Ё.Отгонбаяр яагаад ZTE-тэй нэр холбогдов

Дэлхийд харилцаа холбооны чиглэлээр тэргүүлдэг ZTE компанийн тухай монголчууд үе үе гадаад мэдээнээс сонсож байснаас цаашгүй. Дэлхийн нэлээд тооны улсуудын засгийн газар түүний дотор АНУ хүртэл орж ZTE компанитай шүүхдэлцэж, улс орныг нь харилцаа холбооны техникээрээ дамжуулан тагнаж чагнасан дуулианууд бидний сонорт хүрч байлаа. Тэгвэл цэнхэр бөмбөрцөгт өрнөж байгаа үйл явдлуудаас муу юмаараа нэг их хоцроод байдаггүй манай улстөр, эдийн засгийн хүрээнийхэн ZTE компанитай хэдийнэ холбогдож, шүүхийн хаалга татах дээрээ тулаад амжжээ.

Тус компани “Монголын харилцаа холбооны нэгдсэн сүлжээг өргөтгөх” тендерийг 45 сая ам.доллараар авахаар зүтгэж улмаар энэ бизнестээ манай улстөрчид болон тэдний гар хөл болсон албан тушаалтнуудыг ашигласан нь илрээд байгаа.

Өнөөдөр манай нийгэмд дуулиан дагуулаад байгаа өч төчнөөн хэргүүдийн нэг болох ZTE-гийн хэрэгт УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд асан Ё.Отгонбаярын нэр холбогдож эхэллээ. Манай улсын харилцаа холбооны сүлжээг бүхэлд нь урд хөршийн томоохон компани эзэгнэх тендерийг өвөртлөхөд сайд асан маань багагүй дэмжлэг үзүүлж байсан бололтой.

Өчигдөрхөн АТГ-аас мэдээлснээр бол энэ хэрэгт Ё.Отгонбаяр төдийгүй Үндэсний татварын ерөнхий газрын хэлтсийн дарга Ч.Гансүх ч мөн холбоотой, үүрэг оролцоотой ажилласан гэлээ.

Ё.Отгонбаяр Боловсролын сайдаар ажиллаж байх үедээ тус компанийн зарим нэг тоног төхөөрөмжийг эрх мэдлийнхээ хүрээнд шахсан байдаг аж. Хятадын хөрөнгө оруулалттай компани яагаад Монголын энэ том төслийг ногоон гэрлээр авав гэсэн асуултын хариулт нь удахгүй тодрох биз ээ. Одоогоор ZTE компанийн Монгол дахь төлөөлөгчийн газрын ажилтнуудыг байцааж байгаа ч энэ хэргийн цаад сэжим нь яалт ч үгүй томоохон албан тушаал, эрх мэдлийг гартаа атгасан хүмүүстэй холбоотой болж таараад байгаа юм байна.

Хуулийнхны анхаарлыг татаад байсан ZTE компанид санхүү, татварын шалгалтыг Ч.Гансүх гардан хийж байжээ. Өөрийн хүү болоод аав Чинбат нарын, мөн өөрийн дансаар нийт 20 гаран тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн, хадгаламж байршуулсан энэ байдлын цаана ганц ZTE ч биш өөр компаниуд ч байх магадлалтай юм. Ямартай ч Авлигатай тэмцэх газар энэ асуудлыг үргэлжлүүлэн шалгаж байгаа гэнэ. Авлигатай тэмцэх газрынхны мэдээлж байгаагаар татварын олон тэрбум төгрөгийг нуун дарагдуулсан Үндэсний татварын ерөнхий газрын хэлтсийн дарга Ч.Гансүх мөн энэ хэрэгт холбоотой болж таарч байгаа гэнэ. Татвартай холбоотой асуудлаар түүнд шалгалт хийж, мөрдөн байцаалт явуулах үеэр түүний гурван данстай болох нь нэгэнт тогтоогджээ. Энэ гурван дансанд нь 20 орчим тэрбум төгрөг эргэлдсэн байсныг илрүүлээд байна.

Н.Дорж

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ