Хүнс, хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлэх шинжлэх ухаан, технологийн төслийн нэрс тодорлоо

Шинжлэх ухаан, технологийн Үндэсний зөвлөлийн хуралдаан зохион байгуулагдлаа.

Тус хуралдаанаар шинжлэх ухаан, технологийн салбарын үйл ажиллагааны талаарх товч мэдээлэл, Шинжлэх ухаан, технологийн сангийн үйл ажиллагааны тайлан болон ирэх хоёр жилд салбар тус бүрт хэрэгжүүлэх шинжлэх ухаан, технологийн төслөөр шийдвэрлүүлэх асуудлуудыг хэлэлцлээ. Хүнс, хөдөө аж ахуйн яамны шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөлөөс Засгийн газрын 2014 оны 301 дүгээр тогтоолоор батлагдсан “Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам”-н дагуу тус салбарт шинжлэх ухаан, технологийн төслийн хүрээнд шийдвэрлүүлэх шаардлагатай асуудлуудыг тодорхойлон дэвшүүлсэн бөгөөд тус асуудлуудыг шинжлэх ухаан, технологийн Үндэсний зөвлөлийн хуралдаанаар хэлэлцээд, Хүнс, хөдөө аж ахуйн салбарт:
2015 оноос эхлэн:
1. “Зооноз гельминт, эгэл биетнээр үүсдэг өвчинтэй тэмцэх дэвшилтэт арга боловсруулах”
2. “Завханы улаан сармис (Allium sativa) болон Алтайн сонгины (Allium altaicum) вирусгүй булцууг гарган авах, тарималжуулах”
3. “Уламжлалт болон өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний химийн найрлага, физик-химийн шинж чанар, хүнс-тэжээл, эрүүл ахуйн аюулгүй байдлын үнэлгээний олон улсын стандарт, аргачлалыг нутагшуулах, мэдээллийн сан бүрдүүлэх”
4. “Сэлгээнд тариалах, шинэ төрлийн жижиг үрт ашигт ургамал тариалах механикжсан технологи боловсруулах”
5. “Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд ээлжлэн тариалалтын сэлгээний янз бүрийн хувилбарт үүсэх хөрсний элэгдэл эвдрэл, үржил шимийн өөрчлөлтийн хандлага, хөрс хамгаалах арга хэмжээний загвар боловсруулах”
2016 оноос эхлэн:
1. “Монголын хүн амын хүнсний бодит хэрэглээ “
2. “Мах-өөхний чиглэлийн гахайн шинэ хэвшлийн сүрэг бий болгох” Ι үе
3. “Экологиос хамааралтай мал, амьтны өвчин, эмгэгийн оношлогоо, эмчилгээний технологи”
4. “Хучлага бүхий технологи дахь таримлын сэлгээ”
5. “Үйлдвэрлэлийн нөхцөлд зарим таримлыг хамгаалах цогц аргад тулгуурлан технологи боловсруулах”
6. “Зохицуулах үйлчилгээ бүхий 3 бэлдмэлийн технологийн судалгаа” зэрэг асуудлуудыг шинжлэх ухаан, технологийн төслийн хүрээнд шийдвэрлүүлэхээр тогтлоо.
Үндэсний зөвлөлийн хуралдааны шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг Засгийн газрын 2014 оны 301 дүгээр тогтоолоор батлагдсан “Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам”-н дагуу Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж, төслийн гүйцэтгэгч нарыг сонгон шалгаруулахаар боллоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ