140 ортой хүүхдийн эмнэлгийг ашиглалтад оруулжээ

Эрүүл мэндийн долдугаар төвийн барилгыг засварлаж, тоног төхөөрөмжийг шинэчлэн 140 ортой хүүхдийн эмнэлгийг шинээр ашиглалтад орууллаа.
Тус эмнэлэг нь Баянгол дүүргийн хэмжээнд 0-16 насны 73 мянга гаруй хүүхдэд хоёр дахь шатлалын эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэх юм. Харин хүүхдийн эмнэлгийн мэргэжилтэн, боловсон хүчнийг 2013 оноос хойш тусгайлан бэлтгэсэн бөгөөд шинээр 50 эмчийн орон тоо нэмэгджээ.
Тус эмнэлэгт оношлох, эмчлэх, сэргээн засах чиглэлээр хүүхдийн яаралтай түргэн тусламжийн кабинет, өсвөр үед ээлтэй клиник, нарийн мэргэжлийн таван төрлийн тусламж үйлчилгээ үзүүлэх кабинет ажиллах аж. Түүнчлэн, дотор, зүрх судас, шүд, рентген, чих хамар хоолой, физик эмчилгээ, арьс, харшил, лаборатори, эхо зэрэг эмнэлгийн үйлчилгээг үзүүлэх юм байна.
Мөн Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд “Хүүхдийн амбулатори” барихаар шав тавьсан билээ. Энэ бүтээн байгуулалтын нээлт маргааш болж, гэр хорооллын алслагдсан дүүргийн хүүхдүүд эмнэлгийн тусламж үйлчилгээ авах боломж нээгдэж байна.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ