Цогцсуудыг таниулах ажиллагаа үргэлжилж байна

ОХУ-ын иргэний агаарын тээврийн “Когалым авиа” компанийн Airbus A321 онгоцны сүйрлийн шалтгааныг тодорхойлохоор мэргэжилтнүүд ажиллаж байна. Онгоцны хоёр хар хайрцаг олдсон тул ослын шалтгааныг тогтоох нь цаг хугацааны асуудал хэмээн албаныхан мэдээлээд байгаа.

Ажиглагчид онгоцны сүйрлийн шалтгааныг янз бүрээр таамагласаар байгаа. Агаарын тээврийн “Когалым авиа” компанийн санхүүгийн байдал сүүлийн саруудад муудсан, цөөхөн онгоцуудтэй, тэднийгээ маш шахуу олон чиглэлд ашигладаг, засвар үйлчилгээ муу хийдэг байсныг албаныхан тогтоосон.

Тиймээс энэ сүйрэл техникийн шалтгаантай хэмээн Оросын талаас илүүтэй таамаглаж байгаа юм. Мөн Египетийн Ерөнхий сайд Шериф Исмайл “Синайн хойгийн ойролцоо үйл ажиллагаа явуулдаг Исламын улс бүлэглэлийн болон бусад хэт даврагсдын зүгээс 9000 метрийн өндөрт нисэж яваа онгоцыг сөнөөх зэвсэглэл байхгүй тул энэ нь алан хядагчдын үйлдсэн хэрэг гэж ойлгох аргагүй юм” хэмээн мэдэгдээд байгаа.

Өчигдрийн байдлаар зорчигчдын цогцсуудын эхний хэсгийг ОХУ-д авчирч эхэлсэн. Улмаар цогцсуудыг таних ажиллагаа эхлээд байгаа юм. Мөн сүүлийн үеийн мэдээгээр аврагчид ослын газраас тус онгоцны хамгийн бяцхан зорчигч 10 сартай Дарина Громова охины цогцсыг онгоцны их биеэс найман километрийн зайд шидэгдсэн байхыг олж, албаны хүмүүст хүлээлгэн өгсөн аж. “Охин чихмэл туулайгаа маш чанга тэвэрсэн байсан” хэмээн аврах албаны нэгэн ажилтан “AFP” агентлагт ярьжээ.

Арван сартай охины амьдралын сүүлийн мөчүүдийг харуулсан нэгэн гэрэл зураг олонд дэлгэгдсэн юм.Охины ээж Татьяна Громова бяцхан охиноо нисэх буудлын цонхоор харж буй мөчийг гар утсандаа авч улмаар жиргээнд оруулсан байна. Гэхдээ аравхан сартай бяцхан охин онгоцны ослын ганцхан хүүхэд байсангүй. Онгоцонд нийт 217 зорчигч байсны 25 нь насанд хүрээгүй хүүхдүүд байсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ