Bank of China-гийн асуудал яригдана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн БНХАУ-д хийх төрийн айлчлал эхлээд байгаа. Айлчлалын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-ын дарга Си Зиньпин нар албан ёсны хэлэлцээ хийх бөгөөд Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян, Бүх Хятадын АТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дөзян нар манай Ерөнхийлөгчид бараалхах юм.

Монгол, Хятад хоёр улсын харилцаа сүүлийн жилүүдэд өргөжиж, өндөр түвшинд хүрч байгааг талууд онцолдог. Үүнийг өнгөрсөн жил БНХАУ-ын дарга манайд айлчилсан болон хоёр улсын төрийн тэргүүн таван удаа уулзалт хийсэн, харин энэ онд энэ удаагийн айлчлалтай нийлээд дөрөв дэх удаагаа уулзаж байгаагаар дүгнэж болно.

Энэхүү айлчлалын гол үр дүнг өнгөрсөн жил БНХАУ-ын дарга Си Зиньпин манай улсад айлчлахдаа амласан нэг тэрбум долларыг авч ирэх нь хэмээн манай хэвлэлүүд бичиж байна.

Харин өмнөд хөршийн хэвлэлүүдэд нийтлэгдэж байгаа Ерөнхийлөгчийн айлчлалыг дагасан мэдээлэлд Тавантолгойн төсөл болон Монгол Улсад “Хятадын банк”-ны салбар нээгдэх талд нааштай үр дүн гарч болох юм хэмээн тоймлон бичиж байна.

Үүнийг өмнөд хөршөөс манай улсад суугаа Элчин сайд Шин Хаймины ярилцлага ч баталж байна. Тухайлбал Шин Хаймин ярилцлагадаа “Хятад, Монгол хоёр улс уул усаар холбогдсон байгалийн сайн хөрш, сайн найз, бас сайн түнш юм. Уянгат мод нь байвал уран жигүүртэй ангир шувуу нь өөрөө ирж буудаг хэмээх Хятадын зүйр үг бий. Жинхэнэ сайн төсөл байвал найдвартай хөрөнгө оруулалт байхгүйгээс санаа зовох хэрэггүй, төслөө эхлүүлснээр Монгол Улсын дэд бүтэц, ажил эрхлэлт, ашигт малтмалын бүтээгдэхүүнийг боловсруулах зэрэг асуудлыг яваандаа шийдвэрлэх болно. Миний бодлоор Тавантолгой төсөл хоёр улсын хамтын ажиллагааны үлгэр жишээ болох бүрэн боломжтой, бас үлгэр жишээ болох ёстой.

Энэ завшааныг ашиглан би санхүүгийн хамтын ажиллагаа, ялангуяа Хятад банк \Bank of China\ Монголд салбар нээх талаар ярих гэсэн юм. Одоо Монгол Улсын эдийн засаг, нийгэм тасралтгүй хөгжих, Хятад, Монгол хоёр тал Торгоны зам болон Талын замын санаачлагыг уялдуулан хөгжүүлэхэд Тавантолгой шиг сайн төсөл хэрэгтэй байна. Харин сайн төсөлд бас хөрөнгө оруулалт хэрэгтэй. Хятадад ийм нэг мэргэн үг бий, “гэртээ будаатай бол санаа зовох хэрэггүй” гэж. Монгол Улсын өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдалд Хятад банк шиг найдвартай, нэр хүнд бүхий томоохон санхүүгийн байгууллага орж ирэх нь Монгол Улсын бүтээн байгуулалт, дунд жижиг үйлдвэрийн хөгжил болон Хятад, Монголын томоохон төслийн хамтын ажиллагаанд найдвартай санхүүжилт авчрах бөгөөд Монголын эрх ашигт бүрэн нийцэж байна. Хоёр талын хамтын чармайлтын дор Хятад банк Монгол Улсад салбар нээх асуудлаар ойрын хугацаанд эерэг ахиц гарна гэж найдаж байна” хэмээн ярьсан байна.

Шин Хаймин Ерөнхийлөгчийн айлчлалтай холбогдуулан Бээжин ниссэн бөгөөд түүний сэтгүүлчдэд ярьснаас үзвэл энэ удаагийн айлчлалаар Bank of China Монголд үйл ажиллагаа эхлүүлэх асуудлыг өндөр түвшинд хөндөх бололтой.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ