МАН-ын бүлгээс хэвлэлийн хурал зарлалаа

Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан 52.6 хувийн ирцтэй эхэлсэн юм.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцэж зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулав.

Төсвийн байнгын хорооны хуралдаанаар дэмжсэн орлого бууруулах саналын хүрээнд явуулсан санал хураалтын шатанд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын төсвийн багц дахь Хүүхэд харах үйлчилгээний зардлыг 5.587.6 сая төгрөгөөр бууруулах саналыг хуралдаанд оролцсон гишүүд 68 хувийн саналаар дэмжих боломжгүй гэж үзсэн тул зардлыг хуучин хэвээр төсөвт үлдээв. Түүнчлэн бүх төсвийн ерөнхийлөн захирагчийн сургалт, семинарын зардлыг 50 хувиар буюу нийт 638.9 төгрөгөөр, Аж үйлдвэрийн яам, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Барилга, хот байгуулалтын яам, Эрчим хүчний яамны олон улсын хурал, зөвлөгөөн зохион байгуулах арга хэмжээний зардлыг бүхэлд нь буюу нийт 391.8 сая төгрөгөөр, Эрүүл мэнд, спортын сайдын төсвийн багцын дотоодод тэмцээн уралдаан зохион байгуулах арга хэмжээний зардлыг 200.0 сая төгрөгөөр бууруулах зэрэг саналууд дэмжигдлээ.

Мөн урсгал зардал нэмэгдүүлэх саналын хүрээнд, төрийн өндөр болон улс төрийн, төрийн захиргааны албан хаагчийн цалинг одоогийн түвшнээс бууруулахгүй байх, үүнтэй холбогдуулан цалин хөлстэй холбоотой урсгал зардлыг 16.376.3 сая төгрөгөөр нэмэгдүүлэх, бүх шатны шүүхийн шүүгчийн цалин хөлсийг одоогийн түвшнээс бууруулахгүйгээр Улсын Их Хурлаас тогтоох, үүнтэй холбогдуулан урсгал зардлыг 7.460.7 сая төгрөгөөр, Монголын үндэсний олон нийтийн радио, телевизэд улсын төсвөөс олгох санхүүжилтийг 2.600.0 сая төгрөгөөр нэмэгдүүлэх зэрэг саналуудыг дэмжлээ.

Зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураах явцад Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээс хэлэлцэж буй асуудлаар 5 хоногийн завсарлага авах горимын санал гаргасан юм. МАН-ын бүлгээс хүссэн завсарлагыг өгвөл Төсвийн тухай хуулийг хугацаанд нь батлах хуулиа зөрчинө гэдгийг хуралдаан даргалагч хэлсэн. Ингэснээр МАН-ын бүлэгт нэг цагийн завсарлага өгсөн юм.

Харин УИХ дахь МАН-ын бүлгээс 14:30 цагтцаг үеийн асуудлаар "Б" танхимд хэвлэлийн бага хурал зарлалаа.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ