4,000 лифтний тал хувь нь ашиглалтын зөрчилтэй байжээ

МХЕГ, Барилгын Хөгжлийн Төв болон бусад холбогдох төрийн байгууллагууд хамтран өнгөрсөн хоёр сарын хугацаанд улсын хэмжээнд нийт 4,000 гаруй цахилгаан шатанд үзлэг тооллого хийж цахилгаан шатны техникийн болон ашиглалтын аюулгүй байдалд хяналт шалгалт тавьсан байна.

Үзлэг шалгалтын үеэр цахилгаан шат угсралтын болон ашиглалтын аюулгүй байдлын эсрэг нилээд зөрчил илэрчээ. Нийт үзлэгт хамрагдсан лифтний тавиас илүү хувь нь ашиглалтын зөрчилтэй гэдэг нь тогтоогдсон бөгөөд үүнтэй холбоотойгоор энэ салбарт тулгамдаад байгаа асуудлуудыг шийдвэрлэх зорилготойгоор МХЕГ, Барилгын Хөгжлийн Төв хамтран “Лифтний туршилт, шинжилгээ, үзлэг тооллогын судалгааны өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга зам” сэдэвт сургалт хэлэлцүүлгийг өнөөдөр эхлүүллээ.

Лифт угсралтын болон ашиглалтын шинэ дүрэм боловсруулах гэж байгаатай холбогдуулан лифтний ээлжит болон бүрэн хэмжээний магадлагааг гаргах арга замыг шинэчлэх, түүнд ямар өөрчлөлтүүд шаардлагатай байгааг тодруулах зорилготой энэхүү хэлэлцүүлэгт МХЕГ, болон Барилгын Хөгжлийн Төвөөс хэд хэдэн саналыг дэвшүүллээ.

Үүнд:

  1. Лифт угсралтын зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд лифтний техникийн заавар бүхий техникийн картыг ашиглаж хэвших
  2. Лифт угсралтын зөрчил илрүүлэлтэнд анхаарч ажиллах
  3. Лифтний угсралтын болон ашиглалтын аюулгүй байдлын магадлагааг тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд өөрсдөө бие даан гаргаж, мэргэжлийн байгууллагуудаас ирэх шалгалтанд зориулж нэгдсэн байдлаар тайлан бэлдэж байх
  4. Аж ахуйн нэгжүүд өөрсдийн гэсэн хяналтын тусгай багтай болж, түүгээрээ мэргэжлийн магадлагаа гаргуулж хэвших

Манай улсад лифтний салбар үүсч хөгжөөд арван жил болж байгаа ч лифтний аюулгүй байдлын нэгдсэн хяналт сул, тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд өөрсдийн угсарсан лифтэндээ эргээд тодорхой хугацаагаар хяналт тавьдаггүй, өөрийн оронд лифт үйлдвэрлэх санхүүгийн боломж бололцоо дутмагаас болж лифт эзэмшигчдийн зүгээс ирэх санал гомдол буурахгүй байгаа гэж үздэг юм байна. Мөн шалгалтын явцад ажиглагдсан зөрчлийн дийлэнх хувь нь барилга угсралтын үед гарсан алдаа буюу барилгын алдаатай зурагнаас үүдэлтэй лифт угсралтын зөрчлүүд байгаа нь лифт угсралт, ашиглалтын явцад тулгамдаж байгаа асуудлуудыг бүр барилгын угсралтын шатнаас нь эхлэн өндөр хяналтан дор зохион байгуулах шаардлагатай байгааг харуулж байна.

МХЕГ-ын өрх механизмын газрын ахлах мэргэжилтэн П.Дашдаваа "Лифт ашиглалтын аюулгүй байдлыг СӨХ бүрэн хариуцаж ажиллаж чадахгүй байгааг түүний хуримтлалгүй байдал, СӨХ-дуудын хоорондын үл ойлголцол болон тэдгээрийн санхүүгийн асуудлуудтай нь холбон шүүмжлэлтэй хандаж байгаа бөгөөд цаашид лифт засварчдын зан суртахууны төлөвшилд анхаарч ажиллах шаардлагатай байгааг дурдлаа. Мөн МХЕГ Барилгын Хөгжлийн Төвтэй хамтран улсын хэмжээний нийт лифтийг дугааржуулж, цахим системд оруулж түүгээрээ дамжуулан хяналтыг хялбарчлах санаачлага гарган ажиллаж эхлээд байна.

МХЕГ, Барилгын Хөгжлийн Төв, СӨХ-ын дээд зөвлөл, холбогдох төрийн бус байгууллагууд, аймгуудын мэргэжлийн хяналт, газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын төлөөллийг оролцуулсан уг хэлэлцүүлэг энэ сарын 4-ний өдөр эцсийн байдлаар дүнгээ гаргаж танилцуулах юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ