Шатахууны үнийг нэмэхгүй

Өчигдрөөс эхлэн шатахууны үнэ өснө гэх мэдээлэл сошиал ертөнцөөр цацагдаж эхэлсэн. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл бол олон нийтийн санаа бодлыг чиглүүлж, нийгмийн хандлагыг хөдөлгөх хүч болдог. Тиймээс аливаа мэдээллийг урьдчилан харж, туйлшруулан дүгнэлт хийснээс нийгэмд ямар үр уршиг бий болохыг анхаарах хэрэгтэй.

Шатахууны үнийн асуудлын тухайд Сангийн сайд Б.Болор тайлбар өгсөн. Тэрээр шатахууны үнийг нэмэх бус онцгой албан татварыг нэмнэ гэсэн юм. Өөрөөр хэлбэл, нефтийн үнэ нэлээд өндөр байх үед манай улс энэ төрлийн татварыг тэгэлсэн. Харин түүнээс хойш өнөөдрийг хүртэл нефтийн үнэ 2 дахин буурсан бөгөөд импортлогч компаниуд дотооддоо борлуулах шатахууны үнээ буулгалгүй нэлээд ашигтай ажилласан нь мэдээж. Тиймээс нэгэнт шатахууны үнээ буулгахгүй нь тодорхой тул онцгой албан татварыг нэмсэнээр улсын төсөвт багагүй хэмжээний мөнгө хуримтлагдах боломжийг хэрэгжүүлэхээр болсон аж.

Гэхдээ үүний үр дагаварт хэсэг хугацааны дараа импортлогч компаниуд "ашиггүй ажиллах боллоо" гээд шатахууны үнийг дахин нэмэх магадлалтай гэж үзэж байгаа юм. Одооноос иргэдэд нэмнэ гэсэн ойлголтыг өгчихсөн болохоор тэдэнд ингэж хэлэхэд асуудал байхгүй болно. Уг нь энэ төрлийн мэдээллийг олон нийтэд сөрөг талаас нь мэдээлснээс огт мэдээлэхгүй байх нь илүү ач холбогдолтой. Үгүй юм аа гэхэд, урьдчилан таамаглалгүй, цаг тухайд нь бодит мэдээллийг иргэддээ хүргэж байхгүй бол туйлшрамтгай монголчуудын зуршлаар сенсаци дэгдэж, хямарч яваа ард түмнээ элгээр нь нам хэвтүүлэх вий.

"Нэмнэ" гэсэн сургаар л өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хаддаг бичигдээгүй хууль манайд бий. Ер нь цалин, тэтгэвэр, тэтгэмжийг өсгөх, шатахуун зэргийн үнийг нэмэх талаар тэр бүр олон нийтдээ зарлаад байдаг манайх шиг улс орон цөөхөн гэдэг. Учир нь үүнийг дагаад ард түмэн л хохирдогийг бид олон жил харж байгаа. Харамсалтай нь энэ талаар бид хэлэлцэж, ярилцдаг ч биелэх нь үгүй юм даа.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ