаг.
-Таны уран бүтээлийн сан ер нь хэдий хэр болсон байна. Анхны цомгийн талаараа яриач?
-2004 оноос эхлэн уран бүтээлээ туурвиж эхэлсэн гэхээр бараг арван жил болох гэж байна. Энэ хугацаанд нийт 40-өөд уран бүтээлтэй болжээ. Тэдгээр дуунуудаасаа хамгийн ихээр ард түмэнд хүрсэн 15 дууг багтаасан “Таван эрдэнэ” хэмээх дуугаараа нэрлэсэн анхны цомгоо өнгөрсөн онд гаргасан. Үнэхээр ард түмний маань сонсох дуртай олон сайхан уран бүтээл орсон болохоор их эрэлттэй байгаа. Цомгоо дахин хэвлэлтэд явуулсан. Одоо цомгоороо нэрлэсэн тоглолтоо ирэх сард хийхээр бэлтгэл ажил гээд явж байна даа.
- Тоглолтоо яагаад “Таван эрдэнэ” хэмээн нэрлэх болов?
-“Таван эрдэнэ” дуу миний амьдрал, уран бүтээлтэй салшгүй холбоотой. Намайг олонд таниулж өгсний зэрэгцээ олон гайхалтай уран бүтээлүүдийг араасаа дагуулсан булган сүүлтэй дуу. Энэ дууг дуулсны дараахан МҮОНТ-ийн бүтээл болох “Амьдрал чиний төлөө” хэмээх 70 ангит киноны дуу “Амьдрал жаргалын дуулал” гээд гайхалтай дууг дуулж амьдруулсан. Монголын ард түмний, бас миний ээжийн дуулах дуртай шүтээн дуун байсан юм. Ээж маань хоёр жилийн өмнө бурхан болсон л доо. Тэгээд амьд сэрүүн байхдаа надад, “Миний охин анхны цомог болон тоглолтоо “Таван эрдэнэ” гэж нэрлээрэй. Энэ дуу миний охины хоолойд үнэхээр сайхан зохисон. Энэ дуундаа их хүндэтгэлтэй хандаарай” гэж хэлсэн. Тиймээс би анхны цомог, тоглолтоо энэ сайхан дуугаараа нэрлэсэн.
-“Таван эрдэнэ” тоглолтод ямар уран бүтээлчид оролцох бол?
- МУСГЗ Л.Балхжав, МУУГЗ Ш.Гүрбазар, МУУГЗ Г.Мэнд-Оёоо, МУУГЗ Ч.Сангидорж, МУСТА Б.Пүрэвсүрэн, МУСТА Т.Найданжав, МУСТА Л.Төмөрбат, МУСТА Н.Баянмөнх нарын хөгжим, яруу найргийн олон олон алдартнуудын өөрийнхөө дуулж амьдруулсан нийт бүтээлүүдээс шилдэг хэмээн үзэж буй хит болсон дуунуудаасаа түүвэрлэн дуулна. Түүнчлэн миний тоглолтод Монгол улсын “Ятгын чуулга”, бүжгийн “Хатан туул” хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно. Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “Намир” продакшн ажиллаж байгаа. Ерөнхий ивээн тэтгэгчээр “Торгон хийц” ххк, Ивээн тэтгэгчээр “Оргилон дэлгэрэх ус” ххк, тоглолтын хувцасыг маань “Сондор салон”-ы чадварлаг хамт олон урлаж байгаа. Эдгээр хүмүүст чинь сэтгэлээсээ баярлалаа гэж хэлмээр байна. Тоглолт ирэх тавдугаар дугаар сарын 01-нд “Монгол бөхийн өргөө”-нд 19:20 минутаас ганцхан удаа болно. Энэ дашрамд сонирхуулахад тоглолтоо 19:20 минутаас хийнэ хэмээн зарласан нь учиртай. Эрхэм үзэгчид маань миний тоглолтод ирээд учрыг нь ойлгоно бизээ.
- Бидний ярилцах урилгыг хүлээн авсан танд уран бүтээлийн өндөр амжилт хүсэн ерөөе. Баярлалаа.
- Баярлалаа. Уран бүтээлч бидний мэдээ мэдээллийг уншигч түмэнд хүргэж байдаг эрхэм сэтгүүлч та бүхний ажилд өндөр амжилт хүсье. Монголын ард түмэндээ ирж буй урин цагийн адил сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Б.Бурам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ