МАН-д нэг цагийн завсарлага өглөө

УИХ-ын чуулганы хуралдаан 10:20 цагт эхлэв. Хуралдааны эхэнд Монгол Улсын 2016 оны төсвийн тухай Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Гишүүд Эрүүл мэнд спортын яамны төсвийн багцаас дотоодод тэмцээн уралдаан зохион байгуулах төсвийг 200 сая төгрөг хасах саналыг дэмжсэн юм.
Төсвийн урсгал зардлыг нэмэгдүүлэх 25 санал гарсантай холбоотойгоор бүх шатны шүүгчийн цалин хөлсийг бууруулахгүй, Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт орохгүй байх саналыг дэмжлээ. Мөн сангуудыг хэвээр үлдээж, МҮОНРТ-д олгож байгаа зардлыг 2,6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх саналыг, түүнчлэн ноосны урамшууллын зардлыг 10 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхийг дэмжлээ. Худалдан авах ажиллагааны газрыг татан буулгахгүй байх, Газрын тосны газрыг Ашигт малтмалын газартай нэгтгэхгүй байх үүднээс гурван тэрбум 36.5 сая төгрөгийг төсөвт нэмж суулгах санал хураалт тус тус дэмжигдлээ.
УИХ-ын гишүүд санал хураах асуудалтай холбоотой асуулт тавьж, үг хэлэх санал гаргасан. Энэ нь Дэгийн тухай хуулийг зөрчиж байна гэсэн тайлбарыг УИХ-ын дарга З.Энхболд хэлсэн. Тиймээс УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Төсвийн хоёрдугаар хэлэлцүүлэг явж байхад үг хэлүүлэхгүй байна. Тиймээс МАН 5 хоног завсарлага авлаа” гэв.
УИХ-ын дарга МАН-ын бүлэгт завсарлага өгөх үү үгүй юу гэдэг дээр санал хураах горимын санал гаргасан юм. Энэ үед гишүүдийн ирц хангалтгүй байсан учраас санал авах боломжгүй болж МАН-д нэг цагийн завсарлага өглөө.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ