Мөнгөний бодлогыг хэлэлцэж, чуулган завсарлалаа


УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэнхуралдааны эхэнд Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Нийгмийн халамжийг дэмжих хөтөлбөр”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай асуудлыг хэлэлцэж 84.5 хувийн саналаар дэмжсэн. Энэхүү асуудлын дараа Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолыг хэлэлцсэн юм.
Энэхүү асуудлыг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүд дараах хэлэлцүүлгийг хийсэн юм.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Мөнгөний ханш сулраад байна. Бүхий л бүтээгдэхүүний 90 шахам хувийг гаднаас авч байгаа энэ үед монгол мөнгөний худалдан авах чадвар муудаж, ард түмний байдал туйлын хүнд байна. 2012 онд валютын 4.5 тэрбум ам.доллар байсан бол энэ онд 1.5 хүрэхтэй үгүйтэй нөөц үлдсэн гэсэн үнэн үү. Валютын нөөц багассанаас БНХАУ-аас багагүй хэмжээний своп хэлэлцээр хийсэн гэсэн. Ингэж хэлэлцээр хийх нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх бус уу. Төрөөс мөнгөний талаар баримталдаг бодлого нь олон жил буруу явснаас өнөөдөр эдийн засаг ийм байдалд хүрчихээд байна. Эдгээр асууудалд хариулт өгнө үү” гэсэн юм.
Энэхүү асуултад Монголбанкны Ерөнхийлөнхийлөгч Н.Золжаргал “Одоо байгаа валютын нөөц бол хангалттай байгаа. Эдийн засагт үүсээд байгаа хүндрэл нь уул уурхай, манай улсад орж ирж байгаа валютын урсгал багассантай холбоотой гэж тайлбарласан нь дээр байх. БНХАУ-аас авч байгаа своп хэлэлцээр нь хоёр улсын хоорондын итгэлцэл дээр явж байгаа” гэсэн юм. Мөн УИХ-ын дарга З.Энхболд “Зээлээ өгсөн БНХАУ санаа зовохгүй байхад Б.Бат-Эрдэнэ гишүүн санаа зовоод хэрэггүй” гэж нэмж тайлбарлалаа.
Улсынхаа валютын нөөцийг БНХАУ-аас свопоор зээл авч хангадаг улс хаана ч байхгүй, манайх энэхүү зээлээ буцаагаад төлж чадахгүй, эдийн засгийн өсөлтийг 4 гаруй хувиар тооцож байгаа ч Дэлхийн банкнаас эдийн засгийн өсөлтийг 0.6-0.8 хувь байна гэж үзэж байгаа вэ, арилжааны банкуудын өнөөгийн нөхцөл хир байгаа зэрэг асуултыг хуралдааны үеэр Монголбанкны Ерөнхийлөгчөөс асууж байсан юм.
Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал “БНХАУ-аас авч байгаа своп хэлэлцээр бол үр дүнтэй байна гэж олон байгууллага дүгнэсэн. 2010 оноос энэхүү своп хэлэлцээрийг хэрэгжүүлж эхэлсэн. Эдийн засгийн өсөлтийн хувьд хийж байгаа тооцооллууд нь огцом хөдөлдөг. Эдийн засгийн өсөлт буурч байхад банзуудаас олгож байгаа зээлийн чанар муудах нь ойлгомжтой” гэлээ.
“Арилжааны банкууд зээл олголтоо зогсоогоод байна.Арилжааны банкуудын нөхцөл байдал ямар байгаа вэ” гэж УИХ-ын гишүүн Я.Содбаатар лавласан юм.
Энэхүү асуултад Эдийн засгийн байнгын хорооны дарга Я.Батсуурь “Арилжааны банкуудын зээл олголт буурч байгаа. Чанаргүй зээлийн хэмжээ өссөн ч дампуурлын ирмэгт байгаа банк байхгүй” гэх хариултыг өгч байна.
Мөн хурлын үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт мөнгөний бодлогод тус намын байр суурийг уншиж танилцуулан “Банкны систем хямралд орох эрсдэл өндөр байгааг онцгой анхаарах хэрэгтэй. Гадаад өр хурдтай нэмэгдэж байгаад анхаарлаа хандуулах. Төв банкны тухай хуулийн эрхзүйн тухай хуулийг чангатгаж Монгол банкны Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хумих хэрэгтэй зэрэг санал” байгааг дуулгасан юм.
Ийнхүү хэлэлцүүлэг дуусч, санал хураалтыг 14.00 цагт үргэлжлэн хуралдах чуулганы хуралдаанааравна гэж УИХ-ын дарга З.Энхболд мэдэгдсэнээр түр завсарлалаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ